| | USD/MNT 0₮

Б.МАХБАЛЫН ҮЙЛДСЭН ХҮН АМИНЫ ХЭРЭГ МАРТАГДАХ ВИЙ ДЭЭ

Өнгөрсөн 2018 оны наймдугаар сарын 09-нд Зам тээврийн яаманд хүн амины онц ноцтой хэрэг гарсан.

Тодруулбал, тухайн үед ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг мөрдөн байцаалтын явцад шалгаж тогтоосон. Гэвч өнөөдрийг хүртэл энэ хүн амины хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдэлгүй хоёр жил боллоо. Талийгаачийн ар гэрийнхэн цөхрөнгөө барж, хууль шүүхийнхэнд итгэх итгэл найдвараа алдаж эхэлсэн.

Цагдан хоригдож байгаа Б.Махбалд холбогдох хэргийг шүүх хурал одоогоор таван удаа хойшилсон бол зургаа дахь хурал нь тодорхой хугацаагаагүйгээр мөрдөн байцаалтад буцсан байдаг.

Дутуу хийгдсэн зүйлст мөрдөн байцаах ажиллагааг  явуулж дууссаны дараа мөн л хавтаст хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэвч шүүх хурал нь болдоггүй, шүүгдэгч болон өмгөөлөгч нар нь удаа дараа хойшлуулж цаг хожиж ирсээр байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар нийтдээ 10 удаа шүүх хурал хойшилжээ. Өчигдөр шүүх хурал нь болох байсан ч мөн хойшилсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-ын 2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн.

Учир нь дээрх хавтаст хэрэгт нэмж шалгах зүйл байна гэсэн үг юм. Яагаад хийсэн хэрэг нь тодорхой байхад яллалаад зохих ёстой ял зэмийг нь оноочихож болдоггүй юм бол.
Томоохон албан тушаалтан биш, өөр хэн нэгэн жирийн иргэн өнөөдөр хүний амь санаатай болон санамсаргүй байдлаар хохироосон байсан бол хэдхэн сарын хугацаанд гурван шатны шүүхээр хэргийг нь аль хэдийнэ шийдвэрлэчихсэн байгаа даа. Гэтэл том албан тушаалтан, ардаа нэр нөлөө бүхий хүмүүстэй хүний үйлдсэн хэрэг гэхээрээ ингээд шийдэгдэхгүй цаг хугацаа хожиж бараад байх ёстой юмуу.  

Бүхэл бүтэн хоёр жил болоход шууд гэрчтэй, гэгээн цагаан өдөр Монгол Улсын яамны гадаа хүний аминд хүрсэн нь тодорхой байхад хэргийг ингэж сунжруулж удаашруулаад байх цаад сонирхол юу юм бэ. Хэргийг үнэн зөвөөр шүүж шийдэх болов уу гэж ар гэрийнхэн нь бүтэн хоёр жил харуулдлаа.  

Магадгүй хөөн хэлэлцэх хугацаагаар ял завших болов уу гэсэн хардлага сэрдлэг байгаа ч нуухгүй юм. Эхэндээ хэдэн сар хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугисан энэ хэрэг ингэж явсаар Б.Махбалын үйлдсэн гэх хүн амины хэрэг мартагдах вий дээ.

 

тухайн үед ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг мөрдөн байцаалтын явцад шалгаж тогтоосон. Гэвч өнөөдрийг хүртэл энэ хүн амины хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдэлгүй хоёр жил боллоо
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.