| | USD/MNT 0₮

Б.БОЛОРОО:БУРХАН БОЛСОН ХАНИЙНХАА НЭРИЙГ СЭРГЭЭЖ ЧАДЛАА, ТЭР МИНЬ АРХИ ХЭРЭГЛЭЭГҮЙ НЬ ТОГТООГДЛОО

Хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон иргэн Б.Болороо өнгөрсөн жил нөхрөө харамсалтайгаар алдсан хэрэг гарч байсан билээ.

Тодруулбал түүний нөхөр А нь "Хишиг арвин индустриал" ХХК-д лифтчин хийдэг байсан бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа лифтний хөндий хэсэгт унаж амь насаа алдсан билээ.

Түүнийг 19 хоногийн дараа олсон бөгөөд  задлан шинжилгээний дүгнэлтээр согтолтын зэрэг 2.4 буюу өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон гэж гарсан. Харин Б.Болороо золгүй байдлаар амиа алдсан нөхрийнхөө  нэр төрийг сэргээлгэх, шүүх эмнэлгийн дүгнэлтийг эсэргүүцэж өнгөрсөн намар тэмцэл өрнүүлж,  төв талбай дээр 12 хоног суулт хийсэн билээ. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх гарч ирж, хэргийг үнэн мөнөөр шийдэхэд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулснаар уг хэрэг дахин хянагдаж эхэлсэн.

Тэгвэл өчигдөр тэрбээр өөрийн цахим хуудаснаа ханийхаа нэр төрийг сэргээж чадсан талаараа бичжээ. 

Тэрбээр "Шүүх эмнэлгийн дахин бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр алкохол хэрэглээгүй нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл 2.4 промилл хэмжээ нь согтолтын зэрэг биш тэр дор 19 хоног байж өмхийрч, муудсанаас бий болсон исэлтээс үүдсэн хэмжээ гэж гарсан.

Мөн МХЕГ-аар дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулан дүгнэлт гаргахад миний хань буруугүй, компанийн 100%  буруу гэж гарсан.

Миний эцсийн, цор ганц хүсэл бол ханийхаа нэрийг л цэвэрлэх байсан. Би зорилгодоо хүрсэн, гэхдээ өөрийн сайндаа биш та бүгдийн дэмжлэгээр.Бид ямар ч зүйлд нэгдэж чадвал ялж болдог юм байна, ҮНЭН илэрдэг юм байна шүү. "БИЕ НЬ ЭНЭ ОРЧЛОНД БАЙХГҮЙ БОЛЛОО Ч ҮР НЬ ҮЛДСЭН ХОРВООД НЭР НЬ ЦЭВЭР ЯВАГ ЭЭ"

Эхнээсээ намайг дэмжиж, урам өгсөн, зоригжуулсан, чи ганцаараа биш шүү гэж урагшлах итгэл хайрлаж байсан, хайрлаж байгаа ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА.

Худал хуурмаг зүйлтэй эвлэрээд сууж чадахгүй байгааг минь хараад хүсэл, санааг минь ойлгож бүх зүйлд минь хамт байж тэмцсэн ЭЭЖДЭЭ онцгойлон БАЯРЛАЛАА.

Тун удахгүй хавтаст хэрэгтэйгээ танилцсаныхаа дараа та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно" гэв.

"Шүүх эмнэлгийн дахин бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр алкохол хэрэглээгүй нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл 2.4 промилл хэмжээ нь согтолтын зэрэг биш тэр дор 19 хоног байж өмхийрч, муудсанаас бий болсон исэлтээс үүдсэн хэмжээ гэж гарсан.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.