| | USD/MNT 0₮

Самурай, Чингис бондоос мөнгө угаасан хэрэгт шалгагдаж байсан Н.Батбаяр Архангайд нэр дэвшиж байна

УИХ-ын сонгуульд эрүүгийн хэрэгт яллагдагчаар болон сэжигтнээр татан шалгуулж байсан хүмүүс нэр дэвшиж байгаа нь хэр шударга үйлдэл вэ.

АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ аваад байгаа 76 нэр дэвшигчийн 12 нь өнөөдрийн байдлаар албан тушаал, авлига хээл хахууль залилангийн хэрэгт шалгагдаж, сэжигтэн, яллагдагчаар татагдаад байна.

Тэдний дотор “Чингис”, “Самуурай” бондын мөнгөнөөс хамгийн их хулгайлж, тансагласан этгээдээр олон жил шалгагдаж байгаа Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр байна. Тэрбээр Архангай аймагт нэр дэвшиж байна.

Хэрвээ уншигчид санаж байгаа бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын гишүүн байхдаа Татварын өршөөлийн тухай хуулиар “Чингис”, “Самурай” бонд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс мөнгө хуссан хулгайч нарыг өршөөх гэж байна гэж ярьж байсан удаатай.

Тэгвэл олон жил шалгагдаж байгаа нэрийн дор хугацаа хожиж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтгаанаар бондын мөнгөнөөс хувьдаа завшсан Н.Батбаяр болон Б.Гарамгайбаатар хоёрт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

Гэвч тэдэнд холбогдох хэргийг сэргээн шалгахаар болсон гэдгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэлж байсан нь саяхан. Гэтэл өнөөдрийг хүртэл хэргийг нь сэргээн шалгаагүй, харин ч их хуралд нэр дэвших эрхийг нь олгосон байгаа нь хэр зөв зүйтэй алхам шийдвэр вэ гэдгийг намын даргаас нь асуумаар санагдлаа. Хулгай хийсэн, бусдыг залилж хохироосон этгээдийг их хуралд нэр дэвшүүлдэггүй баймаар байна.

Дээрх бондуудын мөнгөнөөс Н.Батбаяр хувьдаа яаж завшсан бэ. Тодруулбал, Н.Батбаяр Эдийн засгийн хөгжлийн сайд болсныхоо дараа өөрийнхөө туслах, зөвлөхөөр ажиллаж байсан Н.Мөнхбатыг “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирлаар томилуулж байсан. Өөрөөр хэлбэл, Н.Батбаяр “Чингис бонд”-ыг оруулан ирж, улмаар уг мөнгийг захиран зарцуулах эрхтэй “Хөгжлийн банк”-нд өөрийн үнэнч албат болох Н.Мөнхбатыгаа томилсон гэсэн үг.

Ингээд “Чингис бонд”-ын 1.5  тэрбум, “Самурай бонд”-ын 600 сая ам.доллар, “Кредит Свисс” банкнаас 300 сая ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкнаас 162 сая ам.долларын зээлийг тухайн үед тус банк авсан байдаг.

Бондын эргэн төлөлт 2017 оноос төлөгдөхөөр цаг нь тулчихаад байгаа энэ үед УИХ- ын Эдийн засгийн байнгын хорооноос “Хөгжлийн банк”- ны үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг байгуулагдаж Аудитын ерөнхий газраас шалгалт явуулж дүгнэлтийг нь УИХ-д танилцуулж байж. Гэтэл аудитын шалгалтаар Н.Мөнхбатын толгойлж байгаа “Хөгжлийн банк” хангалтгүй үзүүлэлттэй гарч төсвийн мөнгийг хэтрүүлсэн гэх дүгнэлтийг гаргасан байдаг.

Ийм үйлдэлд нь АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хавтаст хэргийг хаасан байдаг. Уг нь АТГ-аас Н.Батбаярт Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл буюу төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулсан, 150 дугаар зүйл буюу төрийн өмчийг завшиж үрэгдүүлсэн гэх үйлдэлд холбогдуулан шалгасан ч хэрэг нь хэрэгсэхгүй болжээ.

“Чингис бонд”-ын 1.5 тэрбум, “Самурай бонд”-ын 600 сая ам.доллар, “Кредит Свисс” банкнаас 300 сая ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкнаас 162 сая ам.долларын зээлийг тухайн үед тус банк авсан байдаг.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.