| | USD/MNT 0₮

Ховд, Хөвсгөл аймагт онцгой байдлын алба хаагчид амиа алдчихаад байхад "хав" даржээ

Улс оронд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй зэрэгцээд томоохон гол, нуур, ойн бүсэд эргүүл хяналт шалгалт ажиллаж буй билээ. Энэ үед хоёр ч алба хаагч амиа алдаж, олон алба хаагч осолдож, гэмтсэн харамсалтай хэрэг гарсныг ОБЕГ-ынхан нууцалж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын аврагч Хөвсгөл далайн мөсөн дээгүүр эргүүл хийж яваад далайд живж амиа алджээ. Талийгаач Хөвсгөл нуурын дээгүүр автомашинаар тээвэр хийхийг хориглох эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа мөсний ангал руу хувийн машинтайгаа унаж амиа алдсан гэнэ. Тэрбээр постоо орхин гэртээ харьчихаад буцаж явах замдаа ийн золгүйгээр амиа алдсан бололтой хэмээн орон нутгийн эх сурвалжууд хэлж байна. Тухайн үед анги байгууллагын удирдлагууд нь энэ талаар мэдээгүй байсан бөгөөд эхнэр нь маргааш үдээс хойш нь асууж сурагласнаар эрэл сурал болж талийгаачийг живсэн болохыг мэджээ.

Дээрх золгүй явдлаас хойш долоо хоногийн дараа Ховд аймагт бас нэг хүн амиа алдсан. Улс оронд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж онцгой байдлын байгууллага бүх хүчээ дайчлан ажиллаж буй энэ үед Ховд аймгийн Онцгой байдлын газрын саун, бассейн бүхий цогцолборт тус газарт ажилладаг байсан нэг залуу живж нас баржээ. Талийгаач тус газраас халагдсан ба түүнийг “үдэн гаргах ёслол”-ын үеэр бассейнд живж нас барсан бололтой.

Өнгөрсөн жил Өвөрхангай аймгийн ОБГ-ын дарга нь алба хаагчдаа айлын гэр нүүлгэх ажилд дур мэдэн явуулснаас зам тээврийн осолд орж нэг албан хаагч нь нас барсан билээ. Мөн Орхон аймгийн ОБГ-ын алба хаагчид түймэр унтрааж байхдаа түлэгдэж хүнд гэмтэл авч эхнэр нь эмчилгээний зардал нэхэж удаа дараа хэвлэлийн бага хурал хийж байсныг ард түмэн мэднэ.

Сая хэдхэн хоногийн өмнө гэхэд л Хэнтий аймгийн ОБГ-ын 10 гаруй алба хаагч Норовлин сумын нутагт гарсан түймэр унтраахаар явж байхдаа зам тээврийн осолд орж  бэртэж гэмтсэн байна.

Ховд, Хөвсгөл аймагт онцгой байдлын алба хаагчид амиа алдчихаад байхад хав дарсаар байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.