| | USD/MNT 0₮

Томчуудын буруутай үйлдлээс болж хүүхдүүд амиа алдсанд ХЭН хариуцлага хүлээх вэ

Дайн дажингүй энх цагт эх орны минь ирээдүй болсон бяцхан үрс томчууд бидний хариуцлагагүй хайнга байдлаас эрүүл мэнд, амь насаараа хохирсон харамсалтай хэргүүд өнгөрсөн найман жилүүдэд олон гарчээ. Өчигдөр гэхэд өсвөр насны дөрвөн хүүхэд тогтоол усанд амиа алдсан харамсалтай хэрэг гарав.

Хүүхдийн амь алдсан асуудалд хэн хариуцлага хүлээх ёстой вэ. Холбогдох удирдлагууд нь арьсаа  хамгаалсан тайлбарыг өчигдөр орой хийв. Төрийн томчуудын буруутай үйлдлээс болж хүүхдүүд эндэж, амиа алдаж байсан харамсалтай хэргүүдийг бичиж байна.

Баримт 1

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд 8-12 насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарлаа.

Баримт 2

Найман  жилийн өмнө есдүгээр сарын 3-ны энэ өдөр хичээлээ тараад ээж, дүүтэйгээ хөтлөлцөн гуравдугаар эмнэлгийн баруун талд явж байсан Б.Есүгэн охины дээрээс барилгын бетон зуурмагийн хоолой унаж амь насыг нь хохироосон харамсалтай  хэрэг гарсан. Энэ хэрэгт хэн хариуцлага хүлээв.

Баримт 3

2012 онд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн бариулж байгаа “Рапид харш” орон сууцны барилга дээрээс кран унаж 18 настай эрэгтэй амиа алдав.

Баримт 4:

2014 онд “Тэнгис” кино театрын зүүн урд талд “Эко констракшн”-ы барилга барихдаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс барилга дээрээс тулгуур төмөр унаж оюутан харамсалтайгаар амиа алдсан. Энэ хэрэгт ямар хүмүүс хариуцлага хүлээсэн бэ.

Баримт 5

2018 оны зугадугаар сарын 18-нд Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн талбайн хаалганд 11 настай хүү даруулж амь насаа алдав. Ойр орчимд нь сургуулийн талбайгаас өөр тоглох газар байхгүй тул тэр хавийн хүүхдүүд тэнд тоглож, өдрийг өнгөрүүлдэг байжээ.

Баримт 6

Есөн настай хүү гэрийнхээ ойролцоо буюу Сүхбаатар дүүргийн VII хороонд байрлах эмийн сангийн хажууд тоглож байгаад мөн л зуурдаар, бас харамсалтайгаар амиа алдав. Хөөцөлдөж явсан хүү "Эко шинэс" эмийн сангийн хаалганаас барьснаар тогонд цохиулан амиа алдсан.

Гэх мэтчилэн дандаа томчуудын буруутай хайхрамжгүй хариуцлагагүй үйлдлээс болж хүүхдүүд амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирч байжээ. Хүүхдэд ээлгүй халтай төрийн эмгэнэл энэ юм.

Дээрх 2012 онд гарсан хоёр золгүй ослын үед Хотын даргаар Э.Бат-Үүл ажиллаж байжээ. Тэрбээр тухайн үед хариуцлага хүлээж, хариуцлага хүлээх ёстой алба хаагч нарт хариуцлага хүлээлгэж байсан уу. Тухайн үед барилга байгууламж дээр хяналт тавьж ажиллах ёстой байсан Мэргэжлийн хяналтын дарга нар ч юу хийсэн бэ. 

Өчигдрийн золгүй хэрэгт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, “Хан талст” компанийн удирдлага Ш.Бат-Энх болон түүний эхнэр И.Нарантуяа, тухайн газарт газрын зөвшөөрөл олгосон Э.Бат-Үүл, удаа дараа шаардлага хүргүүлээд байхад арьсаараа хамгаалж байсан АТГ-ын дарга асан Н.Ганболд тэргүүтэй хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Эдгээр хүмүүсээс дөрвөн хүүхдийн амийг нэхнэ.

Эдгээр хүмүүсийн мэргэжлийн биш үйл ажиллагаанаас болж мэргэжлийн ажил явуулаагүйгээс болж амиа алдлаа, үнэхээр харамсалтай.

Ядаж тэнд тийм том цүнхээл байдаг гэдгийг мэддэг байсан бол хэдэн ээж очоод шаардахад хэдхэн өдрийн дотор аюулгүй болгочихож яасан бэ.  Тэдэн онд тэдэн удаа тийм тоо мэдэгдэл хүргүүлсэн, манай харьяа биш гээд арьсаа хамгаалаад суухаасаа ичихгүй байна уу.

Хаана байна тэр аюулгүй хот, хаана байна тэр мэргэжлийн байгууллагаар хянуулсан аюулгүй орчин. Хоорондоо цаас шидэхээс илүү бодит зохицуулалт хийсэн бол өнөөдөр дөрвөн хүүхдийн гарз хохирол гарахгүй байх байсан.

Хүүхдүүдийн амь тасарч байхад хүртэл новшийн улстөр хийдэг ямар гээчийн чулуужсан зүрхтэнгүүд вэ. Элдэв арга хэмжээнд очиж тууз хайчлахдаа эрээн мяраан болтлоо гоёж очдог хотын удирдлагууд эмгэнэлтэйгээр амиа алдсан эдгээр хүүхдүүдийн ар гэрийнхнээс уучлалт гуйхыг шаардаж байна.

 

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд 8-12 насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарлаа.
Нийгэм

Сэтгэгдэл (43)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.