| | USD/MNT 0₮

Зам тээврийн ослын улмаас амиа алдагсдын тоо БУУРАХГҮЙ байна

Сүүлийн үед зам тээврийн ослын улмаас амиа алдах тохиолдол өссөөр байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулсаар буй. Энэ долоо хоногт л гэхэд зам тээврийн ослын шинжтэй 705 дуудлага хүлээн авсан бөгөөд ослын улмаас 21 хүн гэмтэж, долоон хүн амь насаа алджээ. 

Тэдгээрээс цухас дурдвал, энэ сарын 20-ны өглөөний 08 цаг 30 минутын үед ХУД-ийн 3 дугаар хороонд Toyota-Allion маркийн Б жолоочтой автомашин, Toyota-Prius маркийн Ж жолоочтой автомашинтай мөргөлдөж, улмаар Toyota-Prius маркийн автомашин зорчих хэсгийн гадна зогсож байсан 46 настай иргэн Э-г  мөргөж амь насыг нь хохироосон бол мөн өдрийн 20 цаг 15 минутын орчимд Хэнтий аймаг, Цэнхэр мандал сумын 1-р баг “Цэнхэрийн голын гүүр” гэх газарт асфальтан замд Ц жолоочтой Nissan Advan маркийн автомашин онхолдож, зорчигч 56 настай Ц, 6 настай Ц, 30 настай Б нар харамсалтайгаар амиа алджээ.

Үүгээр ч зогсохгүй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, замын хөдөлгөөнд оролцсон явдал ч буурахгүй байгаа юм. Тухайлбал, цагдаагийн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  98 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  2 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 6 зөрчил бүртгэгдсэн.

Иймд замд зорчихдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангах, хурдыг дүрэмд тогтоосон болон зам орчны байдалд тохируулах, жолооч болон зорчигч хамгаалах бүс хэрэглэх, бага насны хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгаж тээвэрлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Сүүлийн үед зам тээврийн ослын улмаас амиа алдах тохиолдол өссөөр байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулсаар буй. Энэ долоо хоногт л гэхэд зам тээврийн ослын шинжтэй 705 дуудлага хүлээн авсан бөгөөд ослын улмаас 21 хүн гэмтэж, долоон хүн амь насаа алджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.