| | USD/MNT 0₮

ЦЕГ: 10 гаруй жилийн өмнө асрамжийн газарт өгсөн хүүхэд олдохгүй байна гэх мэдээлэл худал

10 орчим жилийн өмнө асрамжийн газар өгсөн хүүхэд алга болсон гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Тухайлбал, Иргэн Л.Цэцэгмаа нь “10 гаруй жилийн өмнө нэгэн эмэгтэй гудамжинд хүүхдээрээ гуйлга гуйлгаж байсныг болиулж, хүүхдийг нь Manna асрамжийн газарт өгсөн. Одоо тэр хүүхэд олдохгүй байна” гэх мэдээллийг өчигдөр буюу 2020 оны тавдугаар сарын 19-нд иргэд, олон нийтэд мэдээллэсэн.

Мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтыг явуулахад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн М нь 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Harbormanna Childrens Center” асрамжийн газарт ирсэн. Харин түүний өвөө Б нь 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр буюу нэг сарын дараа тус асрамжийн газраас хүүг авсан байна. Одоо хүү М нь өөрийн төрсөн эх, хоёр дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт амьдарч, Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа юм.

Иймд иргэд та бүхнийг худал ташаа мэдээлэлд итгэхгүй, баттай эх сурвалжийн мэдээллийг хүлээж авч байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Хүү “М” ээж, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэгт амьдарч байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.