| | USD/MNT 0₮

Т.Хөвсгөлдалай:Корона намдтал Берлин хотынхоо эрүүл энхийн манаандаа бат зогсоно доо

Германд ажиллаж амьдардаг монгол бүсгүй Берлины хамгийн том эмнэлэгт дэлхий нийтийг нөмрөөд байгаа аюулт цар тахал болох коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг асарч, сувилж байна.

Тэрбээр гурван жил гаруй тус улсад сувилагчаар ажиллаж байгаа юм байна. Түүний нэрийг Т.Хөвсгөлдалай гэдэг. Тангараг өргөсөн эмч, сувилагч нар энэ дэлхийн итгэл найдвар билээ. Ингээд түүнтэй ярилцлаа.

-Сайн байна уу, тантай Асу.мн сайтаас холбогдож байна. Та Герман улсын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байгаа юм билээ. Энэ талаараа ярилцаач?

-Сайн байна уу. Юуны өмнө таньд болон танай хамт олонд бас надад маш их урмын үг, зориг, ерөөлөө хайрласан Монголынхоо сайхан сэтгэлтэй хүмүүсдээ бүгдэд  нь энэ өдрийн мэнд хүргэе. Одоогоор би Берлин хотод эндэхийн хамгийн том Эмнэлгийн Концерн болох Vivantes- нэгэн салбар эмнэлэгт сувилагч мэргэжлээрээ COVID-19 халдварын сэжигтэй болон халдвар авсан өвчтөнүүдэд эмчилгээ сувилгаа үзүүлж байгаа.

-Өөрийгөө та товч танилцуулбал, хэзээ хаана ямар мэргэжил эзэмшсэн, хаана ажиллаж байсан бэ?

-Намайг Төмөрбаатарын Хөвсгөлдалай гэдэг. Хөвсгөл аймагт төрсөн ч Дорнод аймагт өсөж хүмүүжиж, Чойбалсангаараа овоглож, 10 жилээ төгссөн дөө. Айлын зургаан охины хоёрдахь охин. ХБНГУ-ын Берлин хотод гэр бүлийнхээ хамт амьдардаг. Энд би Анагаахын ухааны болон Эрүүл мэндийн чиглэлээр 3 жил сурч, Улсын шалгалт өгч байж Сувилагч мэргэжил эзэмшсэн. Энэ улсын шалгалтанд тэнцэж байж Герман улсад өвчтэй хүмүүсийг асрах сувилах зөвшөөрөлтэй болдог. Монголд эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаагүй.

Ер нь бол тэс ондоо мэргэжилтэй. Монголдоо Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль төгссөн. Герман хэлний Орчуулагч, Бизнесийн удирдлагын мэргэжилтэй. Ажлын хувьд хувиараа жижиг бизнес хийдэг байлаа. Орчуулагч хийдэг байсан. Бас хэсэг хугацаанд Жи-Мобайл компанид үйлчилгээний ажилтан хийж байж.

-Дэлхий нийтийг нөмөрсөн цар тахалтай тэмцэж, дэлхийд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллана гэдэг гайхамшигтай. Бас монгол хүн Германы том эмнэлэгт ажиллаж байна гэдэг нь нэр төрийн хэрэг юм шиг санагдсан. Яаж яваад энэ эмнэлэгт ажиллахаар болсон бэ?

-Баярлалаа. Миний төгссөн сургууль маань Vivantes Концернийх. Сурч байх хугацаандаа ойролцоогоор 14-15 өөр өөр тасагт дадлагад гарсан. Тэдгээрээс 10 тасгаас нь төгсөөд “манайд ажиллаач, манайд ирээч” гэж санал тавьж байсан. Би өөрөө мэс заслын тасаг сонгосон.  Ковид-19  цар тахал бид бүгдийг, дэлхийг цочроосон. Үүнээс болж мэс заслууд хойшлогдож, манайх болон бусад тасаг хэдэн тийшээ хуваарилагдаж эхлэсэн. Берлиний хамгийн том Эмнэлгийн комплекс болох  Charite- Vivantes Эмнэлгүүдийнхээ зарим тасгийг Ковид -19  цар тахал онцгой байдалд ажиллах хүч бэлдэж эхлэсэн. Сувилагч бүхэн л шаардлагатай болсон. Маш хурдан зохион байгуулах шийдэх болсон. Тэгээд л ажиллаж үзмээр санагдсан. Бас маш богино хугацаанд шийдвэр гаргасан.

-Герман улсад коронавирусийн халдвар нөхцөл байдал өнөөдрийн байдлаар ямар байна вэ?

-Одоогоор хүүхдийн цэцэрлэгүүд, сургуулиуд хаагдсан хэвээр. Миний охин гэртээ л байна. Хүнсний дэлгүүр, эмийн сан нээлттэй. Хэд хоногийн өмнөөс зарим хоригуудаа сулруулж эхлээд байна. Жижиг дэлгүүрүүд нээгдэж эхлэсэн. Бас сүүлийн өдрүүдэд Сургуулийн зарим ангиуд нээгдсэн, Удахгүй Ресторанууд нээгдэнэ гэсэн. Тоглоомын талбайнууд нээлттэй боллоо. Спортын төвүүд бас нээгдэж байх шиг байна. Бас хоёр айл уулзаж болохгүй байсан уулзаж болдог болж байна. Гэхдээ энэ хориг сулруулсныхаа үр дүнг 7 хоног ажиглаад тархалт нэмэгдэхгүй бол олон зүйл сайнаар эргэх байх. Эсрэгээрээ байвал буцаад хорио дэглэмээ чангатгана гэсэн

-Халдвар тархалт, өвчлөл цаашдаа нэмэгдэх нь үү, эсвэл оргил үедээ хүрээд намжиж байна уу?

-Берлинд өчигдрийн байдлаар  6261 тохиолдол бүртгэгдсэн байна.  80 сая хүн амтай Германд одоогоор нийт т 169.218 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байна. Энд хүмүүс 1.5 м зайгаа сайн барьж байна. Амны хаалтаа сайн зүүж байна. Тиймээс тархалт бол буурах байхаа. Сүүлийн 7 хоног дажгүй намжих төлөвтэй болж ирсэн.

-Таны хувьд хэдэн өвчтөнийг сувилж, эдгээж гаргасан бэ?

-Олон хүмүүс эдгэрээд л гараад байгаа. Одоогоор эдгэрч байгаа хүмүүсээ хараал урамшаад л давшлаад байна манай багийнхан.

-Ажлын ачаалал их байна уу?

-Гурав, дөрөвдүгээр сар бол маш ачаалалтай байсан. Тавдугаар сар бол дажгүй тайван эхлэх шиг болсон ч сүүлийн 1-2 өдөр бас л нэмэгдээд байх шиг ажиглагдаж байна. Коронагийн сувилагч байна гэдэг хамгаалалтын хувцсаа солих нь хамгийн эгзэгтэй мөч байдаг. Маш сонор сэрэмжтэй,няхуур, болгоомж, анхааралтай байх, дахин дахин шалгах ёстой. Маш жижиг алдаа гаргахад халдвар авах өндөр эрсдэлтэй. Тийм учраас ямар ч алдаа гаргах эрхгүй. Алхам тутамд өөрийгөө хянаж, буруу зөрүү хөдөлгөөн хийхгүй байна гээд жижиг сажиг зүйлд суралцах гэж жаахан чанга байна шүү( инээв)

-Эмчлүүлээд эдгэрээд гарч байгаа хүмүүсээ харах сайхан байх. Германчуудын харилцаа хандлага ч хүнлэг юм шиг санагдаад байдаг?

-Эдгэрээд гарч байгаа хүмүүсийнхээ тоогоор л сэтгэл, урам, хүч  маань цэнэглэгдэх шиг болдог. Германчууд хүнд баярлаж талархлаа их гоё илэрхийлдэг. Тас тэврээд л уйлна. Хэдий би эрүүл болоод гарч байгаа ч таныг маргааш харахгүй гэхээр гунигтай байна гээд л уяраагаад. Би ядаж байхад  уйламтгай, уярамтгай бас.

-Корона Германчуудын амьдралын хэв маягийг өөрчилж байна гэсэн. Яаж өөрчлөж байна вэ?

-Анх залуу хүмүүст хэцүү байх шиг санагдсан. Дураараа найз нөхөдтэй уулзахгүй, аав ээжийндээ орж гарч чадахгүй, парти-даж чадахгүй. Герман хүмүүс их  дэлхийгээр аялдаг хүмүүс. Удаан хугацаанд аялахгүй байгаад олон хүмүүс бухимдуу байна. Манай гэр бүл бас энэ жилийн олон том аялалууддаа гарч чадахгүй цуцласан. Бас л таагүй л байна даа. Хувиараа бизнэс эрхлэгчид дампуурч байна. Ажилгүйдэлд өртөж байна.

-Германчууд халдвар хамгааллын дэглэмээ хэр сайн сахиж чадаж байгаа вэ. Иргэддээ хандаж яг юуг хэлж зөвлөж байна вэ?

-Дэглэмээ сайн барьж байх шиг байна. Маскаа зүүж байна. Зайгаа сайн барьж байна. Нэг чухал зүйл бол Тест. Тест  авдаг Лаборууд хаа сайгүй газруудаа тэлж байна. 7 хоног бүр ойролцоогоор 600.000 хүн шалгуулж байна. Ингэснээр системд илүү сайн шалгагдаад явчихна. Бас эмнэлгүүд, түргэн тусламжийнхан бүх шинээр ирсэн өвчтөнүүдээс Ковид-19 тест авч байна.

Монголчууддаа  хандаж хэлэхэд болж үзвэл таньж мэдэхгүй хүмүүс болон олон нийтийн хөл хөдөлгөөнтэй газраар аль болох шаардлагагүй бол бүү яв, бүү уулз. Бүр шаардлагатай бол маскаа зүү.  Маск өдөр тутам хэрэглэ. Гараа сайн бүлээн сайн угаах. Цэвэр агаарт сайн яв. Дархлаа муутгадаг бүх муу зуршлуудаа өөрчил. Болж үзвэл бүү стресстээрэй. Стресс болон Нойргүйдэл Дархлааны гол дайсан. Маш сайн зөв амрах. Тохирсон хөдөлгөөн үргэлж хийх. Эрүүл зөв хооллох. Нүүр амандаа гараа аль болох бүү хүргээрэй. Коронагийн үеэр гоё сайхан охидуудыгаа, бүсгүйчүүдийгээ хиймэл болон урт хумснаас, сормууснаас түр хугацаанд татгалзаарай гэж зөвлөмөөр байна.

-Таныг Германы эмнэлэгт ажиллаач гэсэн санал тавихад та хэрхэн хүлээж авсан бэ. Айсан уу бас гайхсан уу?

-Маш их айсан, шок байсан, шууд л үгүй гэж хэлнэ гэж бодож байсан. Хоёр шөнө нойргүй хонож байж ажиллах уу болихуу гэдгээ шийдсэн дээ.  Тэгээд хүн бүрээс л асуусан бүр нүүр номныхоо найзууд руугаа асуусан. Магадгүй 90 % юу яриад байнаа балайраад байгаарай та гэсэн бол шууд үгүй гэж хэлэх байсан байхаа. Гэтэл эсрэгээрээ чадна, үзээд алд гэсэн хандлага намайг зоригжуулсан. Миний ганц том эгч их дайчин, хэтэрхий зоригтой хүн байдаг юм. Бас намайг их  зоригжуулсан. Чи одоо үгүй гэж хэлэх гээд байгаа юмуу тэгээд. Сурсан мэргэжлээ одоо яг энэ, чухал хэрэгтэй, үед нь гаргахгүй чи хэзээ гаргах гээд байгаа яах гээд байна, чи гээд зандрангаа алдсан байдаг шүү. Эгчдээ бас дандаа хүч өгж намайг зоригжуулж байдагт баярладаг даа. Манай нөхөр бас чи чаднаа. Би бүр мэдээд байна миний баатар эхнэр минь гээд нээх хөөрхөн. Тэгээд өөрийнхөө дотоод хүнээ бас 2 шөнө нойргүй байж сонсоод л, бас гэр бүл олон сайхан хүмүүс найзууд надад итгээд байхад яагаад бас өөртөө итгэж болохгүй гэж  үзээд алдая гэж шийдсэн дээ. Одоо бол Коронатайгаа дундаа орцон л, яаж ийгээл учраа олоод эхлэсэн дээ. Жинхэнэ хийвэл бүү ай гэдэг л болсон доо.

-Герман улсад коронавирусийн эсрэг ямар эмчилгээ хийж байна вэ. Эмчлэгдээд гарсан хүн эргээд өвчилсөн тохиолдол байгаа юу?

-Уушигний үрэвсэл болон бусад үрэвслүүдэд Антибиотик эмчилгээ хийгээд дээр нь дархлаа нь сайжраад ирвэл Вирус өөрөө сөрөг болж байна. Дархлаа л нэн чухал байна. Манайд одоогоор эргэж өвчилсөн тохиолдол байхгүй байна.

-Халдвар авсан хүн тутмынхаа гурвыг нь эмчлээд эдгэрүүлээд гаргаад байгаа гэсэн үү?

-Эндэхийн эрүүл мэндийн систем болон эмнэлгийн үйлчилгээ дэлхийн шилдэг нь. Эдгэрэлт 80% тай байна. Эмчлэгдсэн өвчтөнүүдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлж байна.

-Таны ажиллаж байгаа эмнэлэгт монголчууд өвчилж ирж хэвтсэн тохиолдол байгаа юу. Ер нь Германд ажиллаж амьдарч байгаа монголчууд халдварт хэр өртсөн байгаа бол. Мэдээлэл байна уу?

-Одоогоор Монгол хүмүүс байхгүй байна. Бас энд байгаа Монголчуудаас маань энэ аюулт өвчин холуур өнгөрөх болтугай гэж залбирч байна.

-Мөн та халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж байгаа юу. Гадаадад эмч сувилагч нар халдвар авч өвчилж өөд болсон гэх мэдээлэл их гараад байгаа?

-Би маш их хичээж байгаа. Алдаа гаргах эрх байхгүй. Энд одоогоор тийм зүйл болоогүй.  Манай эмч сувилагч нар бүгд ажлаа эрүүл саруул хийж байгаа.

-Эмнэлэг дээрээ тусгаарлагдсан байгаа юу, ар гэрийнхэнтэйгээ уулзахгүй байгаа юу?

-Германд нэг сонин юм нь гэртээ харьж болж байгаа. Анх бүр гэртээ орж ирээл нөхөр хүүхэд  2 тоо дөхөж чадахгүй. Зай барьж гүйгээд, охин гомдож уйлаад хэцүү байсан. Одоо хэвийн болсон. Хүүхдэд бол аюулгүй гэж үзэж байгаа. Ер нь биднийг болж үзвэл хүмүүсээс хол байхыг зөвлөж байгаа. Учир нь бид халдварын яг голомтод ажиллаж байгаа, хамгийн өндөр эрсдэлтэй хүмүүс учраас. Ер нь бол хүмүүсээс их зай барьж байгаа.

-Манай улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 39 тохиолдол батлагдснаас 9 нь эдгэрсэн байгаа. Хэдий дотооддоо алдаагүй ч айдас хүйдэстэй, сонор сэрэмжтэй байгаа нь үнэн?

-Дэлхий нийтээрээ л айдастай, тайван биш амаргүй байна. Дээр нь манай гол хөрш хоёр том гүрэн халдвар өндөртэй орнуудын дунд оршиж байгаа учраас сонор сэрэмжээ алдаж болохгүй. Саяхан 2 өдөр Бар ажиллаад хүмүүс ямар ч зай барихгүй бүжиглэж байгаа бичлэг хараад бүр арай ч дээ гээл бүтэн өдөр нэг бухимдсан даа. Ямар хүн ямар зорилготой ч нээсэн. Ямар зоригтой, том толгойтой, уучлаарай ухамсаргүй хүмүүс бүжиглэв гээд л. Гэр бүлийнхэн нь тэр Бар саванд орсон хүмүүсийг гэр оронд нь оруулсан л байдаг байх даа гээл их олон юм бодож санаа зовсон доо. Корона  дэлхий нийтийг цочроосон, айдаст автуулсан их хэцүү түрэмгий, амь насанд занал хийсэн, догшин Вирус гэж үзээд байгаа. Тиймээс хүн бүр дор бүртээ ухамсартай байж, гэр бүл дотны хүмүүсээ бүү эрсдэлд оруулаасай гэж уриалмаар байна

-Тусгай үүргийн онгоцоор Франкфурт хотоос ирсэн хүмүүсийн дунд шинжилгээ огт хийлгээгүй олон хүмүүс ирсэн нь эрсдэлтэй санагдсан. Герман улсад өвчлөл их ачаалалтай их байгаа учраас бусад улс орны хүмүүст шинжилгээ хийх боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн юм билээ. Үүний талаар та юу гэх вэ?

-Германаас нисэхээс өмнө 48 цагийн дотор Тест өгөх гэдэг тийм амар зүйл биш. Энэ шаардлагын хувьд арай гадаадад учраа олохгүй байгаа  Монголчууддаа илүү дарамт, хүндрэл учруулж байгаа харагдаад байгаа миний хувьд. Германд хаа сайгүй ачаалалтай. Цаг авах шаардлагатай. Цаг нь тулсан, хэл усны асуудалтай, хөгшин настай хүмүүс учраа тийм амархан олохуу, бас цаг олдохуу. 150-200 Евро төлөх боломж байна уу. УОК-д хандаж  гадаадад гацсан байгаа Монголчуудынхаа өмнөөс  ингэж хүндрэл учруулахаа боль гэж хэлмээр байна. Хүндрэл учруулсан шаардлагаа зогсоох ёстой.

-Таны оруулсан сэтгэгдэл дээрээс харахад эмч, сувилагч хүний хийх ёстой ажил, өвчнөөс зугтааж хойшоо сууж болохгүй дээ гэсэн утгатай зүйл бичсэн байхыг тань хараад өөрөөр тань их бахархсан шүү?

-Баярлалаа. Харин тиймээ одоо нэгэнт эхлэсэн замаасаа одоо буцахгүй юутай ч Корона намдтал эрүүл энхийн манаандаа зогсоно доо. Мэдээж амаргүй, шантрах үе гарч л байна. Миний эргэн тойрны зарим хүмүүс ажилдаа ирэхгүй, больж байгаа тохиолдлууд мэр сэр байгаа. Өдөр бүр ажилд явахаасаа өмнө миний нөхөр, гэр  бүлийнхэн, найзууд маань, танилууд маань намайг урмын үгээр, хайраар бялууруулж байгаа учраас би улам бүр  урам аваад сайхан байгаа учраас хүмүүсийн төлөө, эрүүл энхийн төлөө Хөвсгөлөөгөөс шалтгаалах, чадах бүхнээ хийж, сайн сайхныг бусдад түгээхийг чармайх болно. Аав Ээж хоёр маань насаараа л хүнд буян хийж, хүн баярлуулж явдаг сайхан хүмүүс байдаг. Энэ сувилагч мэргэжлээрээ дамжуулан тэр 2 шигээ л би  одоо бас насаараа хүн баярлуулах даалгавартай энэ дэлхий дээр ирсэн юм шиг санагдаад байгаа.

-Ер нь эзэмшсэн мэргэжилдээ эзэн байна гэдэг сайхан. Багаасаа эмнэлгийн ажил тан болохыг мөрөөддөг байсан уу?

-Одоо бодоод байхад би хамгийн гоё мэргэжил шүүрээд авчиж. Хүүхэд байхад манай Дорнод аймгийн Төмөрзамын эмч Даваадорж гээд нээх гоё ганган сайхан ааштай эмч эгч байлаа. Хүн үзэхээр ирэхээр заавал манайхаар ороод за  миний туслах Хөвсөөк хаана байна гээд хайж ирээд намайг аваад айлуудаар явдаг байж. Би хажууд нь нэг жижигхэн шар охин эмнийх нь бөөрөнхий төмөр савыг бариад л гараад өгдөг байжээ. Олон жил хүүхэд байхдаа эмчийн туслах хийсэн байдаг шүү. Тэр үед эмч болно гэж боддог байсан. Тэгээд дунд сургуульд ороод Анатоми болон химийн хичээлээс айгаад мөрөөдлөө хаясан даа

-Гэр бүл болоод удамд нь эмч мэргэжилтэй хүмүүс байдаг уу?

Байхгүй, харин Найз нөхөд зөндөө. Аан тийм миний охин байгаа юм байна. Миний охин гэртээ баахан Барбинуудаа, Литтлэ Поннинуудаа эмчлээд, боолт хийсэн л эмч байна даа.

-Ер нь таны алс хэтийн зорилгыг сонирхож байна. Залуу хүнд хүсэл мөрөөдөл хязгаар үгүй байх?

-Одоо бодоод байхад би сүүлийн 20 жил тасралтгүй зорилго дунд амьдарч. Хамгийн гоё нь бүгдийг нь давуулан биелүүлсэн байна. Удахгүй охин сургуульд орно. Тиймээс ойрын 2-3 жилдээ  нам тайван, гэр бүлдээ цаг зав гаргаж, аав ээждээ ойр ойрхон гүйж очсон шигээ л амьдрая гэж бодож байна. Жаахан зорилго фрее амьдармаар байна. Яваандаа бол Монголынхоо эрүүл мэндийн салбартай ойр ажиллах. Бас зарим нэгэн судалгаа хийх зорилго байгаа. Бас нэг том Зорилго байгаа, эхлэлээ тавихаараа хэлнээ за

-Нууц биш бол Германы эмнэлэгт хэдэн төгрөгийн цалинтай ажиллаж байгаа вэ. Манай ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч, сувилагч нарын цалин нэмэгдсэн байгаа. Аргагүй хүнд нөхцөлд ачаалал ихтэй ажиллаж байгаа учраас тэр?

-Цалин бол дажгүй шүү. Хэлэх гэхээр бас эвгүй байдаг юм байна. Яасан онгироо юм бэ гэж бодох байхаа.

-Монголчууддаа хандаж юу гэж хэлэх вэ. Бас иргэд юуг илүү анхаарвал зохилтой вэ?

Дор бүртээ сайн  сонор сэрэмжтэй байгаарай. Энэ хүнд цаг үе нээх удаан үргэлжлэхгүй байгаасай. Ухамсартайгаар ард нь заавал гарна  шүү. Анхаарах зүйлийг дээр нэлээн дурдсан учраас дахин давтаж та хэдийгээ залхаагаад яах вэ. (Маск, Нүдний шил сайн зүүгээрэй, Хувийн ариун цэвэр) Хамтдаа хичээхэд л бүх зүйл сайхан болж, Цар тахлын ард  гарч энх тунх цагтайгаа уулзах болноо

-Мөн элэг нэгт монголчууд тань танд бас санаа зовж “Хүний нутагт биеэ бодож биеэ энхрийлээрэй” гэж их хэлж захиж байгаа харагдсан?

-Алс хол хүний  нутагт байдаг намайг дэмжиж зоригжуулсанд, бас үргэлж санаа тавьж асууж, үргэлж над руу урмын үг явуулж  халамжилж байдагт маш их баярладаг шүү. Бүгдээрээ эрүүл сайн сууж байгаарай. Бид нар нь хэдий цөөхүүлээ ч үнэхээр тэнгэрлэг, хүчирхэг, хийморьлог, сайхан сэтгэлтэй, халуун зүрхтэй сайхан ард түмэн шүү.  Та нараасаа санаанд оромгүй олон сайхан үг сонссон. Сайхан байсан шүү. Ойрын 1 жил сөхөрч унахааргүй их цэнэгээр Монголын сайхан сэтгэлт Ард түмэн та нар маань намайг цэнэглэж өгсөн шүү. Маш их баярлалаа та нартаа

-Монголчууд дархлаа тогтсон дархлаа сайтай хүмүүс учир энэ өвчинд нэрвэгдэхгүй бас өвдсөн ч хөнгөн тусаад эдгэнэ гэж яриад бичээд байгаа. Энэ хэр үнэний ортой мэдээлэл бол. Та юу гэж бодож байна вэ?

-Манай цаг агаар эрс тэс. Хэр баргийн гадаад хүмүүс ч тэсэж амьдрахад хэцүү байдаг. Бид дархлаа сайтай гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Монголчууд бид маш хүчтэй гентэй ард түмэн. Гэсэн ч бид болгоомжтой байх хэрэгтэй. Өвчин хэнийг ч ялгадаггүй гэдэг шүү дээ.  Бас Корона үргэлж хувьсаж байна. Өдөр бүр л  эрдэмтэд судлаачид өөр өөр бодлоо илэрхийлж байна. Тиймээс бид Биологийн дайн гэгдээд байгаа энэ нөхцөл байдлыг онцгойлон авч үзэх ёстой.  Дэлхий рүү харж, олон улсын нөхцөл байдлыг маш анхааралтай чих тавин сонсох хэрэгтэй. Өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй

-Дэлхий эдгэнэ гэдэгт итгэдэг. Ертөнцийн энх амгалан эрүүл энхийн манаанд бат бөх зогсч байгаа танд эрүүл энх ажлын амжилт хүсье. Ярилцлага өгсөнд танд баярлалаа.

-Баярлалаа.

Одоогоор би Берлин хотод эндэхийн хамгийн том Эмнэлгийн Концерн болох Vivantes- нэгэн салбар эмнэлэгт сувилагч мэргэжлээрээ COVID-19 халдварын сэжигтэй болон халдвар авсан өвчтөнүүдэд эмчилгээ сувилгаа үзүүлж байгаа.
Ярилцлага

Сэтгэгдэл (25)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.