| | USD/MNT 0₮

Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хэрэгт оролцсон Г.Доржзодовын үйлдэл, оролцоонд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгана

Нийслэлийн ИТХ-ын дарга, МАН-ын даргаар ажиллаж байсан Ц.Сандуй, “Их Монгол хаад” компанийн захирал А.Ганбаатар нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийгээд прокурорын хяналтад буцааж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэлээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс прокурорт буцаасан уг хэргийг анхан шатны шүүх өнгөрсөн сарын 29-нд хүлээн авч, өчигдөр хэлэлцэж, шүүгдэгч Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийг буруу тусгаарласан, шүүх хурлаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл үүссэн гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр болсон байна. Эх сурвалжуудын мэдээлснээр тэдэнд холбогдох хэрэгт хамтран оролцсон Г.Доржзодовын үйлдлийг буруу тусгаарласан гэж шүүх үзсэн аж.

МАН-ын гишүүнчлэлээс хасагдаж, өдгөө Монголын ногоон намаас УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж буй Ц.Сандуйг “60 тэрбум”- ын гэх тодотголтой, Сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн, зохион байгуулсан гэм буруутай хэмээн анхан шатны шүүхээс 2019 оны аравдугаар сарын 31-нд дөрвөн жил хорих шийтгэж байсан юм. Ц.Сандуй, А.Ганбаатар нарт НПГ-аас 2002 оны Эрүүгийн хуулийн 82.1 дэх хэсэгт заасан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.3-т заасан “Гэмт хэрэг үйлдэхийг гардан зохион байгуулсан, үйл ажиллагааг нь чиглүүлж удирдсан гэж буруутгаад өдгөө мөрдөж буй 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7-1 дэх хэсэгт заасан бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон. Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гэмт хэргийн сэдэлт, зорилгыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй, анхан шатны шүүх хуралд гэрчээр оролцсон Г.Доржзодовын үйлдэл, оролцоонд гэмт хэргийн шинж байгаа эсэх, мөн хамтран ажилласан, үгүйг шалгах, прокуророос Г.Доржзодовт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэх ёстой гэсэн үндэслэлээр хэргийг НПГ-т буцаасан билээ.

Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хэргээс Г.Доржзодовыг тусгаарласан нь буруу гэж үзэв
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.