| | USD/MNT 0₮

Генерал Б.Хурц нарын 9 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал маргааш болно

Тагнуулын ерөнхий газрын дарга асан генерал Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал 2020 оны тавдугаар сарын 20-нд товлогдсон. Тухайлбал, Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэрэгт ял эдэлж байгаа  Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарын есөн хүнийг хуулийн байгууллагаас шалгасан байдаг. Ингэхдээ шүүгдэгч нарын өмгөөлөгчид Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр захирамжид гомдол гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуулийн 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар гомдлыг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцсэн юм. 

Ингээд Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн сарын 23-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхээс хүлээн авсан бөгөөд гэм буруугийн шүүх хуралдааныг тавдугаар сарын 20-ны өдрийн 09.00 цагт товлосон байна.

Тагнуулын ерөнхий газрын дарга асан генерал Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал 2020 оны тавдугаар сарын 20-нд товлогдсон.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.