| | USD/MNT 0₮

С.Энхтөр:Бусдын авто машиныг хааж тавьсан нөхцөлд тээврийн хэрэгслийг зөөвөрлөн авч явна

Авто зам ашиглалтыг сайжруулах ажлын хэрэгжилт,  зогсоол ашигласны төлбөр авах, дагаж мөрдөх журам, нийслэлийн зогсоолын хүрэлцээг сайжруулах талаар Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр "Авто зогсоол ашигласны төлбөр авах журам, төлбөртэй авто зогсоол ажиллуулах журамд өөрчлөлт оруулж байна. Нийслэлийн хэмжээнд албан ёсны 75 төлбөртэй зогсоол бий. Гэвч зогсоолын хүрэлцээ муу, стандартыг мөрддөггүй нь түгжрэлд нөлөөлдөг.  Зогсоол хүрэлцээгүйгээс болоод замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Тухайлбал нэг жолооч 15-20 минутад 500 метр замыг 5-15 км/цагийн хурдтай туулдаг гэсэн тооцоо бий. 

Нэг бүрчлэн тоолж үзэхэд нийслэлд нийт 570 орчим авто машины зогсоол бий гэсэн судалгаа гарсан. Бид зогсоолын сэлгэлт, хүрэлцээг нэмэгдүүлэхийг зорьж байна. Жолооч гэрээсээ гарахдаа хотын аль хэсэгт ямар зогсоол байгааг өөрийн гар утас буюу аппликэйшнээс харж захиалга өгнө. Гар утасны аппликэйшн бэлэн болсон. Зогсоолын захиалгыг холбогдох зогсоолын ажилтнууд хүлээж авна. Өөрөөр хэлбэл пост машин дээр энэ зогсоол захиалгатай гэсэн мэдэгдэл гарах юм. Жолооч зогсоол дээр ирж зогсоод QR кодыг уншуулж хэр хугацаанд зогсох хугацаагааг хэлж, төлбөрөө хийнэ.

Улаанбаатар хотын авто зогсоолыг байршлаар нь гурван бүст хуваана. Хотын нэгдүгээр бүсийн авто зогсоолын төлбөр өндөр байхаас гадна автомашиныг нэг зогсоолд 2 цагаас илүү байршуулахыг зөвшөөрөхгүй. Үүнийг цахим хэлбэрээр зогсоолын ажилтан хянах юм. Хоёр, гуравдугаар бүст зогсоолын төлбөр харьцангүй хямд байх юм. Зогсоол болгонд үйл ажиллагааны самбар, тэмдэг мэдээллийг байршуулна. Нийслэлийн төвийн хэсэгт зогсоолын зохицуулалтыг тавдугаар сард багтааж хийхээр төлөвлөж байна.

Ажил төрлөө амжуулж яваа иргэдэд зогсоол олдохгүй байх бэрхшээл байхгүй болно. Орон сууцны хороолол дундын зогсоолд цагдаа, түргэн тусламж, гал, Онцгой байдлын яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой, сул зай гаргахыг үүрэг болгоно. Өөрөөр хэлбэл яаралтай үед зогсоол байнга нээлттэй байлгахыг журамлаж өгнө. Бусдын авто машиныг хааж тавьсан нөхцөлд тээврийн хэрэгслийг зөөвөрлөн авч явна" гэв. 

Авто зам ашиглалтыг сайжруулах ажлын хэрэгжилт, зогсоол ашигласны төлбөр авах, дагаж мөрдөх журам, нийслэлийн зогсоолын хүрэлцээг сайжруулах талаар Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэл хийлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.