| | USD/MNT 0₮

Алтанбулагийн боомтоор ОХУ-д суралцдаг оюутнуудаа энэ сарын 26-27-нд татаж авна

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, Эрхүү, Улаан-Үд, Кызыл хотууд дахь Ерөнхий консулын газрууд ОХУ-д оршин сууж буй иргэд, ялангуяа оюутан залуучуудыг бүсчлэн ээлж дараалан эх оронд нь хүргэх ажлыг холбогдох яам, байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаад ОХУ-ын Европ тивийн хэсэг дэх хотуудын иргэд, оюутнуудыг Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай захиалгат нислэгээр 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр, Уралын нуруу дагуух, Баруун Сибирийн хотуудын иргэд, оюутнуудыг Хиагт-Алтанбулагийн хилийн боомтоор мөн оны тавдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд хэсэгчлэн хүлээн авахаар холбогдох яам, байгууллагууд хамтран ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар ОХУ-ын хэмжээнд эх орондоо буцах хүсэлт гаргасан 1000 орчим Монгол иргэд байгаа бөгөөд энэ удаагийн татан авалтаар тэдний 50 орчим хувь нь эх нутагтаа очих юм.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам энэ цаг мөчид 05 дугаар сарын 25-ны өдрийн шууд нислэг (онгоц нь 170 хүртэлх зорчигчийн суудалтай)-т бүртгэх иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргаж, Улсын Онцгой комисст хүргүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү жагсаалтад нэгдүгээрт, сургууль болон дотуур байрны эрүүл ахуй, халдвар тархалтын байдал нь хүндэрч Монгол оюутнуудыг нутагт нь буцаах боломж гарсан даруйд эх оронд нь хүргэх ажлыг зохион байгуулахыг Элчин сайдын яамнаас албан ёсоор хүссэн сургуулийн оюутнууд, хоёрдугаарт, тухайн хотод ганц хоёроороо сурдаг, өмнө нь нутаг буцах хүсэлтээ гаргасан оюутнууд, гуравдугаарт, бага насны хүүхэд болон жирэмсэн, архаг, суурь өвчтэй иргэд, дөрөвдүгээрт, аль болохоор эмэгтэй оюутнуудыг тус тус бүртгэж байгаа аж.

Бүртгэлд хамрагдах иргэдэд дээр дурдсан шалтгаанаас гадна нутаг буцахаар өмнө нь бүртгүүлсэн, тийзийн болон тусгаарлах байрны зардлыг төлсөн, коронавирусын шинжилгээ хийлгэж халдваргүй гэдгийг нотолсон лавлагаатай байх зэрэг нийтлэг шалгууруудыг тавьж байгаа бөгөөд шууд нислэгээр зорчих иргэдийн нэрсийн жагсаалтыг Улсын Онцгой комисс эцэслэх юм.

ОХУ-ААС ИРГЭДЭЭ ТАТАН АВАХ ЭЭЛЖИТ АЖИЛЛАГААНЫ БЭЛТГЭЛ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.