| | USD/MNT 0₮

ЭМЯ: Өдөр бүр 80,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсээр байна

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит хэвлэлийн хурлаа хийв. Өнөөдрийн байдлаар дэлхийн 215 оронд тархсан коронавирусийн халдвараар 3,8 сая хүн өвчилж, 264 мянган хүн нас барж, 1,2 сая хүн эдгэрсэн байна. Өвчлөл буурахгүй байгаа бөгөөд дөрөвдүгээр сараас хойш өдөр бүр 80,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсээр байна. Халдварын голомт болоод буй ОХУ-д сүүлийн дөрвөн өдөр дараалан өдөрт 10,000 гаруй хүн шинээр өвчилж байна. Өчигдөр мөн тус улсад 10,500 гаруй шинэ тохиолдол, 95 нас баралт бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 165 мянга давжээ. 

Бразил улсад мөн 10,500 гаруй хүн коронавирусийн халдвар авсан гэсэн онош тогтоогдсон. 600 гаруй нас баралт бүртгэгджээ. Халдварын тархалт цар тахлын хэмжээнд хүрээд байсан Европын орнууд болох Франц, Итали, Испани, Иран, зэрэг улсуудад халдварын тархалт аажмаар буурч байгаа ч сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын шинэ тохиолдлын тоо болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн тоо огцом нэмэгджээ. Үүний шалтгаан нь хөл хорионы дэглэмийг сулруулж, хүн амын нягтрал ихэссэнтэй холбоотой хэмээн ДЭМБ-аас үзсэн байна. Иймд ДЭМБ-ын тэргүүн хөл хорионы дэглэмийг сулруулахдаа туйлын анхаарал болгоомжтой байхгүй бол дахин тогтоох эрсдэл үүсэж болзошгүй гэж анхаарууллаа. Зорчих хөдөлгөөний хязгаарлалт зэрэг бусад хяналтын арга хэмжээнүүдийг цуцлахын өмнө эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлыг сайтар хангах хэрэгтэй гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн /ДЭМБ/ Тедрос онцлон тэмдэглэжээ.

Харин манай улсад 41 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирснээс 13 хүн эдгэрч, ХӨСҮТ-д 28 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 1000 хүн ажиглалтад байна.

ЭМЯ: Өдөр бүр 80,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсээр байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.