| | USD/MNT 0₮

Яллагдсан хэргээ шийдүүлэлгүй Элчин сайд болсон Т.Бадрал улсад учруулсан 483.6 сая төгрөгөө төлөх үү

Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-ын дарга, хошууч генерал Түвшингийн Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох санал Засгийн газраас гаргаж, МАН олонх болсон УИХ дэмжчихэв. Ерөнхийлөгч ч бас дуун дээр дэмжчихээд байгаа билээ. Ерөнхийлөгч Х.Баттулга хошууч генерал Т.Бадралыг дэмжих болсон шалтгааны талаар онцгой байдлын алба хаагчид ч, улс төрийн нэлээд дээгүүр албан тушаалтнууд ч “Ерөнхийлөгч БНХАУ-д 30 000 хонь бэлэглэнэ гэсэн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж яваад, түүнтэй хамт Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт тусгаарлагдах хугацаандаа Элчин сайд болох тохироогоо хийчихсэн учраас “ногоон гэрлээр” дэмжигдсэн байх” хэмээж байгаа юм.

Зарим нь бүр “Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөх төрийн тэргүүн Ц.Элбэгдоржтой дотно байсан хүнийг Элчин сайдаар томилж буй нь хачирхалтай” гэж гайхширч байна. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны долдугаар сард тангараг өргөснийхөө дараахан  Монгол орны нутаг дэвсгэрийн нэлээд хэсгийг хамарсан түймрийн голомтод очсоныг уншигчид санаж буй биз ээ. Тэр үед ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал байгаагүй ба “өвчний учир гадаадад эмчилгээ хийлгэж байгаа” гэсэн яриа гаргасан байдаг. Гэтэл “өвчтэй, гадаадад эмчлүүлж байгаа” хошууч генерал Т.Бадрал нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хамт Булган аймгийн нутаг дахь амралтын баазад амарч байсан гэдэг. Эх орон нь шатаж байхад унтраах үүрэгтэй ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал улстөрчидтэй хамт юу хийж байсан нь оньсого.

Ер нь хошууч генерал Т.Бадрал улс төрчидтэй ихээхэн холбоо сүлбээтэй бөгөөд тэднийг урхидах, тархийг нь угаах авьяастай нэгэн гэх юм билээ. Тиймээс улс төрийн хүрээнийхэн “БНХАУ-аас авах их хэмжээний зээлийг өөрийн гэсэн найдвартай хүнээр дамжуулах хэрэгтэй байгаа учраас уг албан тушаалд томилж байна” гэсэн яриа байгаа юм.

ОБЕГ-ын дарга, дэд дарга болох хүмүүс аль хэдийн тодорчээ

Хошууч генерал Т.Бадралыг ийнхүү Элчин сайдаар дэвшин явах болсонтой зэрэгцээд түүний албан тушаалын төлөөх дажин өрнөж, зарим нь үндсэн ажлаа орхиод ОБЕГ-аар эргэлдээд байгаа гэнэ. Тус газрынхны дунд байгаа яриагаар ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд Штабын дарга, бригадын генерал Г.Арвинбуянг дэвшүүлэх гэнэ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дунд сургуулийн нэг ангийн найз нөхөр энэ албан тушаалд очих нь гарцаагүй гэдгийг улс төрийн хүрээнийхэн ч ярьж буй. Т.Бадралынхаа холбогдсон эрүүгийн хэрэгт яллагдагчаар тооцогдсон бригадын генерал Г.Арвинбуян 2015 оны нэгдүгээр сараас дээрх албан тушаалд томилогдон шууд хурандаа тэгээд тун удалгүй бригадын генерал цол зүүсэн азтай нэгэн билээ.

Түүний оронд тэргүүн дэд бөгөөд Штабын даргаар мөн л Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хамт цэргийн сургуульд нэг ангид сурч байсан найз, одоо нийслэлийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байгаа хурандаа Ж.Чүлтэмсүрэнг  томилох сурагтай. Энэ сургаар хурандаа Ж.Чүлтэмсүрэнгийн зан ааш өөрчлөгдсөн төдийгүй ажлаа хийж байсан албан хаагчдаа гар хүрч, хөнгөн гэмтэл учруулсан байх юм.

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Л.Баярсайхан чадвал ОБЕГ-ын дэд дарга, ядвал НОБГ-ын даргаар томилогдох горьдлого тээж ОБЕГ-аар эргэлдэж буй гэх. Дээрх хүмүүс бүгд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайд болсны дараа Онцгой байдлын байгууллагад ирсэн байдаг. Уг нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 45.4-т “Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын албан тушаалд онцгой байдлын албанд 10-аас доошгүй жил, удирдах албан тушаалд таваас доошгүй жил ажилласан алба хаагчийг томилно” хэмээн зааснаар бол дээрх нэр бүхий албан тушаалтнууд хуулийн энэ шалгуурыг хангахгүй боловч Ерөнхий сайдын найз нөхдөд хууль үйлчлэхгүй л болов уу.

Хошууч генерал Т.Бадрал албан тушаалаа өгөхийнхөө өмнө өөрийнхөө туслахаар ажиллаж байсан хэд хэдэн хүнийг албан тушаалд томилжээ. Тухайлбал, одоогийн туслах Г.Сайнзулыг Улсын онцгой комиссын ажилтнаар, өмнөх туслах Х.Энхнасанг Дархан-Уул аймгийн ОБГ-ын орлогч даргаар, бас нэг туслах байсан Ж.Эрдэнэбатыг Хэнтий аймгийн ОБГ-ын даргаар томилсон байна. Ж.Эрдэнэбат нь оны өмнөхөн ОБЕГ-аар эргэлдэж байхдаа Т.Бадрал даргынхаа хэргийг хөөцөлдөж байгаа гэж ярьж явсан сурагтай. Энэ мэт жишээ цөөнгүй байгаа нь тус байгууллагад төрийн албыг төрлийн алба болгосны тод жишээ юм.

1980 онд үйлдвэрлэсэн, бохир соруулах машин хэдэн төгрөгийн үнэтэй вэ

ОБЕГ-ын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын газрын албан хаагчид үнэхээр шударга ажилладаг бол хууль зөрчсөн ажилтнууддаа хариуцлага тооцож арга хэмжээ авах ёстой. Харамсалтай нь аудитын байгууллагаас санхүүгийн зөрчил удаа дараа илрүүлчихээд байхад түүний мөрөөр шалгасан хэрнээ ямар ч арга хэмжээ авдаггүй нь хачирхалтай. Тухайлбал, Говь-Алтай аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа З.Баттулга удаа дараа санхүүгийн зөрчил гаргасан нь аймгийн Аудитын байгууллагын шалгалтаар тогтоогдсон ч ОБЕГ-ын удирдлага түүнтэй хариуцлага тооцсонгүй.

Магадгүй ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өөрөө санхүүгийн гэмт хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан учраас адилхан үйлдэл гаргасан албан тушаалтнууддаа хариуцлага тооцож чаддаггүй юм болов уу. Хошууч генерал Т.Бадралд 2016 онд хууль сахиулах байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байдаг. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс шалгасан энэ хэрэгт НПГ-аас 2019 оны аравдугаар сарын 24-нд яллах дүгнэлт үйлдсэн билээ.

Уг яллах дүгнэлтэд “Яллагдагч Т.Бадрал нь ОБЕГ-ын даргаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 4.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэсэн хэм хэмжээг зөрчин ОБЕГ-ын Санхүү, хангалт үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Р.Дадамд Аврах ажлын автомашинууд худалдан авах тухай Т-15-01/2 дугаартай тендерт өөрийн найз Д.Лхагвасүрэнгийн үүсгэн байгуулсан “Орем трейд” ХХК-ийг шалгаруулахыг  чиглэл болгон, гэрээний дагуу автомашинууд Монгол Улсад орж ирээгүй байхад 2017 оны долдугаар сарын 17-нд тус компаниас автомашин хүлээн авсан тухай хуурамч акт үйлдэн Сангийн яаманд хүргүүлж, тендерийн үнэ болох 2.1 тэрбум төгрөг олгуулсан, “Орем трейд” ХХК-иас нийлүүлсэн, 1980 онд ЗХУ-д үйлдвэрлэсэн бохир ус соруулах зориулалттай, техникийн шаардлага хангахгүй автомашиныг хүлээн авах үүрэг өгч, улсад онц их хэмжээний хохирол буюу 403.8 сая төгрөгийн хохирол учруулсан.

Мөн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх нэрийдлээр 2016 оны тавдугаар 5-нд “Орем трейд” ХХК-тай 374.3 сая төгрөгийн үнэ бүхий, хүн нэг бүрийн галын аюулгүй хучлага нийлүүлэх гэрээ шууд байгуулах үүрэг өгч, улсад 79.8 сая төгрөгийн хохирол учруулж, албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 483.6 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгасан байна.

1980 онд үйлдвэрлэсэн бохир ус соруулах автомашины тухайд химийн хорт бодис тээвэрлэх, 2015 онд үйлдвэрлэсэн тусгай зориулалтынхыг авах ёстой байсан аж. Гэвч түүний оронд зах зээлийн үнээс хэт өндөр, ямар ч багаж хэрэгсэлгүй, тусгай тоноглолгүй, техникийн шаардлага хангахгүй автомашин хүлээн авчээ. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа тэнгэрт хальсан Р.Дадам агсан “Т.Бадрал нь өөрийн дотнын найз Д.Лхагвасүрэнгийн “Орем трейд” компанийг тендерт шалгаруулах үүрэг өгсөн тухай мэдүүлсэн байдаг. “Орем трейд” ХХК-иас ОБЕГ-т нийлүүлсэн “Газель” маркийн автомашин нь 12 800 ам.долларын үнэтэй байжээ. Харин “Вепрь” маркийн автомашиныг 30 500 ам.доллар буюу 61 сая төгрөгөөр ОХУ-ын Хиагт хотоос авчирч байсан гэнэ.

Тухайн үед буюу 2015 онд “Газель” маркийн автомашиныг 30 сая төгрөгөөр Монгол Улсад оруулж ирж борлуулдаг байжээ. Харин ОБЕГ-аас тендер зарлахдаа 70 саяар босго үнэ тогтоосон нь хэн нэгэнд давуу байдал олгох гэсэн үйлдэл байсан бололтой. Магадгүй гэр бүлийн найз нөхдийн холбоотой компаниа хошууч генерал Т.Бадрал дэмжсэн байхыг ч үгүйсгэхгүй. Юутай ч улсад 483.6 сая төгрөгийн хохирол учруулсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдож, гэм буруутай, эсэхийг нь шүүхээр шийдвэрлүүлэхээс өмнө хилийн чанадад Элчин сайдаар томилогдох нь гарцаагүй болов. Харин эрхэм хошууч генерал, ноён Элчин сайд улсад учруулсан энэ хохирлыг хэзээ, хэрхэн төлөх бол.

Яллагдсан хэргээ шийдүүлэлгүй Элчин сайд болсон Т.Бадрал улсад учруулсан 483.6 сая төгрөгөө төлөх үү
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.