| | USD/MNT 0₮

О.Баасанхүү:Би З.Баянсэлэнгийг эргэж очно

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нэг сараар цагдан хорих шийдвэр гаргасан билээ.

Түүнийг шүүх ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр цагдан хорьсон юм. Тухайлбал, өнгөрсөн даваа гарагт түүнд холбогдох шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч З.Баянсэлэнгэ шүүгч, шүүх бүрэлдэхүүн болон тухайн дүүргийн шүүх, мөн өмгөөлөгчөөсөө татгалзаж буйгаа мэдэгдсэн юм.

Хамгийн гол нь  тэрбээр шүүхээс татгалзаж байгаа шалтгаанаа үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй учраас  шүүх бүрэлдэхүүн түүний  хүсэлтийг үндэслэлгүй учир хүлээж аваагүй ажээ. Харин өмгөөлөгчөөсөө татгалзах саналыг нь хүлээн авчээ.

Ийнхүү З.Баянсэлэнгэ ирэх сарын 28-ны өдөр болох шүүх хурал болтлоо цагдан хоригдохоор болсон юм. Түүнийг цагдан хоригдсонтой холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “З.Баянсэлэнгийг хоригдсонд их харамсч байгаа. Эмэгтэй хүн хоригдох хэцүү шүү дээ. Тиймээс би эргэж очно. Эрх мэдэлтэй албан тушаалтай байхад нь хорьж цагдаагүй байж өнөөдөр эрх мэдэлгүй жирийн нэгэн болсон байхад нь хорьсон. Хэн нэгний даалгавараар хорьж байгаа явдал юм. Тийм шударга шүүх, шийдвэртэй юм бол эрх мэдэлтэй хулгайч луйварчдыг хорьж чадахгүй байгаа биз дээ. Тийм хүмүүст хариуцлага тооцож чадахгүй байж жирийн нэг эмэгтэйг хорих нь шударга ёс уу. З.Баянсэлэнгийн хувьд Засгийн газраас гарсан тогтоолыг хэрэгжүүлсэн юм билээ.

Гэм буруутайг нь тогтоогоогүй байж залхаан цээрлүүлж хорих нь буруу юм. Бусад хулгайч эрх мэдэлтнүүдтэйгээ тэмцэхгүй байж энгийн иргэдийг хорьж цагдана. Шударга ёсыг тогтооё гэж байгаа бол идэж уусан хулгайчуудтайгаа тэмц” гэв.

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нэг сараар цагдан хорих шийдвэр гаргасан билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.