| | USD/MNT 0₮

Н.Зоригт: Үйлдвэрээ өргөтгөхөөр 10 жил төрөөс газар гуйсан, өгөөгүй. Ийм төртэй улсад үйлдвэрлэл хөгжих үү

Жилдээ 100 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай, 80 гаруй ажилчинтай, Монголын анхны хувийн гутлын үйлдвэр болох “Хос-Аз” компанийн ерөнхий захирал Н.Зоригттой ярилцлаа. Тэрээр өөрийн гутлын үйлдвэрээ хэрхэн байгуулсан туршлага болоод бизнесээ түүхээсээ бидэнд хуваалцсан юм.

-Таны гутлын үйлдвэр байгуулж, үйл ажиллагааг эхэлж байсан түүхээс ярилцлагаа эхэлье?

-Анх 1991 онд Италиас гурван сая долларын үнэ бүхий тоног төхөөрөмж авч, нийт хорь гаруй сая долларын цогц үйлдвэр байгуулж байв. Арьс ширний салбар тухайн үедээ Монголд нэлээд хөгжиж байсан. Учир нь таван хошуу малаас махыг нь аваад арьс нь үлдэнэ. Үлдсэн арьс шир нь үс ноостой, нойтон. Түүнээс зунгагийг нь аваад, саванд дахин чанаж боловсруулаад желатин, зоргодсыг ашиглаад дэлхийд алдартай хиймэл шир, үлдэгдэл зунгаг хаягдлаар нь халиман цавуу буюу шар цавуу зэргийг хийдэг байлаа. Тухайн үед малаас юуг нь ч хаяхгүй, боловсруулдаг үйлдвэр Монголд зургаа байсан шүү. Гэтэл одоо Итали, Герман хоёрт л малын арьсыг бүрэн боловсруулдаг үйлдвэр байна. Шар цавууг гэхэд л нэг килограммыг нь гурван доллараар гадагшаа экспортолдог байсан. Бусад орнууд манай үйлдвэрийг хараад гайхдаг байлаа.  Гэтэл өмч хувьчлал нэрээр бүгдийг дампуурсан даа. Тэр үйлдвэрт ажиллаж байсан инженерүүдээс  би л гутлын салбартаа үлдэж дээ. Анх хувийн гутлын үйлдвэрээ байгуулж байхдаа “Хятадаас илүү сайн хийнэ” гэж зорьсон. Хятадаас илүү хямд үнээр гутал авъя гэж манай төр засаг ярьж, дотоодын үйлдвэрээ шахаж байхад, Хятадууд манай гутлаас тор дүүрнийг аваад явдаг байлаа шүү дээ. Тэр үед миний хор шар их хөдөлдөг байж билээ. Тухайн үед хамгийн сайн гутал хийдэг байсан улс нь Чех. Бүх ажилчдаа Чех явуулж сургадаг байв. Гэтэл одоо малынхаа арьс ширийг гутал хувцас болгоод шингээхийн оронд булуулах гэж мөнгө төлдөг болсон шүү дээ. Үүнийг хараад суух үнэхээр хэцүү. Тиймээс өөрийнхөө чадлаар гутлын үйлдвэр байгуулахаар зорьсон.  

-Та 2005 онд “Хос-Аз” компаниа байгуулсан. 1990-ээд оноос хойш хэдэн удаа гутлын үйлдвэр байгуулж, өнөөдрийн энэ компаниа босгож байв?

-Гутлын үйлдвэрийг устгасаны дараа би ерөөсөө гутлын үйлдвэр байгуулъя,  эд нарт доромжлуулахгүйн тулд Итали улстай хамтарч ажиллая гэж бодсон. Би Германтай хамтарвал Итали шиг гутал хийгээгүй юм чинь гээд гологдоно. Тиймээс Италитай хамтарвал надад хэн ч, юу ч хэлж, Хятадын гуталтай харьцуулахгүй болно л гэж ойлгосон. Өдийг хүртэл маш их бэрхшээлийг туулсан. Одоо бол надад үйлдвэрээ өргөтгөх, хөрөнгө мөнгө байгаа хэдий ч газар олдохгүй, төр газар олгохгүй байна. Би үйлдвэрээ босгохдоо улсаас нэг ч төгрөгийн зээл, хөрөнгө мөнгө авч байгаагүй. Гэтэл өргөтгөх газар олгохгүй атлаа манай гутлын үйлдвэрийн хажууд баар сав, худалдаа үйлчилгээний цэгүүд маш их баригдсан. Улс орны удирддаг хүмүүс нь ч төрийн бодлого нь ч юу үнэ цэнтэй вэ гэдгээ сайн ойлгохгүй л өдийг хүрч байна даа.

-Хүүхэд байхын гутал үйлдвэрлэнэ гэж боддог байв уу. Гутал үйлдвэрийн салбарыг яагаад сонирхох болсон бэ?

 -Миний хувьд гутлын үйлдвэрийн инженер болсон нь тохиолдлын хэрэг. Би арван жилд байхдаа уран зургийн авьяастай төдийгүй төрийн шагналт зураачдын шавь, мөн сагсан бөмбөг сайн тоглодог, тооны ангийн сурагч байлаа. Нэгдүгээр сургуулийн тооны ангид хамгийн шилдгүүдтэй өрсөлддөг байв. Би  унаган хотын хүүхэд л дээ. Манай гэр 40 мянгатад байдаг байсан. Би яах билээ гэх биш эх орондоо яаж хувь нэмэр оруулах уу гэдэг хүмүүжилтэй сэхээтний сүүлийн хэсэг. Манай аав Герман, Франц хэлтэй, “Капитал” гэх зохиолыг эх хэлнээс нь орчуулж байсан эдийн засагч хүн байсан. Бид чинь багадаа “Beatles”-ийг нууцаар сонсдог байлаа. Уг нь би математикийн програмист болно гэж бодож байсан чинь намайг Орост хуваарилсан. Тухайн үед дийлэнх хүүхдүүд гадаад оронд явж сурах сонирхолтой ч Орост сурахыг төдийлөн сонирхдоггүй байв.  Тэгтэл намайг Орост хуваарилчихжээ. Тэгэхээр нь  программист болохоо болиод Чехийн инженер технологийн анги гэж байхаар нь сонгочихсон хэрэг. Математиктаа их сайн байсан болохоор Чехүүд намайг их тоож,  программ дээр ажиллах болон программ хийхийг тэднээс суралцаж билээ. Чехэд их сургуулиа  төгсөхдөө “компьютер дээр загвар зохион бүтээх” гэх сэдвээр дипломоо хамгаалж байв. Тухайн үед Монголд тооны ч машин байхгүй байлаа. Их сургуулиа төгсөөд дөрвөн оронтой тооны машин ашигладаг хүн бол их мундагт тооцогдох тийм л хөрсөн дээр буулаа. Тэгээд 1980-аад онд хоёр Герман буцаж нийлж байхад, компьютерын программ дээр загвар зохион бүтээх технологийг нэвтрүүлдэг дадлагын багшийн ажлыг нэг хэсэг хийсэн.  Загвар зохион бүтээхтэй холбоотой номуудыг Чех, Герман, Итали хэл дээр нэг бүрчлэн уншдаг байв. Германаас ирэхдээ нэлээд туршлага, мэдлэгтэй болсон. Анх 2000 онд компьютерын дизайн гэх зүйлийг Монголд нэвтрүүлж байлаа. Гутлын үйлдвэрт тухайн системийг хэрэглэнэ гэдгийг хэн ч ойлгодог байсан.

-Манай дотоодод үйлдвэрлэсэн гутал гаднын улсын сонирхлыг хэр татдаг вэ?

-Гутлын их бие буюу гадаад талыг хийхдээ монгол малын арьсыг ашигладаг. Үдээс цахилгаан гэх мэт жижиг деталь зүйлсийг гаднаас авдаг. Монгол орон дөрвөн улиралтай болохоор таван хошуу малын арьс маш онцлогтой. Тухайлбал, хавар болохоор тухайн мал ноос, ноолуур үсээ хаяж, зунжаад, намар буцаад өвлийн хүйтнийг давах зорилгоор буцаад ургадаг. Энэ нь хаяж, ургадаг, үндсэндээ амьд байна гэсэн үг. Нэг улиралтай газрын мал бол ерөөсөө ингэхгүй. Тэгэхээр гаднынхан үүнийг нэлээд сонирхдог. Жишээлбэл, Оюутолгой компанид зориулан хийж байгаа гутал дотроо найман давхраас бүрдсэн. Найман давхрыг арав, арван хоёр болгох боломжтой.

-Та гутлынхаа загвар дизайныг гаргахдаа юуг анхаардаг вэ?

-Би хүний эрүүл мэндийг л голчилдог. Тухайн хүүхэд манай гутлыг өмслөө гэхэд чийг татахгүй, хөлд нь эвтэйхэн байх хэрэгтэй. Энэ бол манай үйлдвэрийн болоод миний баримталдаг хамгийн том зарчмын нэг. Орчин үед манайхан “хүн бүр өрхийн үйлдвэрлэгч  болно”, “ЖДҮ-гээс зээл авна” гэсэн өрөвдөлтэй зүйлийг ярьж байна. Түүн шиг тэнэг санаа хаана ч байхгүй. Тийм сайхан үйлдвэрээ бүгдийг нь устгаад  цавуу хийдэг байснаа болиод, цахилгаан хийдэг байснаа болиод, утас хийдэг байснаа устгаад, бүх зүйлээ устгаж хаячихаад, нэг хүн гэртээ суугаад гутал хийх юм гэнэ. Үүн шиг худлаа зүйл байхгүй. Гэтэл хамгийн инээдтэй нь манайд бүх юм байна. Ашиглаж чаддаг нэг ч хүн алга. Галзуу хүн шиг ухаж аваад, чулуудаж чадна өөр юу ч хийхгүй байна.  Аж үйлдвэрээ солонгоруулж үнэхээр хүчирхэг аж үйлдвэртэй болох хэрэгтэй. Дахиад хэлэхэд, жижиг дунд үйлдвэр гэсэн балай юм ярих хэрэггүй. Бүтэн арван жил би улсаас үйлдвэрээ өргөтгөх 2000 м.кв талбай гуйгаад өгөөгүй. Тиймээс төрөөс хараат биш байж л үйлдвэрүүд хөгжинө. Хаекийн нэг онол байдаг даа. Утсан дээр чи явж байна, яаж унахгүй алхах вэ. Ихэнх хүмүүс гүйгээд гардаг. Савх мод бариад түшээд явна гэдэг. Утас савлахаар дагаж хөдлөөд байвал тэнцвэр алдах нь ойлгомжтой. Тэгэхээр утас савлаад байвал савлахгүй болтол нь тэнцвэрээ олоод нүдээ аниад зогс. Савлахгүй тогтвортой болоод ирэхээр нь урагшаа нэг алх гэж хэлсэн байдаг юм. Бизнест гэсэн адил шүү дээ. Дагаж савлаад эсвэл урьдчилж гарах гэсэн хүмүүс бол дампуурна.

-Та анх хэдэн төгрөгөөр гутлын үйлдвэрээ барьж байв?

-Би анх өөрийнхөө хөрөнгөөр буюу 50,000 доллараар үйлдвэрээ эхэлж байв. Германд ажиллаж байхдаа хэдэн доллар хуримтлуулсан хэрэг. Одоо бол нэг ч төгрөгийн зээлгүй. Ер нь зээл авч байгаагүй. Нэг үйлдвэрийн машин аваад, дөрвөн хүнтэй эхэлсэн. Одоо манайх хоёр тэрбум гаруй үндсэн хөрөнгөтэй, 80 ажилтантай, үйлдвэрээ эрхлэх байртай байна. Манай хуучин үйлдвэр бол миний хувьд Гималайн оргил гэсэн үг. Тэнд миний бүх амьдрал өрнөсөн дөө. Үйлдвэрээ өргөтгөе гэхээр зах зээл бага байна, мөн нэг сая гаруй төгрөгийн цалин өгөөд байхад зарим ажилчид маань хаяж яваад л байна.  Монголд маань ажил хийж чадах хүн олдохгүй болоод байгаа нь бас л бодох ёстой асуудал юм.

-Үйлдвэрийнхээ цаашдын зорилгоос та хуваалцаж болох уу?

-Дахиад нэг төвшин ахина. Өчигдөр бид Оюутолгой компанид S3 стандартаар гутал нийлүүлдэг боллоо. Бид Монголын уул уурхайн салбарын гутлыг хийх бололцоотой гэдгээ харуулж байгаа хэрэг. Зарим хүн ядуу улсыг ажилтай болголоо гээд баярлаад алга ташаад л байна. Үүнд би нээх их баярлахгүй байна. Учир нь бидэнд асар их боломж байгаа гэж харж байгаа.

Ярилцсанд баярлалаа.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.