| | USD/MNT 0₮

ДЭЛХИЙН II ДУГААР ДАЙНЫ ФРОНТОД ЯВЖ БАЙСАН С.ЦЭГМИДИЙГ ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИН ШАГНАХААР БОЛЖЭЭ

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын малчин, 1942 онд дэлхийн II дайны үед ЗХУ-д фронтод 19-хөн настайдаа Монголын ард түмний бэлгийг хүргэлцэж явсан олноо "Фронт" хэмээн алдаршсан эдүгээ 100 насны босго руу дөхөж яваа С.Цэгмид эмээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалиар шагнагджээ.

Тэрбээр өдгөө энх тунх эсэн мэнд үр ач, зээ, зээнцэрүүдээ тойруулан амьдарч байгаа бөгөөд таван жилийн өмнө  ОХУ-ын Эрхүү хотноо Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярт оролцож явжээ.  Түүний хувьд орос ах нарын хувьд хүндтэй нэгэн гэдгээ өөрөө ч ярих дуртай юм.

Ингээд түүний дайнд явж байсан үеийн дурсамж дурдтгалаас сонирхуулъя.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Монгол Улсаас Зөвлөлтийн улаан армид сэтгэлийн бэлэг, тусламж хүргэж өгч байсны амьд гэрч болон үлдсэн хүний нэг бол “Фронт Цэгмид” гуай юм.

19 хөн настай байхдаа бэлэг хүргэлцэж өгөхөөр нөхдийн хамт явж байсан гэдэг. Тэр үед Монгол Улсаас Зөвлөлтийн улаан армид хүргэж өгсөн бэлгийн гурав дахь цувааны 30 орчим төлөөлөгчийн нэг болсон тэрээр Свердловскийн галын шугаманд хуваарилагдан очиж, тэндээ 7-8 өдөр болж, Монголын ард түмнээс өгсөн дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлсийг тараан өгч байжээ.

Түүний явсан бэлгийн энэ цувааг БНМАУ-ын Ерөнхий сайд Маршал Х.Чойбалсан ахалж,  1942 оны 11 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотоос гарч, 12 дугаар сарын тавны өдөр Москвад очин улмаар 217 воган бэлгийн зүйлээ дөрөв хувааж, дөрвөн хэсэг болон хуваагдаж байсан байна.

“Уранхай шинельтэй, уранхай бакал”-тай өрөвдмөөр цэргүүд гардан байлдаж, урагш давшиж байсан.

Газар дор оковонд төмөр орон дээр өвс зулаад, дээр нь цагаан даавуу, нэг шинель хаячихсан тийм орон дээр 7-8 хонож, бэлгээ тараасан.

Монголынхоо эмэгтэйчүүд, залуучуудыг төлөөлж, фронтод буу дуугаргаж, их буугаар буудаж үзсэн. Мөн Монголын ард түмний сэтгэлийн хандиваар бүтсэн 40 гаруй танкийг хүлээлгэж өгөхөд оролцон, Дундговь аймгаа төлөөлж үг хэлж байлаа” хэмээн тэрбээр дурсан ярьсан байдаг.

С.Цэгмид гуай хамгийн сайхан үнэтэй дурсамжаа ЗХУ-ын баатар, нисгэгч П.В.Носовтой уулзсан явдал хэмээн дурсдаг. Хоёулаа 19-хөн настай байсан. Нэг цаг шахуу онгоцоор хамт нисч, яримаар зүйл их байсан ч хэл нэвтрэлцэхгүй байснаа, түүнээс захидал хүлээж, дахин уулзах юмсан гэж бодож явдгаа ч нуулгүй ярьдаг.

Зургаан ханатай гэртээ 50 шахам ботгоо тэжээн онд мэнд оруулж, нэгдлийн 500 хонь маллаж байсан тэрээр 18-хан насандаа “Улсын сайн малчин” болж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялааж, Маршал Х.Чойбалсангаас шагналаа гардан авч байжээ. 

Дайнд тэрбээр Дундговь аймгийг төлөөлж, төрийн томчуудтай явсан гэж ярих дуртай. Тодруулбал, Х.Чойбалсан, Бумцэнд, Ц.Дамдинсүрэн, Ширэндэв, Цагааны Цэгмид гээд л хамт явжээ. Яг ид дайн өрнөсөн, гардан байлдааны халуун цэг дээр 217 вагон бэлэг авч очиж цэргүүддээ тарааж өгч байсан.

Дайны тухайд яривал “Арванхоёрдугаар сар учраас өвдөг давсан их цастай байсан. Газар доогуур нуувч ухчихсан байлаа. Москвагаас баруун тийшээ 500 км орчим хол газар л даа. Бид хуваагдаад ийш тийшээ явсан. Чойбалсан Сталинград явсан. Бага хурлын дарга Бумцэнд гуай Калинигийн фронт дээр очиж бэлгээ тараасан. Жанжин Мижид, Гонгор баатар тэргүүтэй хүмүүс фронтоос баруун хойш 800 км гаруй хол явж бэлгээ тараасан. Харин Сүрэнжав тэргүүтэй бидний нөхөд 117 дугаар армиас явсан Ивано гэж жаахан орос хүүхэнтэй хамт хамгийн хүнд нөхцөлтэй фронтод нь очиж байлаа” хэмээн дурсан ярьжээ.

Фронт С.Цэгмид ОХУ-д бэлгээ тарааж явахдаа 10 гаруй хоноод Москвад нэг сар болжээ. Харин Сталин тэднийг хүлээж авна гэсэн учраас хүлээгээд л байсан. Нийтдээ гурван сар яваад ирсэн. 1943 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Сталин хүлээж авсан гэдэг.

 

"Монголынхоо эмэгтэйчүүд, залуучуудыг төлөөлж, фронтод буу дуугаргаж, их буугаар буудаж үзсэн. Мөн Монголын ард түмний сэтгэлийн хандиваар бүтсэн 40 гаруй танкийг хүлээлгэж өгөхөд оролцон, Дундговь аймгаа төлөөлж үг хэлж байлаа” хэмээн тэрбээр дурсан ярьсан байдаг.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.