| | USD/MNT 0₮

Бусдаас 884 сая төгрөг залилсан гэх Л.Наранбаатарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

Эдийн засагч Л.Наранбаатарт холбогдох, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэх хэргийг өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. Түүнд залилуулсан иргэн М.Ариунтулга өнгөрсөн нэгдүгээр сард хэвлэлийн хурал хийж, 884 сая төгрөг залилсан Л.Наранбаатарыг шүүх 20 сая төгрөгөөр торгоод өнгөрлөө хэмээж байсан.

Тэрбээр 2012 оны зургадугаар сарын 4-нд иргэн М.Ариунтулгатай гэрээ байгуулж, түүний эзэмшлийн компанийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт байх 011928А, 011730А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг 1.2 тэрбум төгрөгөөр тооцон зээлээр худалдах, худалдан авахаар болсон аж. Улмаар Баянгол дүүргийн нутаг, МҮЭСТО-д хоёр тал гарын үсэг зурж, 2012 оны арванхоёрдугаар сарын 25 гэхэд Л.Наранбаатар мөнгөө төлж барагдуулах ёстой талаар тусгажээ. Хохирогч М.Ариунтулга цагдаагийн байгууллагад гаргасан гомдолдоо ч, шүүх хурлын үеэр ч “Л.Наранбаатар хоёр тусгай зөвшөөрлийг 1.5 сая ам.доллароор зарж багагүй хэмжээний ашиг олсон. Тэрбээр миний итгэл дээр тоглож, мөнгө аваад алга болсон. Л.Наранбаатар хувьдаа есөн компани эзэмшдэг. Таван тэрбум төгрөгийн татвар төлсөн, 150 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг компанийн захирал болжээ. Би найзын хувьд Л.Наранбаатарт итгэж байсан. Одоо маш их гомдолтой байна. Битүүмжлэгдсэн автомашиныг оролцуулаад 884 сая 482 мянган төгрөгийн хохирлоо Л.Наранбаатараас нэхэмжилж байна” гэжээ.

Харин эдийн засагч Л.Наранбаатар “Бид Ариунтулгын энэ төлбөрийг төлөх гээд нэлээд хичээж байсан. Компанийнхаа хөрөнгөөр хохирлыг нь барагдуулах санал М.Ариунтулгад тавьж байсан ч хүлээж авдаггүй. Зуслангийн газар зэргийг өгөх гэсэн ч хүлээн зөвшөөрөөгүй. Манай компани үе шаттайгаар төлбөрөө төлж байхад М.Ариунтулга иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний шүүхэд өгөх үед 1.2 тэрбум төгрөгөөс 415 саяыг нь төлж, 780 саяын үлдэгдэлтэй байсан” гэсэн аж.

Л.Наранбаатар уг нь М.Ариунтулгад “Ланд круйзер-200” загварын хоёр машин 200 сая төгрөгөөр тооцож, бэлнээр 216.5 саяыг өгсөн гэнэ. Үлдсэнийг нь өгөхгүй олон жил өнгөрсөн учраас шүүх, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэнэ. “2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө М.Ариунтулга надтай уулзаад “Чи нэр дэвших гэж байгаа юм байна. Өртэй хүнийг нэр дэвшүүлдэггүйг мэдэж байгаа биз дээ. Лицензийн үлдэгдэл төлбөртөө “Ривер гарден”-д байдаг байраа өг, эсвэл бэлэн мөнгө өг гэж тулгасан. Би түүнд 700 сая төгрөгийн өртөг бүхий Зүүн салааны Нумтын аманд байдаг зуслангийн газар болон хотхоноо дэд бүтцийн хамт өгье гэсэн ч зөвшөөрөөгүй” хэмээн Л.Наранбаатар мэдүүлжээ.

М.Ариунтулга “Л.Наранбаатараас мөнгөө нэхэж явсаар хамгийн сүүлд 2016 оны дөрөвдүгээр сард уулзахад “Чиний мөнгийг өгч чадахгүй байна. Эхнэр салаад хамаг юм аваад явчихсан” гэж хэлээд түүнээс хойш уулзаагүй. 2012 онд бас

Надад өгсөн автомашин нь шүүхийн шийдвэрийн барьцаанд байсан. 2017 оны арваннэгдүгээр сард уг машиныг унаад явж байтал  хоёр залуу ирээд “Машинаа авъя. Л.Наранбаатар ах явууллаа” гээд булаахыг завдсан. Уг хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа” гэсэн мэдүүлэг өгсөн байх юм.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллах, цагаатгах нотлох баримт, шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлэг зэргийг нягталж үзээд Л.Наранбаатарыг Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т заасан “Хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Улмаар 884 сая гаруй төгрөгийн хохирлыг түүнээс гаргуулж, М.Ариунтулгад олгохоор шийдвэрлэсэн байна. Шүүх бүрэлдэхүүн Л.Наранбаатарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж зэргийг харгалзан шүүгдэгчийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзээд 20 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 сая төгрөгөөр торгох ял оноожээ. Уг ялыг хохирогч, түүний өмгөөлөгч, шүүгдэгч талынхан үл зөвшөөрч нийслэлийн Эрүүгийн хэргийн  давж заалдах шатны шүүхэд хандсаны дагуу өчигдөр хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаав.

Бусдаас 884 сая төгрөг залилсан гэх Л.Наранбаатарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.