| | USD/MNT 0₮

Шүүхээс М.Энхсайханд 4,6 жилийн хорих ял оноож, 55 сая төгрөг нөхөн төлүүлэхээр болжээ

М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж, дөнгөж сая дууслаа. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд М.Энхсайханд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 08.30 цагт эхэлж, гурван өдөр үргэлжилсэн. 

Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. Ингээд түүний гэм буруутай эсэхийг хэлэлцэж, шүүхээс Шадар сайд асан М.Энхсайханыг гэм буруутайд тооцох шийдвэр гаргалаа. Мөн Эрчим хүчний яаманд хохирол учруулсан гэж үзэн, 55 сая төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргав. Үүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 14 сая 800 мянга орчим төгрөгийг мөн М.Энхсайханаар төлүүлэхээр болжээ.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэн шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцохоор болжээ. Хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтсон байна. 

22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Шүүхээс М.Энхсайханыг гэм буруутайд тооцжээ
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.