| | USD/MNT 0₮

П.БАЯРХҮҮ:АТҮТ-ИЙНХӨН АШИГЛАХГҮЙ 6000 “С” ЗӨВШӨӨРӨЛ ГАРГАЖ, 90 МЯНГААР ШАХСАН

“Баян зам тээвэрчдийн холбоо”, “Тээвэрчдийн төлөөлөл”, “Тээвэрчдийн гэргий нарын холбоо”-д хамтран “80+ илчилье” аяныг эхлүүлсэн байна.

Уг аянаараа Авто тээврийн үндэсний төв болон Зам тээврийн яам холбогдох компаниудын бузар булхайг илчлэхийг зорьсон гэдгийг Баян зам тээвэрчдийн УЗ-ийн тэргүүлэгч П.Баярхүү ярьсан юм.

Ингээд түүнтэй ярилцлаа.

-Та бүхний эхлүүлсэн 80+ илчилье” аяны гол зорилго юу бэ?

-Тээврийн хөлсийг нэмэгдүүлэх зорилготой. Зам тээврийн сайдын баталсан жишиг тарифыг нүүрс тээвэрт мөрдөх эсэх талаар яам газруудын зөрүүтэй байр суурь болон энэхүү жишиг тариф мөрдөгдөхгүй байгаагийн улмаас тээврийн гэрээнд зуучлал нэрээр хуйвалдан оролцож ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулдаг бүлэг хүмүүс бий болсон асуудлаар тус холбоо болон нүүрс тээврийн чиглэлээр идэвхтэй ажилладаг бусад ТББ-ын төлөөллүүд 80+ аяныг өрнүүлж тээврийн жишиг тарифыг нүүрс тээвэрт бүрдүүлэх тодорхой шаардлагыг шат дараатай хүргүүлж ирсэн.

Бид бүхэн Зам тээврийн яам болон холбогдох газруудад холбоотой шаардлага тавьсан ч эрх ашгаа хамгаалаад нүүрс тээвэрт явдаг жолооч нарын тээврийн хөлсийг нэмэгдүүлэхгүй байна. Тиймээс бид тогтолцоогоор нь өөрчилье гэж бодсон. Муу муухай юмыг нь илчилье. Тээврийн хөлсийг хэн багаар явуулаад байдаг юм. Бүртгэлтэй, бүртгэлгүй олон машин дээр хөтөч нэртэй зуучлагч нарыг цэгцлэх цаг болсон.

Авто тээврийн үндэсний төвд ч асар их ашиг сонирхол явж байж болзошгүй. Тухайлбал ашиглахгүй олон мянган С зөвшөөрөл гаргаж, 90 мянгаар шахсан байгаа.

Тиймээс бид нар муу муухай бүхнийг нь илчилье. Системээр нь өөрчилье. Тэгж байж эрүүл шударга зөв тээврийн компанийн үйл ажиллагааг эхлүүлье. Чадалтай мундаг компаниуд нь яваг. Хоёрын хооронд цүнхний нэртэй хүний хөлс хөдөлмөр мөлжиж шулдаг компаниудаас салах ёстой. Тэднийг дагаж ашиг сонирхлын зөрчил гаргадаг албан тушаалтнуудаас салъя. Бүгдийг нь шоронд хийх биш, өөрсдөө ухамсараараа энэ албан тушаалуудаасаа ховхрооч гэж хэлье.

-С зөвшөөрлийн асуудал улам бүр ужиг хуйвалдааны шинжтэй болж, тавьсан асуудлууд яам болон газар дээр очоод нам дарагдаад байна гэдгээ та тодорхой ярихгүй юу?

-АТҮТ-ийнхэн ашиглагдахгүй С зөвшөөрлийг улирал улирлаар нь гаргаж овоолсон. С зөвшөөрөл улиралд нэг удаа л олгогддог. Хоёрдугаар улирлын С зөвшөөрөл эхлэхээс өмнө бид нар тээвэр зогссон хорио цээртэй байгаа үед С зөвшөөрлийг олноор гаргахгүй байх асуудлаар Зам тээврийн яаманд хүсэлт гаргасан.

Өөрөөр хэлбэл, С зөвшөөрөл бүгдэд нь хавтгайруулан олгохгүй байх зохицуулалт хийж өгнө үү гэж хандсан юм. Яамнаас АТҮТ-д үүрэг өгдөг. Гэвч нөгөө талаас  Хятадын тал боломжгүй гэсэн үгээр ам тагладаг. Бид нарын авсан мэдээллээр Цогтцэций суманд ашиглаагүй олон мянган С зөвшөөрлийг буцаагаад татчихсан юм байна. Аваагүй компаниуд олон бий. Одоо тэр С зөвшөөрлүүдээ цаашид яах гэж байгаа нь бүрхэг мэдэгдэхгүй байна.

Өнөөдрийн байдлаар 250 машин нүүрс тээвэрт явж байна. Хорио цээр энэ янзаараа бол зургадугаар сар хүргэх байх. 5500 С зөвшөөрлийг яг юунд ашиглах гэж ямар зорилготой гаргасан юм бэ. Тэгээд компаниудад 90 мянгаар шахна. Эрүүл ухаанаар харахад ингэх шаардлага байхгүй. Хүн бүхэн ойлгож байна. Энэ байгаа янзаараа бол 500 машин нүүрс тээвэрт явдаг шүү дээ.

-Эндээс 90 мянгаар гарсан С зөвшөөрөл урд очоод үнэ нэмэгдэж дамлагдаж зарагддаг гэсэн үү?

-Тийм дам яриа зөндөө бий. Гэхдээ бид нотлож чадахгүй. Бид нар зохион байгуулалтын талаас нь шүүмжилж байна. Ковид 19 гээд улс даяараа хөл хорио тогтоож гаргасан журмыг бүх нийтээрээ дагаж мөрдөж байхад нүүрс тээврийн жолооч нарт зохицсон зохицуулалтыг энэ тээврийн томоохон байгууллагууд хийх ёстой. Гэтэл энийг хийхгүй найзан дундаа найзгарч, асуудлыг царцаагаад байна.

Бид нар С зөвшөөрлийн асуудлыг ойлгохгүй байна. 6000 С зөвшөөрлийг компаниудад өгчихсөн, нөгөө компани нь тээвэрт явахгүй болохоор дахиад гуравдугаар улиралд шахах гээд байгаа юм болов уу. Энэ улиралд авчихаад нүүрс тээвэрт яваа ч үгүй хохирсон компаниуд яах вэ.

-Нүүрс тээвэр дээр таван юанийн цавчаа яваад байдаг. Үүнийг болиулна гэлээ?

-Бүгд ярьж байна. Өөрөөр хэлбэл худалдан авалтын тал дээр давуу байдал бий болгож очоод “Би танай машиныг сая тонныг зөөж өгнө” гэж аваад ганцхан гэрээ хийчихэж байна. Тэр гэрээгээ бусад компаниудад өөрсдийнхөө татаасыг аваад жижиглээд өгчихөж байна. Нэг гэрээнээс 5-10 юань авах нь сул мөнгө. Ажилгүй компаниуд яваад ордог. Зүгээр зуулчилсан гээд сул мөнгө аваад байна. Энэ нь хууль ёсны ажил биш. Ийм юм хийх ёсгүй. Худалдан авагч шууд компанитай харьцаж танайд хэчнээн машин байна хэдийг нь явуулах уу, жолоочийн аюулгүй байдлаа хангасан уу, техникийн бүрэн бүтэн байдал хангагдсан уу гэж сонгох компанийг хоёр гуравхан хүн компани олж өгдөг ажил хийгээд байна.

Тиймээс бид нар энэ 5-10 юанийн цавцаа хийдэг хүмүүсийг больчихооч гэж зөндөө хэлж сануулсан. Дахиад ийм хууль бус тээврээ эхлүүлэх юм бол хууль хяналтын байгууллагад хандана шүү.

-Өнөөдрийн байдлаар Гашуунсухайтад нүүрс тээвэрлэлт хэвийн явагдаж чадаж байгаа юу. Хяналт шалгалт ихтэйгээс бол таталт удааширч  жолооч нар 3-5 хонож хилийн боомт дээр очиж байна гэж ярилаа?

-Сүүлийн долоо хоногт жолооч нар хилийн боомт дээрээ нэг хонож очдог болсон. Яагаад гэвэл 150 машин ордог боллоо. Тэгэхээр 250 машины 150 нь орчихоор үлдсэн машин нь нэг хоноод хил гарчихаж байна.

Тээврийн асуудлыг орон нутгийн талаас маш сайн ханган ажиллаж байна. Харин жолооч нарын нийгмийн асуудал хөндөгдөнө. Жолооч нараа яаж тусгаарлах юм, кабиндаа яаж хувцсаа солих уу, усанд орох боломж алга. Эрүүл ахуйн асуудлаа хангаж чадахгүй байна. Эрсдэлтэй нөхцөлд явж байгаа учраас тэднийг урьдчилсан байдлаар шинжлэх түргэвчилсэн оношлуур алга гэх мэт асуудлууд орхигдоод байна. Ядаж 500 машин өдөрт татуулдаг болчихвол 1000 жолооч ажил орлоготой болно.

Эрсдэлтэй гэдгийг тооцоод маш олон шалгуураар хянагдаж ариутгал хийж гараад байгаа. Харин эрсдэлтэй бүсээс гарч ирээд гэртээ харих гэхээр тусгаарлачихна. Тусгаарлаж байгаа орчин нь ойлгомжгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна. Харин эрсдэлтэй бүсээс гарч ирсэн жолоочийг түргэвчилсэн оношлуураар хянаж үзээд хариу сөрөг гарвал гэрт нь байлгаж, цахимаар хянаж болдоггүй юмуу гэсэн асуудлыг бид нар тавиад байгаа. Цагаанхаданд тусгаарлах ямар ч боломжгүй.

 

Өнөөдрийн байдлаар 250 машин нүүрс тээвэрт явж байна. Хорио цээр энэ янзаараа бол зургадугаар сар хүргэх байх. 5500 С зөвшөөрлийг яг юунд ашиглах гэж ямар зорилготой гаргасан юм бэ. Тэгээд компаниудад 90 мянгаар шахна. Эрүүл ухаанаар харахад ингэх шаардлага байхгүй. Хүн бүхэн ойлгож байна. Энэ байгаа янзаараа бол 500 машин нүүрс тээвэрт явдаг шүү дээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.