| | USD/MNT 0₮

Л.Мөнхтүшиг:Сөүлээс 1820, Японоос 1278 иргэн ирэх хүсэлтээ гаргаад байна

УОК-ийн Шуурхай штабын өнөөдрийн хурал дээр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ.

Тэрбээр “УОК, Засгийн газрын шийдвэрээр гадаадад байгаа иргэдээ шат дараатайгаар татан авч байна. Өнөө өглөө гэхэд агаарын замаар 170 иргэн ОХУ-аас ирсэн. Мөн Алтанбулагийн боомтоор оюутан, залуучуудыг татан авах ажиллагаа хийгдэж байна.

Өнөөдөр, маргааш гээд 594 оюутан орж ирнэ гэсэн тооцоо бий. Тэднийг нэвтүүлсэний дараа төмөр замаар тусгаарлах байруудад хүргэнэ. 594 оюутанд энгийн сургуулийн оюутнууд, мөн Хууль зүйн яамны харьяа шугамаар суралцдаг 244 сонсогч бий.

Өнгөрсөн хугацаанд ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй байсан 3000 гаруй иргэдээс иргэдийг ийнхүү шат дараатай авсаар байна.

Өнгөрсөн хугацаанд 30 улсаас иргэдээ татан аваад байна. Монгол Улс дэлхийн улс орнуудтай харьцуулахад иргэдээ татан авах ажиллагааг харьцангуй сайн зохион байгуулж байгаа гэж хэлж болно.

Энэ чиглэлээр буюу иргэдээ татан авсан орнуудыг өөрийн улстайгаа харьцуулсан. Ингэхдээ хүн амын амын тоотой нь уялдуулсан гэдгийг тодотгоё. Ингэхэд манай улс Герман улсын дараа эрэмбэлэгдэж байна. Гадаадад байгаа иргэдийн нөхцөл байдал хүндэрч, ирэх хүсэлтээ илэрхийлсэн иргэд олон бий. Энэ тухай мэдээллийг Элчин сайдын яамдаараа дамжуулан авч байгаа. Өнөөдрийн байдлаар Сөүлээс 1820 иргэн ирэх хүсэлтээ гаргасан бол Токиогоос 1278 иргэн хүсэлтээ гаргасан.  

Мөн иргэд гадагшаа зорчих талаар Гадаад харилцааны яаманд их хандаж байгаа. Тэр дундаа Хятад руу зорчих хүсэлт их гаргадаг. Хэдийгээр урд хөршид дотооддоо халдвар намжсан ч гадаадаас зөөвөрлөгдөн орж ирж байна. Иймээс гадаадаас ирэх зорчигчдод тавих хяналт өндөр байгаа. Өөрөөр хэлбэл, гадаадаас зорчигч хүлээж авахгүй байх онц дэглэм мөрдөгдөж байна. Тиймээс иргэдэд хандаж урд хөр рүү зорчих боломжгүй гэдгийг хэлье.

Түүнчлэн Солонгос руу зорчих хүсэлт мөн ихх ирж байна. Тус улс байнга оршин суух эрхтэй иргэдийг л нэвтрүүлж байгаа. Иймээс хилээр гарахаас өмнө Солонгосын гадаадын иргэн харьяатын газраас зөвшөөрөл аваагүй бол дахин явах боломж бас алга байгааг онцлон хэлье” гэлээ.

 

Өнөөдрийн байдлаар Сөүлээс 1820 иргэн ирэх хүсэлтээ гаргасан бол Токиогоос 1278 иргэн ирэх хүсэлтээ гаргасан.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.