| | USD/MNT 0₮

Д.Оюунгэрэл:Миний нөхөр гадаадын байгууллагатай хамтран ажилласан зүйл байхгүй, нэр төрөө сэргээлгэнэ

Тагнуулын ерөнхий газрын Гадаад тагнуулын газрын дарга асан Ш.Амгалангийн гэрт нэгжлэг явуулж, баривчилаад 48 цаг саатуулаад прокурорын шийдвэрээр сулласан байдаг юм.

Тэгвэл Ш.Амгалангийн ар гэрийнхний амьд явах эрхэд ноцтой халдаж байгаа үйлдлүүд удаа дараа гарч байгаа учир Хүний эрхийн байгууллага энэ тал дээр анхаарч өгөхийг түүний гэргий Д.Оюунгэрэл хүссэн байна.

Ингээд түүнтэй ярилцллаа.

-Танай нөхрийг энэ сарын 03-ны өдөр баривчилсан байдаг. Твиттерт жиргэснийх нь төлөө баривчилсан гэдэг. Энэ үнэн үү?

-Намайг Оюунгэрэл гэдэг. Эрүүл мэндийн системд 36 жил ажилласан дотрын эмч мэргэжилтэй хүн. Харин миний нөхөр Ш.Амгалан ТЕГ-ын Гадаад тагнуулын албаны даргаар ажиллаж байсан хурандаа цолтой хүн. ЗХУ-д сургууль төгссөн.

Энэ сарын 03-нд хууль бус аймшгийн баривчилгаа явагдсан. Хууль бус аймшгийн баривчилгаа явагдсан юм. Энэ баривчилгаанд миний охин бид хоёрыг барьж авч явсан. Бид хоёр тагнуулын ажилчин биш шүү дээ, гэтэл их муухай дээрэнгүй биед минь халдсанд гомдолтой байгаа.

Тухайн өдөр гэр бүлээрээ Эмээлт рүү салхинд гарах гээд явцгаасан. Гэтэл гэв гэнэт гурван машин замд жалга руу шахсан. Хэрвээ хоёр метр яваад зогсоогүй бол бид жалга руу унаж онхолдох байсан. Нэг гэр бүл сүйрэх байсан. Миний эрүүл амьд явах баталгааг алдагдуулах шахсан.  “Надад эмнэлгийн тусламж хэрэгтэй байна, тусламж үзүүлээч” гэж тэдгээр хүмүүст хандахад үл тоосон.  Тэр хүмүүс Д.Гэрэлийн шийдвэрээр ирсэн баривчилгааны хүмүүс байсан.

Ингээд бид баривчилагдаад 13 дугаар хороололд байдаг гэртээ ирсэн. Гэтэл манай нөхрийг битүү хар уутанд угалчихсан байсан. Бид нарыг өдрийн турш бусдаас дагаж, дарамталж хүний амь нас эрүүл мэндэд ноцтой халдсан.  Охинтой минь чирч гулдчиж биеийг  нь хөх эрээн болтол толбо үлдсээнд гомдолтой байна.

-Танай нөхөр тухайн үед твиттерт юу гэж жиргэсэн юм бэ?

-Миний нөхөр твиттерт жиргэдэг нь үнэн. Юу гэж жиргэдэг вэ гэхээр “Хар тамхины наймаа Монгол Улсад их газар авлаа. Олон улсад хар тамхины наймаанд оролцож байгаа дипломатуудад хариуцлага тооцоочээ” гэж үнэнийг жиргэдэг. Гэтэл твиттерт жиргэлээ хэмээн ингэж хэд хэдэн удаа эрүүгийн хэрэг үүсгэж, хилсээр ял тулгаж, насаар нь хорих ялаар оноож байгааг бид эрс эсэргүүцэж байна. Хийгээгүй хэргийнх нь төлөө яллаж 48 хоног хоригдсонд гомдолтой байгаа. Ганцхан хүний гарын үсгээр хийгдсэн бузар булай үйлдлийг нь шударга прокурор шүүхийнхэн цуцлаж, нөхрийг минь сулласанд баярласан.

-ТЕГ-ын дарга Д.Гэрэл танай нөхөрт яагаад дургүй байдаг юм бол. Хувийн өш хонзон бий юу?

-Одоогийн дарга Д.Гэрэл албан тушаалд томилогдож ирэнгүүтээ нэг л хүнийг өөрчилнө. Энэ хүн бол Ш.Амгалан гэж хэлж хэлээд хууль бусаар ажлаас халсан. Ингээд 2017 оноос хойш ажилгүй, тэтгэвэргүй ажиллах эрхээ хасуулсан хүн. Д.Гэрэл миний нөхрийг 2019 оны долдугаар сарын 10-нд наадмын өдөр зөрчлийн хэрэг нээж цагдаа прокурор шалгуулсан байдаг.

Тухайн үед хэргийг шалгасан мөрдөгч “Ш.Амгаланд зөрчлийн хууль үүсгэх зөрчил алга. Та бол хууль бус ажиллагаа хийгээгүй байна” гээд хэрэг үүсгээгүй. Дараа нь хилчдийн баяраар “Тагнуулын нэр хүндийг гутааж твиттерт элдэв зүйл жиргээд байна” гэж цагдаад өгсөн байдаг.

Мөн цагдаагийн байгууллага шалгаад хэрэгсэхгүй болгож байсан. Гэтэл сая тавдугаар сарын 03-нд хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр хууль бус баривчилгаа явуулж миний нөхрийг, намайг, охины минь хамт баривчилсан байдаг юм.

-ТЕГ-ын дарга Д.Гэрэлийг та хэр таних юм бэ?

-Д.Гэрэл бол нам дагасан олигарих бүлэглэлийн эзэн хүн. Д.Гэрэл дарга гурван жил манайхыг дарамталж байна. Миний нөхөр гурван жил цалингүй ажилласан.

Монгол Улсын Тагнуулын ерөнхий газар гэж Д.Гэрэлийн удирддаг шударга бусын хонгил үүсээд удаж байна. Энэ хонгилдоо олон сайхан залуусыг өөрийн дур зоргоор хөдөлгөж байна. Хатанбаатар гэж мөрдөгч энэ хууль бус баривчилгааг зохион байгуулсан юм.  Маш бүдүүлэг харьцаатай залуу байсан. Гэтэл тэр нь ЦЕГ-ын хурандаа Ж.Амгалан гэж хүний хүүхэд юм билээ.

Тиймээс бидэнтэй маш бүдүүлэг харьцаж хандсан Хатанбаатарыг хууль шүүхийн байгууллагад өгнө.  

-ТЕГ-ын дарга Д.Гэрэл байгууллага дотроо ажилчиддаа хэлмэгдүүлдэг гэсэн үү?

-2012 онд ТЕГ-ын дарга байхдаа Сөрөх тагнуулын газрын дарга Д.Цогтбаатарыг хэлмэгдүүлж байсан. Тухайн үед эхнэр нь хэвлэлд хандаж байсныг та бүхэн мэдэх байх.

Д.Гэрэл бол 70 настай. Монгол төрийн хамгийн өндөр настай дарга, хуулийн байгууллагын хамгийн баян дарга. Өөрийн хувийн хамаарал бүхийн хууль бус уул уурхайн бизнес эрхэлдэг. Нарангийн голыг сүйтгэж, газар шороог нь сэндийлсэн гээд мэдээлэл яваад байгаа. Охин нь Шарын голын уурхайд ТУЗ-ийн даргаар ажилладаг гэсэн мэдээлэл бий. Д.Гэрэл нь БНСУ-д Элчин сайдаар ажиллаж байхдаа Хотгор шанагын уурхайн наймаанд оролцож байсан.

-Танай нөхөр улсын нууцтай холбоотой асуудал юмуу, эсвэл үндэсний аюулгүй байдалд халдахаар зүйлийг олон нийтийн сүлжээнд жиргэсэн юм болов уу?

-Тийм зүйл огт жиргээгүй. Дандаа миний нөхөр эх сурвалжтай үнэн бодит зүйлийг жиргэдэг. Манай нөхрийг тагнуулын байгууллагын нэр сүрийг гутаагаад байна гэдэг. Тэгсэн хэрнээ өөр ТЕГ-аа хувийн эзэмшлийн зэвсэг болгон ашиглаж байна.

Үнэндээ бол миний нөхрийг ажиллаж байх үед хар тамхины наймаа гарч байгаагүй. Чин сэтгэлээсээ шударгаар ажиллаж байсан хүнийг баривчилж байна.

-Гадаадын тагнуулын байгууллагатай хууль бусаар хамтран ажилласан гэх мэдээллийг ТЕГ-аас өгсөн?

-Миний нөхөр 48 цаг хоригдоод гарсны дараа хэлсэн. ТЕГ-ын олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Баярхүүгээс нэр төрөө сэргээлгэнэ гэж телевизээр дамжуулан мэдэгдсэн.

Яагаад эх сурвалж нь мэдэгдэхгүй хилс хэрэгт хүнийг гүжирддэг юм бэ. Миний нөхөр гадаадын байгууллагатай хамтран ажилласан зүйл байхгүй. Цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа сэхээтэн айл. Тиймээс нөхрийнхөө энэ асуудлаар миний биеэ хөлөө хүрэх газраа хүртэл явна. НҮБ-ын Хүний эрхийн байгууллагын комисст өргөдлөө гаргаж өглөө. АТГ-т өргөдөл өгсөн. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөсөй. Охин бид хоёр шууд баривчлагдсан. Амьд явах баталгаа алга.

Одоогийн дарга Д.Гэрэл албан тушаалд томилогдож ирэнгүүтээ нэг л хүнийг өөрчилнө. Энэ хүн бол Ш.Амгалан гэж хэлж хэлээд хууль бусаар ажлаас халсан. Ингээд 2017 оноос хойш ажилгүй, тэтгэвэргүй ажиллах эрхээ хасуулсан хүн
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.