| | USD/MNT 0₮

П.НЯМДАВАА:ШИНЭ КОРОНАВИРУСИЙГ БИД СУДАЛЖ ЧАДАХГҮЙ

Коронавирусийн халдвар дэлхийн 213 оронд тархсан байна. Өнөөдрийн байдлаар хоёр сая гаруй хүн уг халдвараар өвчилж, 145 мянга гаруй хүн уг халдвараар амиа алдаад байна. Манай улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 31 тохиолдол бүртгэгдснээс тав нь бүрэн эмчлэгдэж эмнэлгээс гарсан байдалтай байна.

Вирус судлаач П.Нямдаваа одоогоос долоон сарын өмнө болсон "Зүүн Өмнөд Ази болон Номхон Далайн Баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын 13-р зөвлөгөөн” дээр “Шинэ вирус хэзээ хаана ямар байдлаар гарахыг бид мэдэхгүй” гэж ярьж байсан удаатай.

Тэгвэл өнгөрсөн оны сүүлчээр Хятадын Ухань мужаас Коронавирус гарч дэлхий нийтийг хамарч, хүн төрөлхтөнг өвдөг сөхрүүлээд байна.

Ингээд Вирус судлаач, академич П.Нямдаваатай коронавирус болон нян судлалын талаар ярилцлаа.

-Виурс гэж яг юу бэ. Дэлхий нийтэд хэрхэн яаж судалсан байдаг вэ?

-Вирус гэдэг хамгийн жижиг, нүдэнд үзэгдэхгүй нян. Бактертай харьцуулахад хэдэн зуу дахин бага. Нян гэдэг ерөнхий нэршил нь юм. Вирусийг дэлхий нийтээр хамгийн сүүлд олж мэдсэн нян болохоор бага судалсан байдаг. Бактераар сэдээгдсэн өвчнийг антибиотикоор дарна. Гэтэл вирус антибиотикт дарагдахгүй.

-Энэ дэлхий нийтийг айлгаж, ичээж хүн төрөлхтөнийг өвдөг сөхрүүлээд байгаа коронавирусийг судалсан уу?

-1960-1970-аад оны үед амьтнаас илрүүлсэн байдаг. Амьтнаас амьтанд дамжиж халдварладаг байснаас хүнд бий болоогүй байсан цаг үе. Харин 2003 оноос амьтны вирус хүнд дамжих процесс явагджээ. Ангийн махыг түүхий нойтноор нь иддэг хүмүүстэй холбоотой. Амьтнаас халдварлах халдвар 2019 оны төгсгөлд Хятадын Ухань мужаас гарлаа.

Хүн төрөлхтөний түүхийн туршид амьтны вирус хүнд халдварласан байх. Улаанбурхан гээд халдварт өвчин анх нохойг хүн төрлөхтөн гаршуулах үед бий болсон байдаг. Нохойн мэдрэлийн өвчин буюу үхлүүт өвчин. Ингээд хүүхдэд тууралт үүсгэж, хөнгөн хүнд хэлбэрээр тусдаг.  Голдуу амьтны вирус халдварт өвчин үүсгэдэг гэх. Гэхдээ нийт хүн төрлөхтөний амьдралын түүх гэж ярих юм бол асар их хугацаа. Харин харьцуулахад вирусийг мэдсэн нь богино хугацаа юм даа.

-Ер нь хүн төрөлхтөн вирус гэдгийг хэзээнээс эхэлж сайн мэддэг болсон бэ?

-Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш мэддэг болсон. Уушгины тагшаа ханиад гэж хуучин уламжлал нэршил бий.  Өмнө нь гардаг байсан ч ямар вирусээр гардаг байсныг бол мэдэхгүй.  Ер нь бол 2018 оны томуугийн вирус ирж магадгүй гэж ярьсаар байгаад 2019 онд ийм байдалд хүрлээ.

Байгальд вирус орчиж нэг амьтанд халдвар өгч нөгөө амьтанд зүгээр байдгийг бүрэн судалж таньж чадахгүй. Бидний хувьд ч ялгаагүй энэ шинэ вирусийг таньж гүйцээгүй байна. Тийм учраас бид өдөр болгон өөр шинэ юмтай тулгарч байна.

-Дэлхийд тархсан коронавирус цар тахлын хэмжээнд хүрсэн. Энэ вирусийг бид яаж оношлох юм бэ?

-Вирус судлалын сонгодог гурван арга бий. Нэгдүгээр вирус өсгөвөр энэ арга сонгодог ч их цаг авдаг. Хоёрдугаарт вирусийг өөр завсрын илрүүлэгчийн тусламтайгаар илрүүлэх. Гуравдугаарт нүхлийн хүчилд суурилсан арга гэж бий. Эдгээр аргуудыг хавсруулж байж судална. Тодруулбал, эд нарыг бүгдийг нь нийлүүлж байж вирус хаана явж байгааг судалж мэднэ гэсэн үг.

-Халдвар авсан иргэдийн биенээс эсрэг биет илэрлээ гэж яриад байгаа. Энэ яг юу гэсэн үг юм бэ?  

-Эсрэг бие илэрнэ гэдэг нь нөгөө талаас нь авч үзвэл халдварыг даваад туулчихсан гэсэн үг. Халдвар аваад эдгэсэн хүн байж болно. Вирус нь өнгөрөөд явсан бол виурсийн эсрэг халдвартай гэсэн үг. Өөрөөр хэлбэл, халдвартай хүнд эерэгт биет гарч болно. Хүнд өвчтэй хүн вируст муу хариулна. Түргэвчилсэн оношлуурыг тандалт судалгааны аргад ашиглана.

Манайхан шинжилгээний хариу түргэвчилсэн оношлуураар эерэг гарлаа гээд айж сандрах хэрэггүй. Лавлагаа буюу хоёрдугаар шатны шинжилгээний хариу цогц гарах ёстой.

-Манайд энэ халдвар аль өнгөрсөн арваннэгдүгээр, арванхоёрдугаар сард илэрч, хүмүүсийг дайраад өнгөрсөн гээд байгаа. Үүнд та итгэх үү?

-Манай хүн амын дунд халдвар тархсан гэхэд итгэхгүй. Харин илэрсэн тохиолдлууд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Ер нь вирусийг шинжилнэ гэдэг бол асар том судалгааны ажил.

-Коронавирусийн шинж тэмдэг янз бүр байх шиг. Одоо бүр шинж тэмдэггүйгээр илэрч байгаа учраас энэ халдвар амархан хувирч мутацид орж байна гэх?

-Шинэ коронавирусийг бид судалж чадахгүй. Судлахын тулд вирус юм уу, нянг лабораторид ургуулж нарны гэрэл, янз бүрийн нөхцлөөр үйлчлүүлэх буюу орчинд байлгаж турших хэрэгтэй болдог. Тэрхүү нянг бид ялгаж чадахгүй учраас туршилт хийх арга байхгүй. 

Уг өвчний шинж тэмдэг нь халуурч, бүх биеэр хөндүүрлэх, зарим тохиолдолд вирус нь уушгийг өвчлүүлснээс амьсгаа тасалдах байдлаар илэрч болно. Хятадын халдварт өвчин судлаачид титэм вирусийн шинэ төрөл гэж тогтоосон. Вирусийн зургийг томруулан харах юм бол гаднаа титэм хэлбэртэй байгаагаас ийнхүү титэм хэмээх гоёдсон нэр хайрласан бололтой.

-Монголчуудын дархлаа сайн гэдэгт та итгэх үү. Энэ айхтар вирусээр Монгол хүн өвдөхгүй өвчлөхгүй гээд яриад байх юм?

-Би тэрэнд итгэхгүй. Онцгой тусгай бие гэж байхгүй. Тиймээс янз бүрийн худлаа мэдээлэл хүнийг алж мэднэ.

-Вирусийн эсрэг эм тариа хэр үр дүнтэй бэ?

-Сүүлийн 20-иод жилд л вирусийн эсрэг эм гарч байна. Өмнө нь эмчлэгддэггүй байлаа.

-Өнгөрсөн 2019 онд ДЭМБ-аас дэлхийг хамарсан халдвар гарна гэдгийг мэдээлж байсан гэдэг?

-Нэн шинэ вирус манай урд хөрш БНХАУ болон Япон, Өмнөд Солонгост гарсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сэрэмжлүүлээд байсан. Тодруулбал, БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод өнгөрсөн онд анх бүртгэгдсэн шалтгаан нь тодорхойгүй уушигны хатгалгаа өвчний үүсгэгч нь шинэ төрлийн корона вирус болохыг ДЭМБ-аас мэдэгдсэн шүү.

-Маск зүүж, бээлий өмсөх нь вирусээс төгс хамгаалж чадах уу?

-Хамгаална. Маск зүүх нь зөв асуудал. Байнга маск зүүнэ гэдгийг төсөөлөхгүй байна. Маскаас гадна агаараар дамжиж байгаа вирусийг хөнөөх арга бий. Тухайлбал, манай уламжлал болох ариун ганга, хүж арцаа уугиулах. Гэртээ болон албан байгууллагадаа байгаа газраа арц хүж шатаавал гэрийн агаар нянгүй болж цэвэршинэ.

-Та одоогоос долоон сарын өмнө “Шинэ төрлийн вирус хэзээ хаана гарахыг бид мэдэхгүй” гэж томуугийн зөвлөгөөн дээр хэлж байсан?

-Тийм. Яг үнэндээ бол манайх дулаан орнуудтай харьцуулахад давуу талтай. Улирлын хувьд ч өөр шүү дээ. Гэхдээ томуугийн ч байна уу өөр цар тахал дэгдэхгүй байна гэсэн үндэслэл баталгаа байхгүй. Яагаад гэвэл хил хязгааргүй гардаг учраас. Шинэ вирус хаана хэзээ гарахыг бид хэлж мэдэхгүй.
Одоогоос 10 жилийн өмнө буюу 2009 онд дэлхийг хамарсан томуугийн өвчлөл гарч байсан. Тиймээс дэлхийн улс орнууд томуугийн эсрэг, томуугийн цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах, юуг хамтран хийж хэрэгжүүлэх талаараа ийнхүү зөвлөлддөг болсон.

О.Сайхан 

 

 

 

Манайх дулаан орнуудтай харьцуулахад давуу талтай. Улирлын хувьд ч өөр шүү дээ. Гэхдээ томуугийн ч байна уу өөр цар тахал дэгдэхгүй байна гэсэн үндэслэл баталгаа байхгүй. Яагаад гэвэл хил хязгааргүй гардаг учраас. Шинэ вирус хаана хэзээ гарахыг бид хэлж мэдэхгүй.
Ярилцлага

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.