| | USD/MNT 0₮

Завханд 1500 гаруй иргэн хувьцааны талаарх сургалтад хамрагдаж мэдээлэл авчээ

 

Завхан аймагт “Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас 10 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 4-ний өдрүүдэд хувьцаа эзэмшигч иргэдэд зориулж сургалт, судалгаа, хувьцааны хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэг олгох мэдээлэл, сургалтыг хийж байна.

Тус компаниас иргэн бүр хувьцаа, хөрөнгийн зах, зээлийн мэдээлэлтэй байж өөрийн хувьцаагаа хянаж, хөрөнгийн зах зээлд оролцоход нь туслах зорилгоор “Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд Монгол Улсын 21 аймаг 330 суманд ажиллаж, амьдарч буй иргэдэд хувьцаа, хөрөнгийн зах зээлийн талаарх анхан шатны мэдлэг өгөх сургалт өгч судалгаа авахаас гадна брокер дилерийн компаниудтай хамтран үнэт цаасны данс нээх үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Орон нутгийн иргэд, хувьцаа эзэмшигчид энэ сарын 14-ний өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжлэх аянд хэрхэн оролцох тухай мэдээллийг 1800-1072 дугаарт холбогдон авч болох ажээ.

Нас барсан иргэдийн хувьцааг өвлүүлэх судалгааг хийжээ

 

Завхан аймгийн иргэдийн 70 гаруй хувь нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшдэг боловч үнэт цаасны дансаа нээлгээгүй, хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил хангагдаагүй байгаа тухай “Гүүдсек ҮЦК” ХХК-аас сарын өмнө дуулгаж байв. Тиймээс “Гүүдсек ҮЦК” ХХК-тай аймгийн ЗДТГ хамтран үнэт цаасны дансаа нээлгэж хувьцаагаа баталгаажуулаагүй байгаа иргэдийн дансыг нээлгэх, өмнө нь данс нээлгэсэн үеэс иргэний бүртгэлийн мэдээлэл өөрчлөгдсөн иргэдийн мэдээллийг шинэчлүүлэх, оюутны төлбөр, хишиг хувь болгон мөнгөн хэлбэрээр хүртсэн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьцааны зөрөөтэй холбогдох гомдлыг Хөдөлмөр халамжийн нэгжээр дамжуулан шалгуулах. 2010-2019 онд нас барсан иргэдийн судалгааг гарган эзэмшиж байсан Эрдэнэс Тавантолгойн хувьцааг өв залгамжлал хийлгэх материалыг урьдчилан бэлтгэж эхлэх. 1990-ээд оны их хувьчлалын үеийн “Цэнхэр” тасалбарын хувьцаа, түүний ногдол ашгийн хөрөнгөтэй холбоотой мэдээллийг иргэдэд хүргэх ажлуудыг хамтран хийжээ.

“Эрдэнэс–Тавантолгой” ХК-ийн мэдээллийн ажилтан  Нямдоржоос тодруулга авлаа.

-Сайн байна уу? Өнөөдөр Завханы Улиастайд нийт хувьцаа эзэмшигч иргэдэд зориулсан сургалтуудыг хийж байна. Завхан аймгийн хэдэн суманд ажиллах вэ?

-Манай компаниас хувьцаа эзэмшигч нийт иргэддээ зориулж “Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд Монгол Улсын 330 суманд нийт 16 баг иргэдэд мэдээлэл өгөх, хувьцаа, үнэт цаасны тухай мэдлэг мэдээлэл олгох сургалт явуулж судалгааны ажлыг хийж байна. Завхан аймагт манай компанийн дөрвөн баг аймгийн хойд, урд, төвийн бүсүүд нийт 20 суманд ажиллана. Завханд ажиллаж буй баг нь судлаач, сургалт хариуцсан ажилтан, жолооч гээд нийт 12 хүн ажиллаж байгаа. Өнөөдөр Улиастайд хоёр баг ажиллаж аймгийн ЗДТГ-ын ажилчид, төрийн албан хаагчид, Онцгой байдлын газар, МУИС-ийн Завхан сургууль Цагдаагийн газрын алба хаагчдад мэдээлэл сургалтыг явуулж судалгаа авлаа. Улиастайд хоёр өдөр ажиллана.

 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд 2018 онд 800 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Энэхүү цэвэр ашгийг “Эрдэнэс-Тавантолгой”-н үйл ажиллагааг өргөжүүлэх, тэлэх зорилгоор хэд хэдэн томоохон төслийг санхүүжүүлэхэд зориулсан байгаа. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, авто зам барих, баяжуулах үйлдвэр барих гэх мэт томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд иргэд маань хөрөнгө оруулалт хийсэн гэсэн үг.

2018 онд компанийн зүгээс тодорхой хэмжээний ашигтай ажиллана гэж төлөвлөсний дагуу 2019 онд компанийн ашгийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж ашигтай ажилласан. 2019 онд 110 хувиар төлөвлөснөөс давуулан биелүүлж ажилласан байна. Тэгэхээр нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай гарах бололцоотой харагдаж байгаа. 2019 онд нийт хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараахаар болсон. Тийм учраас хувьцааны ногдол ашгийг юунд зарцуулахыг ард иргэдийн саналаар шийдвэрлэнэ. Засгийн газар иргэдийн саналыг үндэслэн тогтоол гаргаж, харин манай компани уг шийдвэрийг хэрэгжүүлнэ. Тиймээс ногдол ашгийн талаарх мэдээллийг иргэдэд хүргэх, судалгаа авах зорилготой аяныг зохион байгуулж байна. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өгөх,1072 хувьцааг хэрхэн яаж эргэлтэд оруулах вэ, хувьцаа хөрөнгийн зах зээл гэж яг ямар үйл ажиллагааг хэлээд байгаа юм, энэ талаарх суурь мэдлэгийг иргэдэд өгөхөөр ажиллаж байна.

-Өнөөдөр компанийн хувьцааг нийт хэчнээн иргэн эзэмшиж байгаа вэ? Төрд тодорхой хэмжээний ногдол ашиг өгнө гэж та мэдээлж байсан?

-“Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 хувьцааг Монгол Улсын 2,511,000 иргэн, 486 аж ахуйн нэгж эзэмшдэг. "Эрдэнэс-Тавантолгой" компанийн нийт хувьцааны 85 хувийг Засгийн газар, 14.5 хувийг ард иргэд, 0.5 хувийг компаниуд эзэмшиж байгаа. Олон улсын зах зээлд ІРО гаргах үүрэг хүлээн бэлтгэл ажил явж байна. Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн долдугаар сард 296 дугаар тогтоол гарч, дараа оны эхний улиралд багтаан хувьцааг тараах чиглэл өгсөн байгаа. Түүний дагуу компанаас ажлын хэсэг багууд гарч аймгуудаар явж иргэддээ хувьцааны мэдээллийг өгч байна. 14.5 хувь нь иргэдийнх, 85 хувь нь төрийн мэдэлд байдаг учраас ногдол ашиг тараах хууль эрх зүйн зохицуулалтынхаа дагуу компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд хувьцаа эзэмшигчиддээ хувь хэмжээгээр нь ногдол ашгийг өгөх юм.

Ер нь хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараах уу үгүй юу гэдгийг мөн л хуулийн зохицуулалтаар шийдвэрлэдэг гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Иргэд 1072 хувьцаанаас өөрийн ногдол ашгийг хүртэхийн тулд юуны өмнө хувьцааны данс нээлгэсэн эсэхээ шалгах хэрэгтэй. Одоогийн байдлаар 2.5 сая иргэнээс тал хувь нь дансаа нээлгээгүй гэсэн мэдээлэл бий. Тиймээс 1072 хувьцаа мэдээллийн төвтэй 1800-1072 утсаар холбогдон асуух ба erdenestt.mn сайт, ett аппликейшн www.net.schcd.mn/registration/ "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв"-ийн цахим хуудсанд регистрийн дугаараа оруулснаар шалгах боломжтой юм.

-Иргэд хэр идэвхтэй оролцож байна вэ? Өнөөдрийн байдлаар нийт хэчнээн иргэн сургалтад хамрагдав?

-Завхан аймагт хоёр дахь өдрөө ажиллаж байна. 1500 гаруй иргэн сургалтад хамрагдаж мэдээлэл авсан байна. Иргэд сургалт, мэдээлэл өгөх үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцож байгаа нь сайшаалтай.

-Сургалтын үеэр судалгаа авч байгаа гэлээ. Яг ямар судалгаа вэ? Мөн иргэдээс ирүүлж буй асуултууд яг ямар асуулт байна вэ?

-Нийт хувьцаа эзэмшигч иргэдийнхээ хөрөнгийн зах зээл дэх мэдлэг, мэдээлэл, суурь ойлголтын талаарх судалгаа, саналыг авч байгаа. Сургалт, уулзалтуудаас харахад иргэдээс ногдол ашгийн талаарх буруу ойлголт байсаар байна. Тиймээс ч ногдол ашгийг хэрхэн яаж мөнгө болгох талаарх асуулт ихэвчлэн ирж байна. Ер нь ногдол ашиг гэдэг нь компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашгийг тараах уу гэдгийг шийддэг байгаа. Ашигтай ажиллаж байгаа компанийн ашгийг юу юугүй зарж борлуулж 1991 оны өмч хувьчлалын алдааг давтах вий гэж сэрэмжлүүлэх зорилгоор сургалт мэдээлэл, зөвлөгөөг иргэдэд хүргэж байгаа юм.

1991 онд цэнхэр тасалбар авсан иргэд дөнгөж арилжаа эхлэнгүүт зарж борлуулж үрэн таран хийсэн байдаг. Гэтэл одоо тэр хувьцаа нь хэдэн 10, 100 саяар үнэлэгдэх үнэ цэнэ бүхий хөрөнгө болсон. Яг л үүнтэй адил одоогийн “Эрдэнэс-Тавантолгойн” хувьцааг авсан иргэд эргэлтэд оронгуут зарж борлуулснаар 10, 20 жилийн дараах өгөөж баялгаасаа татгалзсандаа харамсах вий. Эрсдэлд орох вий гэж бодож байна. Иргэдийн дийлэнх хувь нь хувьцаагаа зарах магадлал өндөр байдаг. Тиймээс “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг иргэд зарах биш өвлүүлдэг, улмаар ногдол ашгаа хүртдэг, хувьцааныхаа үнэ цэнийг сайтар мэддэг байгаасай гэсэн зорилгоор бид хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголт мэдлэгийг маш энгийнээр иргэдэд ойлгуулж өнөөдрийн мөнгөнөөс ирээдүйн хөрөнгө чухал гэдгийг л сануулж байгаа юм.

Иргэд үнэт цаасны данс нээлгэснээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг өөрийн дансанд байршуулж баталгаажуулан хөрөнгийн бирж дээр арилжаанд оруулах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, санал өгөх, хувь эзэмшиж буй компанийнхаа ашгаас жил бүр ногдол ашиг авах зэрэг давуу талтай юм. Сургалт, судалгаа авах үеэр зарим иргэд өөрийн эзэмшиж буй хувьцааныхаа ногдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр авах эсвэл хөрөнгийн зах зээлийн эргэлтэд оруулах зарчмаар хувьцаагаа өсгөх хүсэлтэй байгаагаа хэлж байсан.

"Эрдэнэс Тавантолгой" компаниас иргэн бүр хувьцаа, хөрөнгийн зах, зээлийн мэдээлэлтэй байж өөрийн хувьцаагаа хянаж, хөрөнгийн зах зээлд оролцоход нь туслах зорилгоор “Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд Монгол Улсын 21 аймаг 330 суманд ажиллаж, амьдарч буй иргэдэд хувьцаа, хөрөнгийн зах зээлийн талаарх анхан шатны мэдлэг өгөх сургалт өгч судалгаа авахаас гадна брокер дилерийн компаниудтай хамтран үнэт цаасны данс нээх үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.