| | USD/MNT 0₮

Б.Сарантуяа:Ээждээ зориулж дуун суварга бүтээлээ

Охиныхоо хамт 

 

Монгол Улсын Гавьяат жүжигчин, поп дива хатагтай Б.Сарантуяа “Амьдрал” нэртэй аялан тоглолтоо орон нутгуудаар эхлүүлжээ. Ингээд түүнтэй цөөн хором ярилцав.

-“Амьдрал” аялан тоглолтын онцлогоос ярилцлагаа эхлүүлье. Энэ таны хэд дэх аялан тоглолт вэ?

-Би амьдралынхаа чухал үйл явдлуудыг ард түмэнтэйгээ хуваалцан, тэднийхээ дунд байхыг эрхэмлэдэг. Тиймээс шинэ, цомог номын баяраа нийслэлчүүдээс гадна орон нутгийн иргэдтэй тэмдэглэж ирсэн.

“Амьдрал” бол миний бүрэн хэмжээний зургаа дахь аялан тоглолт. Ирэх жил 50 нас хүрэх гэж байна. Тиймээс 50 насныхаа ойг угтан ард иргэддээ уран бүтээлээ тайлагнахыг хүссэн учраас энэ оныг аялан тоглолтын жил болгосон юм. Аялан тоглотын минь арын албанд олон жил хамтран ажилласан, туршлагатай баг ажиллаж байна.

-Аялан тоглолтоо хаанаас эхлүүлж байгаа вэ?

-Өвөрхангайн Арвайхээр хотоос эхлүүлнэ.  Бид аялан тоглолтоо Эрдэнэт хотоос эхлүүлдэг уламжлалтай байв. Энэ нь автозамын сүлжээний маршруттай холбоотой. Би жил жилийн аялан тоглолтоо ялгарах өнгө аястай, шинэлэг байлгахыг зорьдог. Холоос зорьж ирсэн зочин гар хоосон байвал онцгүй шүү дээ. Тиймээс азтай үзэгчдэдээ ивээн тэтгэгчдийн гарын бэлэг, “Зууны дуу хоолой, би Сараа” ном, цомгийн дээжээс бэлэглэнэ. Тайзнаа хамт дуулах, өдөрлөг зохиох зэрэг фэнүүдээ баярлуулсан олон гэнэтийн бэлгийг хөтөлбөртөө багтаасан.

-Тоглолт нь аймаг биш алслагдсан сумдуудад бас тоглохоор юм байна?

-Тийм. Аялан тоглолтоо зөвхөн аймгийн төвийн үзэгчдээр хязгаарлаагүй. Хамтлаг, дуучид тэр бүр очдоггүй алслагдсан сумдын сонсогчдодоо ая дуугаа хүргэнэ.

Тиймээс “Амьдрал” Монголын урлагийн түүхэнд хамгийн урт зам туулсан аялан тоглолт болж магадгүй. Ард түмэндээ урлагаар үйлчлэх үүргээ биелүүлж байгаа учраас холын зам туулах, улирлын хүйтнээс эмээдэггүй. Харин хүний хүйтэн сэтгэлээс л айдаг. Увс аймгийн Тэс сум, Баян-Өлгий аймаг гэсэн алслагдсан нутагт тоглох учраас хөгжим, техникээ авч яваа.
Аялан тоглолтын товоо зарласан өдөр л орон нутгийн театр, соёлын төвийн захиргаанаас утасдаж, баяр хүргэн “Бидний зүгээс юу бэлтгэх шаардлагтай вэ” гэж асууж байсан.

-Шилдэг уран бүтээлүүдээсээ онцлон хэдэн дуу дуулах вэ. Дууны сонголт хийхдээ юуг чухалчилсан бэ. Мөн тоглолтоо “Амьдрал” гэж нэрлэсний учир?

-Улаанбаатар хотноо өнгөрсөн дөрөвдүгээр сард тоглосон “Амьдрал” тоглолтоо бүрэн эхээр нь тавина. Амьдралынхаа гол түшиг тулгуур болсон ээжийгээ би өнгөрсөн жил үүрд алдсан юм.

Монголчууд бурхан болсон хүнээ хүндэтгэн дурсаж суварга босгодог юм билээ. Ээждээ зориулж дууны суварга босгоё гэж бодсноо биелүүлж байна. Мөн ээждээ зориулж цомог гаргана гэж амалсан. Одоо дуунууд нь бүрдсэн, төрсөн өдрөөс нь өмнө цомгийг нь гаргана гэж бодож байгаа. Монголын шилдэг хөгжмийн зохиолчдоос ээжийн тухай дуунуудыг нь түүвэрлэж авсан.

Ээж минь аавтай ханилан төрөлх Якут орноосоо 1976 онд Монголд ирсэн. Манай ээж сэтгэлийн тэнхээтэй хүн байв. Оросууд нутаг буцахад ээж маань Монголд торойгоод үлдсэн.

Тиймээс төрсөн өдрийн тоглолтоо ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж “Амьдрал” гэж нэрлэн эцэг, эх, нутгийн сэдэвт дуунууд зонхилсон уран бүтээлээ тайлагнасан. Тэр үдэш миний сэтгэлд урьд нь төрж байгаагүй гэгээн сайхан мэдрэмж төрсөн. Тэр бүхнийгээ хүн бүртэй хуваалцахыг хүссэн юм.

Ер нь миний тоглолтууд үргэлж халуун дулаан уур амьсгал дунд сайхан болдог. Гэхдээ “Амьдрал” элбэрэл, энэрэл шингэсэн тоглолт болсон. Үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндсөн уянгын дуунууд болон шинэ уран бүтээлүүдээсээ дуулна. Энэ удаагийн аялан тоглолтод Украины саксфонч Дмитрий Таган оролцож байгаа. Манай улсад элэгтэй, Монголын хүргэн хөгжимчин. Харамсалтай нь хайртай эхнэр нь бурхан болоод удаагүй байна. Дима маань дэлхийн сонгодог аялгуунаас гадна, Украин, Монгол ардын дууны аяыг саксфон хөгжмөөр тоглож үзэгчдийн сонорыг мялаах юм.

-“Хаврын ганц улиас” дуугаа ганцаараа дуулах уу?

-Ганцаараа дуулна. Манай Чойжоо надад зориулж ганцаараа дуулаг гээд хөгжмийг нь дахин найруулж өгсөн.

-“Амьдрал бол аялал” гэдэг. Анхны аялан тоглолтынхоо талаар дурсамж дэлгэнэ үү?

-Би тайзнаа дуулсны 10 жилийнхээ ойгоор буюу 1996 онд анхны аялан тоглолтоо Ховд аймгаас эхлүүлсэн. Дараа нь 2000 онд “Хайрын зөрлөг”, 2003 онд “Би жаргалтай”, 2007 онд “Хайрламаар”, 2011 онд “Аргагүй монгол аялгуу” аялан тоглолтоо хийж эх орноо бүтэн тойрсон. Анхны аялан тоглолтуудаа “Бид заавал очно” гэдэг уриан дор зохион байгуулж байлаа.

 Хаана ч очсон намайг сайхнаар угтдаг ард түмэндээ баярлалаа. Анхны аялан тоглолтоороо би “Халуун сэтгэл хаана ч байдаг” гэдгийг ухаарсан. Аялан тоглолт надад уран бүтээлийн олз омог өгөхөөс гадна монгол ахуйтай минь ойртуулдаг. Надад байдаг энэ сэтгэл ааваас үе залгамжлан ирсэн байх. Намайг эх нутаг, ахан дүүсээ гэсэн сэтгэлтэй болгож төлөвшүүлсэн хүн бол аав минь. Би хэдийгээр Улаанбаатарт төрж, өссөн ч зун хөдөө байдаг эмээгийндээ очиж, байгальд ойрхон өссөн. Би орон нутгаар аялан тоглолт хийх дуртай.

Эх орныхоо үзэсгэлэнт байгалийг биширч олон сайхан хүнтэй уулзаж, учирна гэдэг дуучин болсны зол юм. Хөдөөний айлд тухлаад, гурилтай шөл идэнгээ хол ойрын сонин сайхныг ярилцахад хэчнээн таатай гээч. Энэ сайхан бүхнийг үр, хүүхдүүддээ мэдрүүлж, тэднийгээ аавынхаа хүмүүжлээр өсгөхийг хичээж явна.

 

О.Гал 

Монголчууд бурхан болсон хүнээ хүндэтгэн дурсаж суварга босгодог юм билээ. Ээждээ зориулж дууны суварга босгоё гэж бодсноо биелүүлж байна. Мөн ээждээ зориулж цомог гаргана гэж амалсан. Одоо дуунууд нь бүрдсэн, төрсөн өдрөөс нь өмнө цомгийг нь гаргана гэж бодож байгаа. Монголын шилдэг хөгжмийн зохиолчдоос ээжийн тухай дуунуудыг нь түүвэрлэж авсан.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.