| | USD/MNT 0₮

Сургууль, цэцэрлэггүй Нийслэл шинэ Засаг захиргааны байрандаа удахгүй нүүж орно

Тун удахгүй хотын захиргааны шинэ орд харш Яармагт ашиглалтад орох гэж байна. Өнөөдрийн байдлаар барилгын явц буюу А блок 85 хувьтай, Б блок 40 хувьтай явна. Энэ ондоо багтааж А блокоо ашиглалтад оруулж, нүүж суурьшина гэдгийг албаныхан хэлж байна.

УИХ-аас баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичигт Улаанбаатар хотыг 8 дэд төвтэй байхаар тусгасан.

Нийслэл хотын төвлөрлийг сааруулж, нэг төвт хотоос олон төвтэй хот болгон хөгжүүлэх зорилгоор НИТХ-аас хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх шийдвэрийг гаргаж, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллыг дахин төлөвлөх, “Ханын материал” ХК-ийн орчимд 9.2 га талбайд “Хотын захиргааны шинэ төв” төсөл хэрэгжүүлэхээр 3 жилийн өмнө  барилгын шавыг нь тавьж байсан.

Ийнхүү гурван жил дуншсан орд харш баригдаж дуусах нь. Нийслэлд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ байхгүй, 133 дугаар сургууль өөрийн гэсэн байргүйгээс болж өөр сургуулийн хаяа хатавч бараадан, хүүхдүүд нь ачаалал ихтэй сурч байхад дарга нарын өөрсдөө тухлах өндөр үнэ өртгөөр баригдаж байгаа Засаг захиргааны байр нь ийм хурдан баригдаж байгааг шүүмжлэгчид олон байна.

Учир нь нийслэлд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ байхгүйгээс болж сургуулийн өмнөх боловсролоо бага насныхан авч чадахгүй, цоожтой хаалганы цаана өдрийг өнгөрөөж байгаа нь үнэн. Сургуулийн хүрэлцээ байхгүйгээс болж сурагчид хичээл завсардах, хэдэн сургууль дамжиж суралцах тохиолдол ч бий. Ийм нийгэмд тулгамдсан хэцүү хүндрэлтэй асуудлаа шийдвэрлэхгүй байж нийслэлийн гэх тодотголтой дарга, даамал албан тушаалтнуудад ашигтай ая тухтай байдлаар аливаа асуудлыг нь шийдэж өгдөг байна. Ер нь манайд “хүүхдийн” гэх тодотголтой зүйл хөгждөггүй, урагш явдаггүй.

Хэрвээ энэ тансаг орд харшийн оронд сургууль, цэцэрлэг барих байсан бол өчнөөн шалтаг тоочоод өнөөдөр шав тавигдаа ч үгүй байхыг үгүйсгэхгүй.

Ирээдүй болсон хүүхдүүдийнхээ сурч боловсрох орчныг шийдэж, хөрөнгө оруулалт хийхгүй хэрнээ Нийслэл, агентлагийн дарга нарт зориулсан шинэ засаг захиргааны байртай болох нь.

Дашрамд дуулгахад, хотын захиргааны шинэ цогцолбор нь  газрын төвшнөөс доош 1 давхар, газрын төвшнөөс дээш Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон хэрэгжүүлэгч агентлагууд байрлах 20 давхар /А блок/,  иргэдэд үйлчлэх төвийн 2 давхар /Б блок/, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Ажлын албаны 6 давхар /В блок/ болон спорт залны барилга баригдахаар төлөвлөсөн. Барилгажих талбай 8.116.52 мкв ба А,Б, В блок, спорт залны барилгын  нийт талбай 44.587.33 мкв ба зоорийн давхарт 112, барилгын гадна талбайд 366 машины зогсоолтой байна. 

Төсөл хэрэгжүүлэгч барилгын угсралтын ажлыг гадна тохижилтын хамт өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх бөгөөд шинэ цогцолбор бүрэн ашиглалтад орсны дараа гурван жилийн хугацаанд төлбөрийг төлж барагдуулах аж.

Хотын захиргааны шинэ орд харш Яармагт ашиглалтад орох гэж байна. Өнөөдрийн байдлаар барилгын явц буюу А блок 85 хувьтай, Б блок 40 хувьтай байна. Энэ ондоо багтааж А блокоо ашиглалтад оруулж, нүүж суурьшина гэдгийг албаныхан хэлж байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.