| | USD/MNT 0₮

Бельги улсаас ирсэн иргэн Д хэзээ халдвар авч, хэрхэн эмчлэгдсэн нь тодорхойгүй байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Монгол Улс дотооддоо халдвар алдчихсан юм биш биз дээ" гэсэн мэдээлэл түймэр мэт дэгдэж, түмэн олныг донсолгов. Дотооддоо халдвар тархах юм бол энэ улс орон сүйрнэ гэдгийг мэргэжлийн судлаач эрдэмтэд хэлж анхааруулсаар байгаа. Харин азаар өнөөдрийн байдлаар дотооддоо халдвар алдаагүй, батлагдсан 40 тохиолдол бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байдалтай байна. Тэднийг онгоцны буудал дээрээс шууд ХӨСҮТ-д авчирч тусгаарлан шинжилгээ хийн халдвар илрүүлж, эмчилгээ хийж, эхнээс нь манай мундаг эмч нар эдгээж дараагийн шатны ажиглалтад шилжүүлсэн байгаа юм.

Гэтэл өнгөрсөн бямба гарагт Франкфурт руу нислэг үйлдэх тусгай үүргийн онгоцоор явах ёстой байсан эмэгтэй Д-гийн биеэс вирус илэрлээ гэсэн мэдээлэл цацагдаж, олныг айлгаад авав. Түргэвчилсэн оношлуураар оношлоход шинжилгээний хариу эерэг гарсан. Харин ПСР шинжилгээ хийхэд биед нь эсрэг биет илэрснийг зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Шинжилгээний хариу батлагдсан” хэмээн хариуцлагагүйгээр мэдэгдэж, иргэдээ хямраав. 

Тухайн иргэн аль өнгөрсөн гуравдугаар сарын 08-нд ирсэн бөгөөд энэ удаад биенээс нь эсрэг биет илэрсэн талаар ХӨСҮТ-ээс мэдээлсэн юм. Өөрөөр хэлбэл, коронавирус хөнгөн хэлбэрээр тусаад эмчлэгдсэн гэсэн үг. Түүний биед халдвар ороод тэмдэг үлдээснээс биш одоогоор шинэ вирус байхгүй байна гэсэн үг юм.

Гэтэл тухайн иргэн Монголд ирээд 50 гаруй хоногт “тэнэчихжээ”. Тэрбээр гуравдугаар сарын 29-нд Улаанбаатар хотоос Ховд аймгийн Дөргөн суманд очоод, буцаж, Ховдоос дөрөвдүгээр сарын 12-нд автобусаар Улаанбаатар хот руу явсан гэсэн тандалт судалгааны өгүүлэмжтэй.

Хамгийн гол нь хэзээ яаж халдвар авч, хэрхэн яаж эмчлүүлсэн нь бүрхэг байгаа юм. Энэ талаараа өөрөө тодорхой мэдээлэл өгөхгүй. Халдвар авснаа нуусан юмуу, эсвэл үнэхээр мэдэхгүй байгаа юм болов уу. Түүнийг Монголд ирэхэд хөл хорио буюу тусгаарлалт хийгдээгүй байсан гэх. Тухайн үед шалгаад амаар судалгааны өгүүлэмж бичүүлж аваад, сэжигтэй шинж тэмдэг илрээгүй тул гэрээрээ өөрийгөө тусгаарлаарай гэж хэлээд явуулсан гэх. Гэвч нөгөөх нь шинж тэмдэг илрэхгүй байсан тул гэртээ байх битгий хэл Ховд аймаг явсан байх жишээний.

ХӨСҮТ-ийн эмч Д.Нямхүүгийн хэлснээр бол “Тухайн иргэн асуумжид Бельги улсад байхдаа коронавирусээр өвдөж эдгэсэн тухайгаа асуумжид бөглөөгүй. Тиймээс иргэдийг үнэн зөв мэдээллээ өгөх хэрэгтэй гэж би өмнө нь олон удаа сануулж байсан.

Тухайн иргэн нь эх орондоо ирсэн даруйдаа гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарласан. Хэрэв тус иргэн коронавирусээр өвчилсөн бол Монгол Улсад 50 гаруй хоног байх хугацаандаа халдвар тархах эрсдэлтэй байсан. Коронавирусийн халдвар нь маш хурдацтай тархдаг учраас дэлхий айж байна шүү дээ. Тэгэхээр тухайн иргэн аюулгүй гэсэн үг. Гэхдээ тухайн иргэний ойр орчмын 15 иргэнийг тусгаарлаж шинжилгээ авахад эхний шинжилгээгээр халдваргүй буюу хариу сөрөг гарсан. Цаашид 14-21 хоногийн дараа давтан шинжилгээ авна” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Эндээс харахад тухайн эмэгтэй Д нь өвчнөө нууж, Монголд орж ирсэн үү, эсвэл эмчлүүлчихээд ирсэн үү гэдэг нь эргэлзээтэй. Ямартаа ч тэрбээр тусгай үүргийн онгоцоор яваагүй, энд үлдэж өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д тусгаарлагдсан байдалтай байна.

Бас нэг эх сурвалжийн мэдээллийг харахад өнгөрсөн хоёрдугаар сарын 29-ны байдлаар Бельги улс коронавирусын ганцхан тохиолдолтой байжээ. Тэгэхээр тухайн иргэн Монголд гуравдугаар сарын 08-нд орж ирсэн гэж байгаа юм. Цаг хугацааг нь хөөгөөд үзэхээр тэнд халдвар тусаад эмчлүүлсэн гэх нь худлаа болж таараад байна. Гэх мэтчилэн маш ээдрээтэй, үнэн худлаа нь мэдэгдэхгүй тодорхой бус мэдээ, мэдээлэл, хариу байгаад олон нийт эргэлзэж, хардаж эхэлсээр байна.

Дашрамд дуулгахад, тухайн эмэгтэй Бельги нөхөртэй бөгөөд энд хоёр дүүгийнхээ хамт амьдардаг гэсэн мэдээлэл байна. 

Өнгөрсөн хоёрдугаар сарын 29-ны байдлаар Бельги улс коронавирусын ганцхан тохиолдолтой байжээ. Тэгэхээр тухайн иргэн Монголд гуравдугаар сарын 08-нд орж ирсэн гэж байгаа юм. Цаг хугацааг нь хөөгөөд үзэхээр тэнд халдвар тусаад эмчлүүлсэн гэх нь худлаа болж таараад байна. Гэх мэтчилэн маш ээдрээтэй, үнэн худлаа нь мэдэгдэхгүй тодорхой бус мэдээ, мэдээлэл, хариу байгаад олон нийт эргэлзэж, хардаж эхэлсээр байна.
Нийгэм

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.