| | USD/MNT 0₮

Л.Энхтүвшин:ЭХЭМҮТ хэмээх энэ алаг байшинтайгаа ажил амьдралаа холбоод 25 жил болжээ

Өнөөдөр Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна. Энэ өдрийг манай улс 1995 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж ирсэн уламжлалтай.

Энэ жил коронавиурсийн улмаас манай улс сувилагчийн өдрийг тэмдэглэхгүй олныг цуглуулахгүй байхаар шийдсэн байна.

Гэхдээ улсын эмнэлгүүд баярын хурлаа онлайнаар зохион байгуулж байна. Ингээд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгийн ахлах сувилагч Л.Энхтүвшинтэй ажлынх нь талаар ярилцлаа.

-Сайн байна уу. Танд олон улсын сувилагчдын баярын өдрийн мэнд хүргэе?

-Баярлалаа. Энэ завшаанийг ашиглаад Монголынхоо бүх сувилагч нартаа баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай.

-Ажил амьдралын гараагаа ЭХЭМҮТ-тэй холбож байсан үеэ дурсвал. Хэдэн жил хүүхдийн эмнэлгийн сувилагчаар ажиллаж байна вэ?

-Миний хувьд 1990-1991 оны хооронд энэ эмнэлгийнхээ Эрчимт эмчилгээний тасагт асрагч хийгээд 1995 оноос эхэлж сувилагч хийсэн. Дараа нь Яаралтай түргэн тусламжийн тасагт сувилагчаар ороод нийтдээ 25 жил хүүхдийн сувилагч хийж байна.

-ЭХЭМҮТ өнөөдөр сувилагч нартаа зориулж ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулсан уу?

-Нэг дор олон хүн цуглуулж бөөгнүүлэхийг хориглосон байгаа. Гэхдээ манай эмнэлэг баярын хурлаа онлайнаар зохион байгуулна гэсэн. Эрдэм шинжилгээний хурлаа мөн онлайнаар хийсэн.

-Хүүхэдтэй ажиллахад их арга эв шаардагдах байх. Ер нь хүүхэдтэй ажиллахад хүндрэл бэрхшээл байдаг уу. Эсвэл хөөрхөн ертөнц шиг санагддаг уу?

-Хүүхдийн сувилагч байх хамгийн сайхан мэргэжил. Хүүхэд өвдөж муудаад ирлээ гэхэд хэдхэн минутын дотор асаргаа сувилгаа эмчилгээ хийхээр нүдэн дээр сэргээд ирдэг. Хүүхдийн үнэр нь хүртэл хөөрхөн гоё санагддаг. Хүүхэд их онцлогтой ертөнц шүү дээ.

-25 жил хүүхдийн сувилагчаар ажиллажээ та, өөр тасаг руу шилжье гэсэн бодол байдаг уу?

-Надад шилжье гэсэн бодол огт байхгүй. Сувилагч болоод энэ алаг байшинтай ажил амьдралаа холбосон. Миний амьдрал зайлшгүй холбоотой учраас тэтгэвэртээ гартлаа энэ тасагтаа ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд сууна даа. Миний хамаг амьдрал, залуу нас энэ байшинтай салшгүй холбоотой шүү.

-Анх ажлын гараагаа эхэлж байхад хэцүү шантрах үе байсан уу. Ер нь ямар санагдаж байсан бэ?

-Анх бол үнэхээр хэцүү байсныг нуухгүй. Сургуулиа төгсөөд шууд Эрчимт эмчилгээний тасагт орсон. Наад зах нь судас хатгаад олохгүй сандрах. Амь тэмцсэн хүнд хүүхдүүд ирнэ, хурдан шуурхай арга хэмжээ авахгүй бол болохгүй шүү дээ. Гэтэл судсаа олохгүй өөрөө сандарч уймарна. Сэхээний тасаг юм чинь эндэгдэл гарна. Шөнөжин аппараттай хүүхэд хараад хоносон хэцүү үеүүд олон бий. Хүүхэд эндвэл айж, эцэг эхийг нь дагаж уйлаад хямардаг байсан. Тэр бүхнийг давж, бага багаар суралцсаар өдий хүрчээ.

-Нэг хүний амийг аварвал та баатар, мянган хүний амийг аварвал та сувилагч гэж үг бий. Сувилагч мэргэжлээрээ бахархана биз?

-Хүний дурлаж сурч эзэмшсэн мэргэжил сайхан байлгүй яах вэ. Ах дүү хамаатан садандаа хүртэл хүндтэй шүү. Сүүлийн үед сувилагч мэргэжлийн үнэ цэнийг хүмүүс ойлгодог болжээ. Сайхан буянтай ажил. 

-Сувилагч хүн бусдаасаа суралцах үе зөндөө байдаг байх?

-Бид нар бие биенээсээ их суралцаж мэдэхгүй чадахгүй зүйлээ мэдэж олж авна. Төгсөлтийн дараах сургалтууд байдаг. Би 1995 онд Сувилахуйн сургуулийг төгсөөд дараа нь Хүүхдийн эрчимт эмчилгээний сувилагчийн курс төгссөн. Дээрээс нь хүүхдийн сувилагч, 2005 онд яаралтай тусламжийн сувилагч гээд нарийн мэргэжлээр мэргэшээд явдаг.

-Таны ажлын нэг өглөө хэрхэн яаж эхэлдэг вэ?

-Сувилагч нарын ажлын нэг өглөө бол ирээд ээлжээ хүлээж авахаас эхэлнэ. Манай тасгийн сувилагч нар хариуцлагатай. Манай тасаг их онцлогтой, онош тодрохгүй хүүхдийг бол аваад хононо. Өглөө эм тариагаа хувиарлах, жижүүр солилцохоос тухайн өдрийн ажил өрнөнө дөө.

-Хүнд хүүхэд ирж айж сандаргах тохиолдол зөндөө байх?

-Манайх яаралтай тусламжийн тасаг учраас янз бүрийн хүүхдүүд ирнэ. Манай тасаг ямар зураглал, ямар чиглэлээр ажиллах уу, хамгийн эхлээд хэн үзэх үү, тусламж хэн үзүүлэх вэ гэдгийг хувиарлана. Гурван сувилагч байлаа гэхэд хэн нь ямар тусламж үйлчилгээ үзүүлэх вэ гээд бүгд тусдаа чиг үүрэгтэй. Мэдээж сандрах үе гарна.

-Танай тасгаар үйлчлүүлээд эрүүл болоод гарсан хүүхдийн эцэг эх болоод  хүүхдүүд “баярлалаа” гэдэг үгийг харамгүй хэлдэг болов уу. Бас нэг сайхан мэдрэмж, урам авна биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Манайхаар хандсан хүүхдүүд эсвэл дотогшоо эмчилгээнд ордог. Эсвэл манай тасагт эмчилгээ хийлгээд зориур нь арилаад буцдаг. Харин “Та нарт баярлалаа” гэдэг урмын үг тэр өдрийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, тэтгэдэг шүү. 

-Коронавиурсийн халдвартай байгаа энэ үед ачаалал хэр байна вэ?

-Манай тасгаар үзүүлж үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн ачаалал жилээс жилд нэмэгдэж байгаа. Энэ жилийн хувьд коронавирустэй холбоотойгоор эмнэлэгт хандах хүмүүсийн тоо харьцангуй багасчээ. Ер нь бол хэмжээндээ байгаа гэж хэлж болно. 

-Ханиад томуугийн улиралд ачаалал их байгаа харагддаг. Урин дулаан цагт буурсан юм шиг байна. Гэхдээ ирж байгаа хүүхдүүд ихэвчлэн ямар  тусламж авахаар ирж байна вэ?

-Дулаарсан учраас ханиад томууны үе өнгөрсөн. Одоогоор манайд ирж байгаа хүүхдүүд ихэвчлэн мэс заслын өвчинтэй ирж байна. Дээрээс нь эм, химийн бодис ууж хордож ирсэн тохиолдол их байна.

-Эцэг эхийн асран хамгаалагчийн хараа хяналтгүй байдлаас болж хүүхдүүд эм болон хорт бодисонд хордоод байна уу. Шалтгаан нь?

-Сүүлийн жилд эм эмийн бодис ууж хордож байгаа  нь эцэг эхийн хараа хяналттай шууд холбоотой. Тиймээс манай эмнэлгээс зөвлөмж зөвлөгөөг эцэг эхчүүд болон сургууль цэцэрлэгт байнга хүргүүлж байна.

-Сувилагч нарт тулгамдаж байгаа өчнөөн асуудал бий. Наад зах нь орон сууцны асуудал хүндрэлтэй байдаг талаар эмч нар ярьдаг?

-Яг тийм. Сүүлийн хоёр жил цалин хөлс харьцангуй нэмэгдсэн. Манай эмнэлэг бол боломжоороо ажилчиддаа дэмждэг. Харин тулгамдаж байгаа асуудал гэвэл орон сууц байна. Эмнэлгийн ажилчдыг бага хүүтэй орлогод нийцүүлж орон сууцаар хангах ажлыг төрөөс хийж хэрэгжүүлбэл маш их баярлана. Ялангуяа сувилагч нар байрыг шууд 30 хувиа төлөөд авна гэдэг үнэхээр хүндрэлтэй.

-Салбарын сайд таатай сайхан мэдээ дуулгасан байсан. Цар тахлын үед ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтнуудыг түрээсийн орон сууцаар хангаж, өмчлүүлнэ гэсэн мэдээг дуулгасан?

-Тиймээ, сонссоод баярласан. Хүмүүс сайхан хүлээж авч байна билээ. Хүн тодорхой хэмжээгээр орон байрны асуудлаа шийдчихвэл сэтгэл тайван ажлаа хийх болов уу.

-Ажилд нь амжилт хүсье?

-Баярлалаа.

 

Хүүхдийн сувилагч байх хамгийн сайхан мэргэжил. Хүүхэд өвдөж муудаад ирлээ гэхэд хэдхэн минутын дотор асаргаа сувилгаа эмчилгээ хийхээр нүдэн дээр сэргээд ирдэг. Хүүхдийн үнэр нь хүртэл хөөрхөн гоё санагддаг. Хүүхэд их онцлогтой ертөнц шүү дээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.