Д.Олонбаяр:ОХУ-д нөхцөл байдал үнэхээр хүнд байна, нутаг буцахаас өөр сонголт алга
Дэлхий
ОХУ-д коронавирус голомтлон тархлаа. Өнөөдрийн байдлаар тархаагүй муж хот гэж байхгүй байна. Тэнд сурдаг Монгол оюутнуудыг эх оронд нь ээлж дарааллаар татаж авч байгаа бөгөөд ирсэн оюутнуудаас халдвар илрээд байна.
Өчигдөр гэхэд ОХУ-аас ирсэн 300 гаруй оюутны 55-д халдвар илэрсэн. Энэ тоо цаашид ч өснө. Учир нь өнөөдөр гэхэд 400 гаруй оюутан Алтанбулаг хилийн боомтоор орж ирнэ.
Ер нь цаашид ОХУ-аас 1800 гаруй оюутнаа татаж авна гэдгийг салбарын сайд Д.Сарангэрэл мэдээлсэн.
Халдвар ихтэй орноос ирж байгаа оюутан хүүхдүүдийг эрсдэл өндөр гэж үзэж байгаа юм. Учир нь халдвар аваад эдгэсэн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн, хавьталд орсон гэх мэт олон оюутан ирж байна. Тэгвэл дараагийн ээлжээр ирэхээр оюутнууд бүртгүүлсэн ирэх өдрөө хүлээж байгаа аж. Тэдний нэг нь ОХУ-ын Новосибирск хотод дуурийн дуулаач мэргэжлээр сурч байгаа оюутан Д.Олонбаяртай холбогдож нөхцөл байдал ямар байгаа талаар тодрууллаа.
-ОХУ-д нөхцөл байдал үнэхээр хүнд байх шиг байна?
-Харин тийм. Энд үнэхээр аймшигтай байна. Хорио цээрийн дэглэмээ цуцалсан хүмүүс гадуур бүр маск зүүхгүй яваад байгаа нь айдас хүйдэстэй. Би Новосибиркс хотод дуурийн дуулаач мэргэжлээр сурч байгаа оюутан юм.
-Наанаа хөл хорионд байгаа юу?
-Тийм. Бид нар байрнаасаа гарахгүй долоо хоногт нэг удаа гарч дэлгүүр орж хүнсээ авч байгаа.
-Халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээнд хамрагдсан уу. Ер нь хамрагдах боломж байна уу?
-Шинжилгээ өгөөгүй, өгөх боломж байхгүй.
-Халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж байгаа юу?
-Гарахдаа маскаа сайн зүүж, бээлий өмсч байгаа.
-1800 гаруй оюутныг татна гэсэн. Та бүртгүүлсэн үү?
-Бүртгүүлсэн байгаа. Хүний нутагт байхаар эх орондоо хурдан очмоор байна. Энд байгаа оюутнууд бүгд явахаар бэлэн байдлаа базааж байна. Манай хотод 60 гаруй оюутан нутаг буцахаар бүртгүүлсэн байгаа.
-Оюутны байранд амьдардаг гэсэн үү?
-Тийм. Энд нийтийн байр болохоор их хэцүү. Оросууд нь маск зүүхгүй их гарч орох юм. Гал тогоо, 00 нь гээд бүгд нийтийнх болохоор их эрсдэлтэй юм. Бид өөрсдөө хэчнээн сайн хамгаалж байгаа ч газар нь ийм болохоор бүр хэцүү байна. Аль болох энд байгаа оюутнууддаа хурдан татмаар байна. Тэгэхгүй бол бүгд өвчилж халдвар авч мэдэхээр байна шүү.
-Нэг дор бөөн бөөнөөр нь авчрах боломж хэцүү байна. Монголд байр савны хүрэлцээ, эмч эмнэлгийн ажилтнуудын ачаалал гээд хүнд байх шиг?
-Тэгэхээр хэцүү юмдаа. Энд удаан байх юм бол халдвар авах магадлал өндөр. Уг нь бүс бүсээр нь хурдан татаад авчихвал гэж бодох юм. Хотуудаас оюутнуудаа ойр ойрхон зайтай татвал боломжийн байх. Нэг гарахдаа 300-400 гаргаж болно.
-ОХУ халдвар авсан иргэдээ хэр эмчилж байна, эмнэлийн ачаалал их байна уу?
-Энд эмчилгээ, эмнэлгийн хувьд сайн байгаа ч ард иргэд нь ямар ч хариуцлага байхгүй. Өөрсдийгөө хамгаалахгүй маск зүүхгүй гадуур их зугаалж байна.
-Таны байгаа хотод халдвар хэр тархсан бэ?
-Манай хотод гэхэд өдөрт 80-90 хүн халдвараар өвчилж байна. Өчигдрийн байдлаар нийтдээ 1500 тохиолдол бүртгэгдсэн. Одоо хурдан Монгол буцахаас өөр арга алга.
-Та өрөөндөө хэдүүлээ байдаг вэ?
-Найз охинтойгоо хоёулахнаа байдаг. Манай сургуулийн хувьд монголчуудаараа байгаа. Бусад сургуулиуд хэцүү байх шиг байна, оросуудтайгаа холилдож нийлсэн болохоор. ОХУ-ын иргэд амны хаалт зүүхгүй зугаалж аялж байгаа болохоор халдвар хурдацтай тархалгүй яах вэ дээ.
-Сургуулиас нь оюутнууддаа ямар нэгэн дэмжлэг үзүүлсэн үү?
-Монгол оюутнуудад нэг хүний 5000 рубль, хоол хүнс өгч тусламж үзүүлсэн.
-Том гүрэнд халдвар хурдацтай тархаж нөхцөл байдал хэцүүдэв. Манайх жижиг улс, хэрвээ манайд халдвар дотооддоо тархвал сүйрнэ гээд байгаа. Гэтэл гаднаас өвчтэй хүмүүс авчирлаа гэсэн шүүмжлэл гадуур их гарч байна?
-Харин тиймээ. Монгол Улс дотооддоо алдвал тэгээд дууссан гэсэн үг. Юу ч хийж чадахгүй байх. Гэхдээ хүний нутагт сурч байгаа оюутнууддаа ад шоо үзээд яах гэсэн юм бэ. Гэр орноосоо хол хэцүү байхад харааж загнаад дэмий биз дээ.
- 2020-05-15 13:51:41