| | USD/MNT 0₮

Арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн шөнийн тарифын хөнгөлөлт үйлчилж эхэлнэ

Шөнийн цахилгаан тарифын хөнгөлөлтийн асуудлаар Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-оос өнөөдөр /2019.10.30/ мэдээлэл хийлээ. ЭХЗХ-ны дарга А.Тлейхан “Хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхүүдийг шөнийн цагаар хэрэглэсэн цахилгаанд тарифын хөнгөлөлт үзүүлэх талаарх Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоол гаргасан. Тогтоолын дагуу 2017 оны арваннэгдүгээр сараас эхлэн дараа жилийн дөрөвдүгээр сарын 1-ныг хүртэл гэр хорооллын айлуудын 21.00-06.00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлж байгаа.

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд 2017 онд 101 мянга гаруй өрхөд 6.8 тэрбум төгрөг, 2018 онд 109 мянга гаруй өрхөд 9.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлж байжээ. Энэ тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа. Энэ онд буюу 2019 онд 116 мянга гаруй өрх 19.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлэх бол 2020 онд 116 мянга гаруй өрх 27.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Энэ хөрөнгийг улсын төсвөөс олгож байгаа. Засгийн газрын тогтоолыг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн 21.00-06.00 цагийн хооронд ашигласан цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлнө. Харин аймгийн төвүүд болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын тарифыг 50 хувь хөнгөлнө.

Улаанбаатарт 220 В-ын хүчдэлийн цахилгаан хэрэглэж байгаа айлууд сард 700 кВт, 380 В-ын хүчдэлтэй айлууд 1500 кВатын хөнгөлөлт эдлэх юм. Үүнээс илүү гарсан цахилгаан хэрэглээний тарифыг 50 хувь хөнгөлж байгаа бөгөөд улсын хэмжээнд эрчим хүчний хэрэглээ жилд 60-80 мВт-аар нэмэгдэж байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд эрчим хүчний ачаалал 1044 мвт-д хүрсэн нь өнгөрсөн оныхоос 80 мВт-аар их үзүүлэлт гэлээ

Түүнчлэн өнгөрсөн гурван жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлтөд нийтдээ 35.7 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Нийт хэрэглэгчид буюу 650 мянган өрх хөнгөлөлт эдэлж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.