| | USD/MNT 0₮

Д.Тэгшбаяр:Найман жил хүлээцтэй харлаа, одоо тэмцэхээс өөр сонголт алга, бидэнд корона хамаагүй

Дахин төлөвлөлт нэрийдлээр газрыг нь дээрэмдэж авсан "Моннис” группийн  "Моннис Урбан Девелопмент” ХХК өнөөдрийг хүртэл 250 гаруй айл өрхийг хуурч мэхэлж хулхидсаар байна.

Хоёр блокон байр барьж байгаагаас нэгийг нь найман жил бариад ч ашиглалтад оруулж чадахгүй байна.

Газраа алдаад орох оронгүй болсон иргэд түрээсийн байраар амьдарч байгаа бөгөөд настай хөгшчүүл байрандаа орж чадахгүй нас барсан хэд хэдэн тохиолдол байна.

Уг нь он удаан жил баригдсан барилга ашиглалтад ороход бэлэн болсон ч Улсын комисс хүлээж авахгүй “уяж” эхэлжээ.

Иргэд нь ч дээрх компанийн зүгээс ч улсын комисст хандсан шаардлага хүсэлт явуулсан ч хариу өгөлгүй хоёр сар гаруй хугацаа өнгөрчээ. Ямар шалтгаанаар хүлээж авахгүй байгаагаа хэлж тайлбарлахгүй байна. Гэхдээ нэг ч хүн ирж үзээгүй гэдгийг компанийн зүгээс хэлж байна.

Харин байрандаа орохыг хүлээсэн иргэд тэвчээртэй найман жил болсон ч одоо тэсвэр нь алдагдаж, тэмцлийн хурц хэлбэрийг өнөөдрөөс эхэлж сонгоно гэдгийг хэлж байна.

Тодруулбал, тус байранд хоёр өрөө байр захиалсан иргэн Д.Тэгшбаяр “Компанийн ажил болон төрийн албаны ажил яаж явагдаад байгааг үнэндээ ойлгохгүй байна. 250 гаруй айлыг гудамжинд гаргаж, газрыг нь авчихаад өнөөдрийг хүртэл нэг байр ашиглалтад оруулж чадахгүй компани байгаад яах юм бэ. Энэ компани байдаг нөөц хөрөнгөө ашиглаж байраа бэлэн болгосон ч улсын комисс нь яагаад хүлээж авахгүй байгаа учир шалтгааныг иргэд бид мэдэхгүй байна. Үнэндээ тэвчээр барагдаж, арга дууслаа.

Одоо бидэнд энэ халдварт өвчин хамаагүй, Нийслэлийн Засаг даргын гадаа болон Улсын онцгой комиссын гадаа жагсаал хийнэ, тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно. Тэвчээртэй найман жил харлаа, одоо чадахгүй” гэлээ.

2013 онд гэр хорооллын дахин төлөвлөлт эрчимжсэн үе байлаа.  "Моннис Урбан Девелопмент” дахин төлөвлөлт хийх компанийн нэгээр шалгарч, 2013 оны зургадугаар сараас дээрх 14 дүгээр хорооны 250 гаруй айлыг орох оронгүй болгосон байдаг.


Тухайн үед их сайхан төсөл боловсруулж гэрээ хийсэн байдаг бөгөөд төслийн хүрээнд  2600 айлын орон сууц, 600 хүүхдийн цэцэрлэг, 7000 ам.метр  худалдаа үйлчилгээний төв, 5200 ам.метр талбай бүхий оффис барихаар төлөвлөсөн юм билээ. Ийм мэдээлэл "Моннис” группын албан ёсны цахим хуудаст ч байгаа.  Гэвч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна.

Шинэ байраа энэ ондоо багтааж ашиглалтад оруулна гэж худлаа хэлсээр найман жилийн нүүр үзсэн байна. Уг нь өнөөдөр буюу тавдугаар сарын 20-нд түлхүүрийг нь гардуулна гэж хэлсэн ч бас худлаа болж, хугацааг нь хойшлуулжээ.

Иргэд баасан гараг бүрт тухайн байр буюу компани дээрээ очиж шаардлага тавьдаг ч хүлээж авдаг хүн байхгүй. Ажилчид нь солигдсон ажиллахаа больсон гэдэг шалтгаанаар иргэдийг буцаадаг байна. 

Дахин төлөвлөлт нэрийдлээр газрыг нь дээрэмдэж авсан "Моннис” группийн "Моннис Урбан Девелопмент” ХХК өнөөдрийг хүртэл 250 гаруй айл өрхийг хуурч мэхэлж хулхидсаар байна.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.