| | USD/MNT 0₮

Сонгуульд өрсөлдөх эвслүүд ч ЯЛЛАГДАГЧ нарыг нэр дэвшүүлжээ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд эрүүгийн хэрэгт холбогдсон нэлээдгүй их нэр дэвшигч өрсөлдөхөөр болж байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл бид энэ удаад эвслүүдээс хэн хэн нэр дэвшигч яг одоогоор хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан байгааг танилцуулъя.

Ерөнхийлөгч асан Н.ЭНХБАЯР тэргүүтэй хүмүүс багтсан “Та, бидний эвсэл”-ээс нэр дэвшигч цөөнгүй хүн эрүүгийн хэрэгт холбогдож, гэм буруугаа шүүхээр хэлэлцүүлж, яллагдагчаар татагдаж байв.

Төрийн гурав дахь тэргүүн асан дээрх эрхмийг авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлсэн гэдгийг хүн бүр мэддэг. Тус эвслээс Багануур, Багахангай, Налайх дүүрэгт нэр дэвшсэн Э.ЭРДЭНЭЖАМЪЯН ч бас Хууль зүйн дэд сайд байхдаа эрх мэдлээ урвуулсан хэрэгт ял шийтгүүлж байсныг уншигчид санаж буй.

Тэгвэл тус эвслээс Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч, Шадар сайд асан Ц.ОЮУНБААТАРТ холбогдох авлига, албан тушаалын хэргийг одоо болтол шүүхээр эцэслэн шийдээгүй байна.

Тэрбээр “Тэмээн поло-2016” тэмцээнийг зохион байгуулах зардалд 27 сая төгрөг зарцуулснаас гадна нэмж 150 сая төгрөг олгох шийдвэр гарган, өөрөө ерөнхийлөгчөөр нь ажилладаг “Монголын тэмээн поло, спорт уралдаан аяллын холбоо” төрийн бус байгууллагын данс руу шилжүүлж авсан хэрэгт яллагдагчаар татагдсан юм.

Мөн эвслээс Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Мижидийн ТУЛГА нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байхдаа Сонгинохайрхан дүүрэгт улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж 2011, 2012 онд хийх ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий компаниудын нэр дээр тендерийн бичиг баримт бүрдүүлэн оролцож, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, шаардлага хангаагүй компаниудыг сонгон шалгаруулах хууль бус шийдвэр гаргуулан улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган хэрэг нь өдгөө шүүхийн шатанд яваа. Харин тэрбээр өөрийгөө хонгилын хохирогч болсон хэмээдэг юм. Тус эвслээс тус дүүрэгт дэвшсэн өөр нэг хүн нь МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан М.Наранбаатар. Тэрбээр тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболдын нэр төр, алдар хүндэд нь халдсан хэргээр торгох ял шийтгүүлж байсан билээ.

“Дэлхийн Монгол ногоон нэгдэл”-ийн тэргүүн Х.БЭЭЖИН энэ удаагийн УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт дээрх эвслээс нэр дэвшихээр болсон.

Түүнийг Эрүүгийн хуулийн 17.6-д заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон хэрэгт яллагдагчаар татан хэргийг нь шүүхэд шилжүүлээд буй билээ. Тэрбээр өмнө нь ч бас эрүүгийн хэрэгт холбогдож Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хэргийг нь хэлэлцэж байсан юм.

“Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч, эдийн засагч Л.НАРАНБААТАР мөн л эрүүгийн хэргийн холбогдогч.

Тэрбээр бусдын их хэмжээний хөрөнгийг залилсан хэрэгтээ 20 сая төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн ч давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, буцаагаад буй. Тэрбээр 2012 оны зургадугаар сарын 4-нд иргэн М.Ариунтулгатай гэрээ байгуулж, түүний эзэмшлийн компанийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт байх 011928А, 011730А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг 1.2 тэрбум төгрөгөөр тооцон зээлээр худалдан авахаар болсон гэдэг. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Л.Наранбаатарыг Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т заасан “Хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, 884 сая гаруй төгрөгийн хохирлыг түүнээс гаргуулж, М.Ариунтулгад олгохоор шийдвэрлэсэн юм.

Бие даагчдын дунд ч эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан нэг бус хүн бий. Тухайлбал, “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн, улсын харцага Г.Ганхуягийг Эрүүгийн хуулийн 14.1 дэх хэсгийн ялгаварлан гадуурхах, 17.6-гийн бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан.

Мөн УИХ-ын гишүүн асан Н.НОМТОЙБАЯРЫГ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан бусдад давуу байдал олгосон хэрэгт яллагдагчаар татаж, ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал, Хяналт, мониторингийн газрын мэргэжилтэн Н.Баттөгс нарын 10 хүний хамт гэм буруутай, эсэхийг нь тогтоолгохоор шилжүүлээд байна.

Нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулуун Архангайд бие даан өрсөлдөх гэж буй. Тэрбээр уг албан тушаалыг хашиж байхдаа Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижиртэй бүлэглэн иргэн Б.Наранбаатарт 896 ам метр үйлчилгээний зориулалттай газрыг хуурамч бичиг баримт үйлдэн 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, улсад 40 орчим сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан юм.

Цагдаагийн байгууллагаас олгодог ял шийтгэлийн лавлагаагаар нягталбал шүүхээр гэм буруутайд тооцож байсан олон жишээ, баримт бий. Тиймээс сонгогчид мэдлэг, мэдээлэлтэй байж, сонголтоо зөв хийх нь шударга ёс тогтооход дөхөмтэй биз ээ.

Сонгуульд өрсөлдөх эвслүүд ч ЯЛЛАГДАГЧ нарыг нэр дэвшүүлжээ
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.