| | USD/MNT 0₮

Т.Гун-Аажав, Т.Жанлав, Б.Сувд нар “Эмерит профессор” цол хүртлээ

 

МУИС-ийн эрдмийн өргөөнөө тус сургуулийн “Эмерит профессор” цол гардуулах хүндэтгэлийн хуралдаан өчигдөр боллоо. МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2019 оны есдүгээр сарын 25 өдрийн хуралдаанаар эл хүндэт цолыг Монгол Улсын Гавьяат багш, Шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор, ШУС-ийн Биологийн тэнхимийн ахмад багш Түвдэнгийн Гун-Аажав; Монгол Улсын Төрийн Соёрхолт, Академич, МУИС-ийн профессор, ХШУИС-ийн Хэрэглээний Математикийн тэнхимийн ахмад багш Тугалын Жанлав; Монгол Улсын Гавьяат багш, МУИС-ийн профессор, ШУС-ийн Эдийн засгийн тэнхимийн ахмад багш, доктор Батын Сувд нарт олгохоор шийдвэрлэжээ. Тус хүндэт цолыг Эрдмийн зөвлөлийн хүндэтгэлийн хуралдаан дээр ёслол төгөлдөр гардуулан өгсөн байна.

МУИС-ийн Захирлын 2015 оны наймдугаар сарын 25 өдрийн А/234 тоот тушаалаар батлагдсан МУИС-ийн хүндэт цол олгох журамд МУИС-ийн профессор, дэд профессор цолтой, тус сургуульд 20-оос доошгүй жил профессорын албан тушаалд ажилласан, шинжлэх ухаан, боловсролыг хөгжүүлэх үйлсэд дорвитой хувь нэмэр оруулсан эрдэмтэнд “Эмерит профессор” цол олгохоор заасан байдаг.

Өмнө нь энэ хүндэт цолыг Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавъяат Зүтгэлтэн, Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич Түвдийн Дорж (2015), Монгол Улсын Гавьяат багш, Шинжлэх ухааны доктор, профессор МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Европ судлалын тэнхимийн ахмад багш Энхбаярын Равдан (2016), Монгол Улсын Гавъяат багш, доктор профессор, биологийн тэнхимийн ахмад багш Цэдэнгийн Жамсран (2017), Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Содовсүрэнгийн Нарангэрэл (2018) нар гардан авч байв.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.