| | USD/MNT 0₮

Өнөөдөр ОУ-ын сувилагчдын өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр тохиож байна. Манай улсын хувьд 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж иржээ.
 
Жил бүрийн сувилагчдын өдрийн хүрээнд тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж тэмдэглэдэг.

Олон улсын сувилагчдын өдрийг угтаж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэрбээр “ Эрхэм хүндэт сувилагч, эх баригчид та бүхэндээ олон улсын сувилагч, эх баригчдын өдрийн мэнд хүргэж, ажлын амжилт, эрүүл энх сайн сайхныг хүсье.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2020 оныг “Сувилагч, эх баригчийн жил” болгон зарлаж тэднийг дэмжих үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийхийг улс орнуудын төр засагт уриаллаа.

Дэлхийн хэмжээнд 43.5 сая эрүүл мэндийн ажилтан байгаагийн 20.7 сая нь сувилагч, эх баригч байна. Манай улсад эмнэлгийн мэргэжилтнүүдийн 23.4% нь сувилагч, 3.5% нь бага эмч, 3.5% эм найруулагч байгаагийн 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна. Сүүлийн хоёр жилд сувилагч 800-1000, эх баригч 40-өөр нэмэгдлээ. Гэхдээ сувилагчийн тоог нэмэгдүүлэх, ачааллыг тэнцвэржүүлэх шаардлага хэвээр байна.
Монгол Улсын Засгийн газар “Сувилахуй-2020” үндэсний хэмжээний зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Мөн “Сувилахуй, эх барихуйн чиглэлээр 2020 онд хийх үйл ажиллагаа”-ны төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Энэхүү төлөвлөгөөнд сувилахуй, эх барихуйн асуудлаар улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалтыг хангаж ажиллах бүтэц, нэгжийг бүх шатанд бий болгох; сувилагч, эх баригчийг тогтвор суурьшилтай ажиллуулах; шөнийн ээлжийн цагийг богиносгох, ажлын ачааллыг бууруулах; сувилагчийн мэргэжлийн сургалтын зардлыг төр хариуцах, манлайлагч, удирдагч, багшлах боловсон хүчнийг бэлтгэх, компьютер, хэлний мэдлэг олгох зэрэг асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэхээр тусгасан.
Орон нутагт ажиллаж байгаа сувилагч, эх баригчдын тулгамдсан асуудлыг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын Эрүүл мэндийн сайдтай байгуулах үр дүнгийн гэрээнд тусган, баталж, үр дүнг тооцож ажиллах болсон нь тулгамдаж байгаа олон асуудлыг орон нутагт нь шийдвэрлэх боломж бүрдлээ.
Монгол Улсын Засгийн газраас сувилагч, эх баригчийн цалинг 2018 оноос хойш 49 хувиар нэмэгдүүллээ. Цаашид ч шат дараатай нэмэгдүүлэх үйл ажиллагаа үргэлжилнэ. Түүнчлэн “Коронавируст халдварын цартахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хууль”-ийг УИХ-аар батлан түрээслэн өмчлөх замаар орон сууцжуулах үйл ажиллагаа эхлэх гэж буйг дуулгахад таатай байна.


Шинэ коронавирусийн улмаас нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахгүй байгаа ч сувилагч эх баригчийн ажил, үйлсийг харуулсан “Эгэл баатрууд” баримтат кино бүтээж та бүхэндээ толилуулж байгаа бөгөөд ДЭМБ-аас гаргасан зурагт хуудсуудыг орчуулан түгээхийн зэрэгцээ телевизийн дэлгэцээр “Сувилагч чамдаа баярлалаа” хүндэтгэлийн тоглолт зохион байгуулах гэж байна.


Манай сувилагч, эх баригчид ямар ч үед гар хумхин суудаггүй, дэлхийг нөмөрсөн коронавируст халдварын цар тахлын үед ч хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсээр байна.


Сувилагчийн сургуулийн 829 оюутан 21 аймгийн 109 сумын эрүүл мэндийн төв болон нийслэлийн 23 өрхийн эрүүл мэндийн төвд өөрийн хүсэлтээр ажиллаж, ард түмнийхээ эрүүл мэндийн манаанд хувь нэмрээ оруулж байна.


Та бүхэндээ олон улсын сувилагчдын өдрийн мэнд хүргэж эрүүл энх, ажлын амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.

Дэлхийн хэмжээнд 43.5 сая эрүүл мэндийн ажилтан байгаагийн 20.7 сая нь сувилагч, эх баригч байна. Манай улсад эмнэлгийн мэргэжилтнүүдийн 23.4% нь сувилагч, 3.5% нь бага эмч, 3.5% эм найруулагч байгаагийн 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.