| | USD/MNT 0₮

Б.Чингэсмаа:Эрдэнэтийнхээ нэрийг гаргасан үндэсний хувцас болон гоёл чимэглэлийн салонтай болно

Хуримлагч бүсгүйн толгойн гоёлыг урлажээ

Хүн хүсэл мөрөөдлөөрөө, дуртай зүйлээ хийж, түүнээсээ азжаргал авч амьдарна гэдэг хэчнээн сайхан юм бэ. Дөрвөн хөөрхөн үрээ хараад гэртээ суухдаа зүгээр суухыг бодоогүй, өөрийгөө хөгжүүлж, өдөр бүр суралцаж, зүү утас шадарлуулж, зүүсгэл гоёл урлаж суугаа эгэл нэгэн бүсгүйтэй ярилцлаа.

Түүнийг Б.Чингэсмаа гэдэг бөгөөд их өвөрмөц нэртэй санагдав. Эрдэнэт хотод нөхөр дөрвөн хүүхдийнхээ хамт амьдардаг бөгөөд охиныхоо нэрээр нэрлэсэн онлайн дэлгүүр ажиллуулдаг юм байна. Мөн “Уран хэлхээ” хэмээх пэйжээрээ толгойн гоёл чимэглэл болон гар урлал урладаг ажээ.

-Сайн байна уу, гэр бүлийнхээ хүнтэй гар урлал буюу гоёл чимэглэл хийдэг гэсэн. Хэзээнээс эхэлж хийсэн бэ?

-Сайн байна уу. Юуны өмнө танд болон танай уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд гэр бүлийнхээ хүнтэй хамт гоёл чимэглэл дагнаж хийгээд дөрөв дэхь жилдээ орж байна. Анх 2016 оны зургадугаар сараас эхэлж хийсэн. Ер нь хоббигоо ажил болгосон.

-Өөрсдийгөө танилцуулаач, ам бүл хэдүүлээ бэ?

-Бид энгийн л нэгэн байдаг залуу гэр бүл. Манай нөхрийг З.Ганхуяг гэдэг. Намайг Б.Чингэсмаа гэдэг. Ам бүл зургаа, эвийн дөрвөн шагай шиг энхэр хөөрхөн дөрвөн үртэйгээ Эрдэнэт хотноо эв найрамдалтайгаар амьдарч байна даа.

-Өрхийн орлого ямар уу, гар урлалаас өөр ажил хөдөлмөр хийдэг үү?

-Өрхийн сарын орлого гэвэл нөхрийн цалинг оруулаад нэг сая орчим төгрөг болдог. Хань маань анх намайг гар урлалыг хийж эхэлж байхад хамтдаа л унжлага хэлхээд хонож өнждөг байлаа. Одоо эсрэгээрээ би унжлага хэлхэж манай хүн гол гадуур дотуурх ажлаа нугалдаг болсон. Гэхдээ миний хамгийн анхны шавь. Одоогоор миний хань Эрдэнэт хотынхоо Эрдэнэт ус ОНӨХК-д цахилгаанчин хийдэг. Ажлынхаа зав чөлөөгөөр үр хүүхдүүдээ зөөхөөс авахуулаад маш их ажлыг амжуулдаг. Орой нь хоёулаа өөд өөдөөсөө харж суугаад үйлчлүүлэгчдийнхээ өгсөн захиалгаа хийж дуусгадаг. Заримдаа шөнөжин сууж хийх тохиолдол ч бий.

-Ер нь ихэвчлэн ямар эд зүйлс урладаг вэ?

-Ихэвчлэн хуримын толгойн гоёлууд дагнан урладаг. Урласан гоёлуудынхаа зургийг аваад “Уран хэлхээ” пэйждээ байршуулж захиалга хийнэ, авна.

-Урласан гоёл чимэглэлээ хаана зарж борлуулдаг вэ. Мөн хэдэн төгрөг олдог уу?

-Гар урлал хийж эхлээд хамтран ажиллаж байгаа борлуулагч бүсгүй Улаанбаатар хотод байдаг юм. Тэр маань надаас олноор нь авч борлуулж өгдөг юм. Орлого бүр янз бүр.

-Хамгийн ачаалалтай буюу захиалга ихтэй үе нь хэзээ байдаг вэ?

-Хамгийн ачаалал ихтэй сарууд гэвэл дөрөвдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл байдаг. Хуримын саруудад буюу намар амьдралынхаа хамгийн нандин мартагдашгүй дурсамж болох хуримаа хийж буй гэргий нар маань биднийг сонгож их үйлчлүүлдэг. Хол ойр гэлтгүй бид хоёрт итгэж захиалга өгч үйлчлүүлдэгт нь маш их баярладаг шүү. Үйлчлүүлэгч нарынхаа итгэлийг алдахгүй, өөрсдийнхөө зүтгэлийг гээхгүй юмсан гэж их хичээдэг.

-Гар урлалын үйлдвэрлэл эрхлэхэд тулгарч болох хүндрэл бэрхшээл юу байдаг вэ?

-Бэрхшээлийн хувьд гэвэл зарим материалын олдоц нь муу байдаг нь жаахан тиймхэн санагддаг. Гэхдээ орлуулаад л өөрийнхөө чадах хэмжээндээ бүгдийг нь хийнэ бүтээнэ гээд л зүтгэдэг дээ. Хэзээ ч бууж өгч байгаагүй. Нойргүй хоносон олон шөнө бий. Гэхдээ л хийсэн гоёлыг маань зүүгээд сайхан бүсгүйчүүд маань тэр өдрийн үзэсгэлэнтэй гэргий, хуримын гэрч байхыг нь хараад л хэчнээн ядарсан ч түүнээсээ кайф авч сртесс тайлагдах ч бас жаргал шүү.

-Та хоёрын цаашдын зорилгыг сонирхвол. Залуу хүмүүс мэдээж ахиж дэвших байх?

-Бид хоёр цаашдаа Эрдэнэтийнхээ нэрийг гаргасан үндэсний хувцас болон гоёл чимэглэлийн салонтай болно гэсэн зорилготой хичээж оёдлын детал болгоныг сурч боловсорч байгаа. Хичээх, сурах, мэдэх зүйлс маш олон байгаа шүү.

-Залуу хүмүүс хөдөлмөрт шамдаж байж сайхан зүйлд хүрнэ гэдэгт итгэдэг үү. Ер нь та хоёрын үзэл баримтлал буюу зарчим юу бэ?

-Хөдөлмөрлөж байж л хүн зорьсон зорилгодоо хүрч хүсэл мөрөөдлөө биелүүлнэ гэж бодож явдаг. Одоогийн байдлаар гоёлоо урлангаа оёдлын сургалтанд сууж байгаа. Удахгүй санасан бодсон бүхий зүйл маань хөдөлмөрлөсний хүчинд бий болно гэдэгт итгэж өөрсдийн хүчээр хөдөлмөр эрхэлж байна. Цагийн юмыг цагт нь сэтгэл зүрхээ гарган урлах гэсэн зарчмыг баримталдаг. Ямар ч ажил байсан түүнийг чин сэтгэлээсээ гараа гаргаж хийх нь зөв. Түүнээс өчүүхэн бодлоор өнгөц үйлдлээр хэн нэгнийг хуурах гэсэн хандлагаар ажиллаж, орлого олно гэвэл ёстой бүтэхгүй дээ.

-Хамгийн их захиалга авдаг бүтээгдэхүүн нь юу бэ?

-Хамгийн их захиалга авдаг бүтээл маань сутайж толгойн гоёл. Ер нь толгойн гоёлуудаар ихэвчлэн захиалга авдаг. Одоогоор захиалга эрс багасчихдаг болохоор нэг сар гарангийн өмнөөс охиныхоо нэрээр онлайн шоп нээн ажиллуулж байна. Энэ улс эх орны байдал бас эдийн засаг хүндэрч байгаа энэ үед зүгээр суухыг хүсээгүй чадлынхаа хэр хэмжээнд ажиллаж байна даа. Ганц нөхөртөө амьдралын ачааг үүрүүлж, таван ам бүл тэжээ гэж хэлж чадахгүй шдээ. Тиймээс би бас ч хөдөлмөрлөх ёстой.

-Гоёлынхоо загвар хийцийг яаж гаргадаг вэ?

-Өөрөө зохионо. Бас бусдаас харж санаа авна.Ер нь хоббигоороо хийдэг ажил гэж ойлгож болно.  

-Ер нь бараа бүтээгдэхүүнээ хэдээс хэдэн төгрөгийн хооронд зарж борлуулдаг вэ. Одоо энэ хөл хорио дэглэмийн үед орлого хэр байна вэ?

-Бид хоёр хийсэн толгойн гоёлуудаа 65-150 мянган төгрөгийн хооронд гаргадаг. Хөл хориотой холбоотойгоор олох орлого маань нэлээн буурсан. Бараг захиалгагүй байгаа гэж хэлэхэд болно. Харин энэ хөл хорионы үеийг ашиглаад онлайн сургалтын групп нээн түүндээ гар урлалд дуртай ээжүүд охид бүсгүйчүүдийг элсүүлэн гар урлалын хичээлүүдээ оруулаад явж байгаа. Хүсвэл та бүхэн ч гэсэн сутаж урлал, туузан урлал, шүрэн толгойн гоёл суран ээжийгээ, эгчийгээ дүүгээ, охиноо гоёх бүрэн боломжтой шүү.

-Ярилцлага өгсөнд баярлалаа?

-Баярлалаа.

https://www.facebook.com/ThebrandCHINGAA/ Уран хэлхээ пэйж хуудсаар минь зочилж, юу хийдэг, ямар гоёл чимэглэл гардаг талаар сонирхож захилга өгч болно. 

Нярай охиндуудад толгойн гоёл, бойтог хийдэг 

Ээж охин хоёрын толгойн гоёлыг урласан 

 

Хамгийн ачаалал ихтэй сарууд гэвэл дөрөвдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл байдаг. Хуримын саруудад буюу намар амьдралынхаа хамгийн нандин мартагдашгүй дурсамж болох хуримаа хийж буй гэргий нар маань биднийг сонгож их үйлчлүүлдэг. Хол ойр гэлтгүй бид хоёрт итгэж захиалга өгч үйлчлүүлдэгт нь маш их баярладаг шүү. Үйлчлүүлэгч нарынхаа итгэлийг алдахгүй, өөрсдийнхөө зүтгэлийг гээхгүй юмсан гэж их хичээдэг.
Ярилцлага

Сэтгэгдэл (17)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.