| | USD/MNT 0₮

Н.Ариун-Эрдэнэ: Эцэг эхчүүд хүүхдээ боловсролтой байхгүй бол чи амьдарч чадахгүй гэдэг. Боловсрол чухал ч хүн байх нь чухал юм шүү

Хүүхдийн хүмүүжлийн талаар “Гэр бүл хүүхдийн сэтгэлзүйн боловсролыг дэмжих төв”-ийн багш, гэр бүл хүүхдийн сэтгэлзүйч Н.Ариун-Эрдэнэтэй ярилцлаа.
 
-Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэж манай монголчууд ярьдаг. Ер нь хүүхдээ бие хүн болгон төлөвшүүлэхэд эцэг эхчүүд хэр анхаарч байна вэ?

-Дээр үед монголчууд маань хүүхдийг ураг байхаас нь эхлэн ээжид нь анхаарч, халамжлах байдлаар хүмүүжүүлдэг байж. Амьдралын туршлагаараа хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь хүмүүжүүлж ирсэн түүхтэй. Тухайлбал, жирэмсэн эмэгтэй тэмээ рүү харж шээдэггүй, уурган дээгүүр харайдаггүй гэх мэт. Хөл хүнд үед нь ээжийг тайван байлгавал амгалан тайван хүүхэд төрдөг. Монголчууд асар том ухаантай ард түмэн. Эрт дээр үеэсээ л хүүхдээ зөв, ардын ухаанаар хүмүүжүүлж сургаж ирсэн уламжлалтай ард түмэн.


Ээж хүүхдээ хэвлийдээ олсон цагаас нь эхлээд төрөл бүрийн хүмүүжлийг өгч болно. Хөл хүнд ээж зөв зохистой хооллож, нойр хөдөлгөөнөө сайн зохицуулж чадвал хүүхдийн тархины хөгжилд сайн нөлөөтэй. Мөн хаана хэнтэй уулзаж ярилцах, юу идэж уух гэдгээ ээж өөрөө зохицуулна. Маш их дуу чимээтэй орчин нь эхийн сэтгэлзүйгээр нь дамжаад ураг тавгүйхэрч, айж цочиж болно. Ингээд хүүхэд эхээс төрсний дараа их дуу чимээтэй орчинд, сэтгэл зүйн хувьд ч аймтгай байх, тавгүйтэх гэх мэт.
 
Эмэгтэй хүн хөл хүнд байхдаа нойр хоол хөдөлгөөн харилцаагаа сайн зохицуулж байсан бол хүүхэд төрсний дараа тархины хөгжилд нь сайнаар нөлөөлдөг. Мөн аливаа нэг дадал хэвшлийг олгох сайн суурь нь болж өгч чадна. Жишээлбэл, цагаан идээ их иддэг ээжийн хүүхэд тараг цагаан идээнд дуртай төрөх магадлал өндөр. Тэгэхэд хөл хүнд ээж маань замбараагүй хооллох, бохь зажлах, гар утсаар хэт оролдох гээд зүйлүүд ажиглагддаг.  Чихэр, чипс амттан гээд бэлэн бүтээгдэхүүнээс илүү хүүхдээ багаас нь цагаан идээнд дуртай байлгая гэвэл хэвлийд хүүхэд олсон цагаасаа цагаан идээ сайн идээрэй. Цагаан идээ их сайн иддэг хүүхдийн шүд эрүүл, бэхжилт сайтай, өгүүлэхүйн эрхтэн сайн хөгждөг гэх мэт давуу талыг олгодог юм шүү.

-Ер нь эцэг эхчүүдийн хүүхэдтэйгээ харилцах харилцаа хандлага хэр байдаг вэ. Хүүхдээ зөв хүмүүжүүлэхээс илүүтэй, дутуу зүйлгүй өсгөхийн төлөө их хичээдэг болсон юм шиг санагддаг. Та үүнийг юу гэж боддог вэ?

-Ээж, аав нарын мэдлэг, мэдээлэл муу байдаг. Нийтлэг аав ээжүүд өөрсдөө хэрхэн яаж өсч хүмүүжсэн яг тэр арга барилаар хүүхдүүдээ хүмүүжүүлэх гээд байдаг. Орчин үед бидний идэж байгаа хоол хүнс, нийгмийн хөгжил гээд шал өөр. Эцэг эхийн хүмүүжлийн арга барил хоцрогдсон. Одооны хүүхдүүдийн сэтгэлзүйд тохирохгүй арга барил. Уламжлалт хүмүүжил маань хүүхдийг хэн нэгэнтэй сөрөг харилцах, хандлагыг төлөвшүүлдэг.
 
Дийлэнх аав ээжүүд маань сэтгэл зүйн хэрэгцээнээс илүү эд материалд анхаарч хүмүүжүүлэх гэдэг. Эд материлаас илүү эрхэм чанар, хүн байхын ухаан үр хүүхдэд нь хэрэгтэй шүү дээ.

-Гэрт халуун дулаан амьд харилцаа алга гэж шүүмжилдэг. Бүгд гар утастай нөхөрлөж, фэйсбүүк ухдаг болжээ. Нялх хүүхдээ саатуулахын тулд гар утас бариулдаг. Энэ нь эргээд хүүхдийн тархи, хөгжил, сэтгэлзүйд асар хортой муу зүйл гээд яриад байхад эцэг эхчүүд тоодоггүй?

-Аав ээжүүд өөрсдөө маш их уур бухимдалтай, стрестэй байна. Тэдний ажлын ачаалал ч их байна. Ажил амьдралынхаа зохион байгуулалтыг буруу авч явснаас болж гэртээ орж ирээд стрессээ хүүхэддээ гаргадаг. Хүүхдүүд аав ээжтэйгээ харилцах хэрэгцээ байгаа. Аав ээж рүүгээ хандах гэхээр аав ээж нь стресс ихтэй учраас бага насны хүүхэддээ утсаа өгөөд аргалчихдаг.

Аав ээжийн өөрийнх нь сэтгэл зүйн асуудал өөрт хэцүү санагдаж байгаа нөхцөлд бусдад анхаарал халамж тавьж чаддаггүй. Ингээд хүүхдээсээ зугтааж, цаг зав гаргадаггүй, ажил ихтэй ядарснаа гайхдаг.

-Шилжилтийн насны хүүхдийн хүмүүжлийн онцлог болоод эцэг эхтэйгээ харилцах харилцаа ямар байх ёстой вэ?

-Хүүхэдтэйгээ ярилцах, харилцах чадварыг бага насанд нь суулгаж өгөх ёстой. Бага насанд нь нээлттэй харилцаж чадаагүй бол өсвөр насандаа хүүхэд ээж аавдаа асуудлаа ярина гэж хэзээ ч байхгүй. “Надтай хэн ч ярилцдаггүй, хэн ч ойлгодоггүй” гээд бодчих юм бол хүүхэд хэнтэй ч асуудлаа ярихгүй. Сэтгэлээ нээхгүй байдаг.

-Сүүлийн үед өсвөр насныхныг сэтгэлийн хатгүй гэж шүүмжилдэг болж. Юм л болвол амиа хорлодог. Хорлохыг завддаг, хар тамхи хэрэглэдэг гэсэн яриа бий. Энэ нь бас л гэр бүлийн харилцаатай холбоотой юу, эсвэл өөр шалтгаан бий юу?

-Хэрвээ таны хүүхэд ямар нэгэн асуудалтай байгаад гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн золиос болсон бол энэ таны буруу юм. Гэр бүлийн орчинд хайр халамж анхаарал сул байвал хүүхэд буруу зүйлд уруу татагддаг, болчимгүй үйлдэл хийх гээд байдаг.

-Хангалуун амьдралд өссөн хүүхэд, тааруу тарчиг амьдралд өссөн хоёр хүүхэд асар их ялгаа бий. Эдэлж хэрэглэх зүйл нь элбэг дэлбэг байгаа хүүхэд аливаа зүйлийг тоохгүй байх ч ядуу айлын хүүхэд хулгай хийх, дээрэм тонуул хийх гэх мэтээр буруу замаар яваад байдаг?

-Ямар ч орчинд хүүхэд өссөн байлаа ээж аавын сайхан харилцаа хандлагаар хүүхэд зөв өсөж хүмүүжих боломжтой. Хэт тансаг эд зүйлээр хүүхдээ дутагдах зүйлгүй өсгөлөө гэхэд аав ээж сэтгэл зүйн хэрэгцээг нь муу анхаарвал хүүхэд тэр амьдралаас, эд зүйлээс авах ташаал байхгүй болж, амархан уйдаж, өөр буруу зүйл рүү уруу татагдах гээд байж болно. Өөрт байхгүй зүйлдээ сэтгэл хөдөлж, таашаал авна гэсэн үг.

Харин амьдралын боломж муутай айлын аав ээж хүүхдэд зөв хүмүүжлийг өгч чадаагүй бол өөрт байхгүй болон бусад хүүхдийн адил хэрэгцээгээ хангахын тулд хулгай хийж, худал хэлдэг гээд сөрөг буруу үйлдэл хийж байж магадгүй. Хүүхэд болсон хойно гоё сайхан зүйлийг мөрөөднө.
Амьдралын боломж сайтай муутайдаа гол нь биш энд аав ээж маань хүүхдийн сэтгэл зүйн хэрэгцээг л сайн хангадаг байх хэрэгтэй. Сайн хүмүүжил авсан хүүхэд өөрөө том болоод боломжтой сайхан амьдралыг бий болгож чадна шүү дээ.

-Яагаад?

-Эцэг эх болохын тулд эхлээд бэлтгэж, төлөвлөх хэрэгтэй. Тэр төлөвлөгөөнийхөө дагуу үр хүүхэдтэй болох ёстой. Гэтэл залуу насны түр зуурын сэтгэл хөдлөлөөр хандаж, ярилцаж төлөвлөгөөгүйгээс болж хүүхэд гаргаж, эцэстээ үр хүүхдээ хохироох, эрх тэгш өсгөж чадахгүй байна.
 
-Хүүхдийг боловсролтой байлгахын тулд багаас нь хэт их шахаж шаарддаг болжээ, эцэг эхчүүд. Энэ зөв үү, буруу юу?

-Нэгдүгээрт, ээж аавууд хүүхдээ бусадтай харьцуулдаг. Энэ бол маш буруу юм. Хүүхдийнхээ зан төлөв, байгаа байдлыг нь ерөөсөө хүлээн зөвшөөрдөггүй. “Тэрний хүүхэд тийм байхад миний хүүхэд ийм байна. Тийм байх ёстой. Чи тэдний хүүхдээс юугаараа дутдаг юм бэ” гээд хүүхдүүдээ өрсөлдүүлдэг. Энэ байдлаас хүүхэд өөрийгөө голдог, чамладаг, сэтгэл хангалуун бус байдаг.

Хоёрдугаарт ээж аавууд өөрийнхөө биелүүлж чадаагүй мөрөөдөл, хүрээгүй амжилтаа биелүүлэхийн тулд хүүхдээ тулган шаарддаг. Жишээлбэл, “Би эмч болоогүй, чи болох ёстой” гэж шахдаг. Гэтэл хүүхэд шал өөр мэргэжилтэй болохыг боддог бол нөгөө талаар шийдвэр гаргах нас чадвар суугдаагүй хүүхэд ээж аавынхаа шахалтаар мэргэжил сонгоод алдах зөндөө тохиолдол бий. Дургүйд хүчгүй гэгчээр залуу насандаа сурах хүсэлгүй, амьдрах сонирхолгүй, зорилгогүй болдог. Дургүй мэргэжлээрээ олон жил сурах хэцүү. Хэдийнээ өөрийн хүссэн мэргэжлээрээ суралцаад ажлын байран дээр гарчихсан байх байтал хайран жилүүдээ хий өнгөрүүлдэг. Аав ээжүүд биелүүлээгүй мөрөөдлөө тулгаж, битгий хүүхдийнхээ залуу насаас хулгайлаарай.

Гуравдугаарт хүүхэддээ асар их шаардлага тавьдаг. “Хүүхдээ боловсролтой байхгүй бол чи амьдарч чадахгүй” гэдэг. Боловсрол чухал ч хүн байх нь чухал. Хүнтэй харилцах, хүнийг ойлгож, хайрлаж хүндэлж чаддаг хүн л энэ нийгэмд амьдарч чадаж байна.
 
-Зөрүүд гөжүүд хүүхдийг яаж уян хатан зөөлөн нэгэн болгох вэ?
 
-Багаасаа гөжүүд зөрүүд байсан хүүхэд том болсон хойноо ч энэ зангаа тавихгүй. Тиймээс зан төлөвийг нь өөрчлөхөд нэлээн цаг хугацаа орно. Зургаан настай хүүхэд зөрүүд байлаа гэж бодоход зан харилцааг нь засахад магадгүй дахиад зургаан жилийн хугацаа шаардагдана. Анхнаасаа л суурь хүмүүжилд нь аав ээж анхаарах нь зөв. Аав ээждээ гомдсон, дүүтэй болох, хайр халамж мэдрэхгүйгээсээ болж зөрүүд болдог. Шийтгэхээс илүүтэй хайр халамжаа сайн өгөөрэй. 


-Хүүхдийн зан хүмүүжилд анхаарч эхлэх нас нь яг хэдэн наснаас эхэлдэг вэ?
 
-Хөл хүнд ээжийн хэвлийд байх үеэс хүүхдийн хүмүүжил эхэлдэг гэж ярьсан даа. Хүүхэд бий болоогүй үеэс ч аав ээж сэтгэлзүйгээ бэлтгэж болно. Хүүхдэд шаардлагатай бүх зүйлийг эхнээсээ бэлтгэх нь зөв.

-Хүүхэд олон нийтийн сүлжээг дураараа ашиглах нь зөв үү. Бага ангийн хүүхдүүд фэйсбүүк нээчихсэн янз бүрийн хүмүүстэй найз болчихоод чат бичилцэж байна. Үүнийг нь аав ээжүүд нь мэдэхгүй байх жишээний. Интернэт орчинг ашиглах нь зөв үү, буруу юу?

-Олон нийтийн сүлжээн дэх мэдээ, мэдээлэл хүүхдийн өсөлт, хүмүүжилд асар муу нөлөөтэй. Хүүхдүүд хэрэгтэй мэдээлэлдээ шүүлтүүр тавьж чадахгүй байна. Хоёрдугаарт аав ээжүүд хяналт тавихгүй байна. Өөрсдөө хүүхдэдээ хяналт тавихгүйгээс болж давраадаг. Сүүлдээ хүчрэхээ больдог. Олон нийтийн сүлжээнд асар буруу мэдээлэл байдаг. Жишээлбэл, хүүхдүүдийг ажил хийх хэрэггүй, зүгээр байхад мөнгө ороод ирдэг гэх мэтээр байнга лайв хийж байх жишээний. 

Тэр пэйжид “Үүнийг хэрэглэвэл гоё болно, үүнийг уувал гоё туранхай болно, ганц товчлуур дараад мөнгөтэй болно” гэх мэтээр амар хялбар аргыг сурталчилж байна. Үүнийг өсвөр насны хүүхдүүд харж байгаа шүүдээ. Ингээд амар хялбар амьдрах хүсэлтэй болно. Буруу зүйлд уруу татагдана.  Хүн ажил төрөл хийж, амьдралаа сайхан авч явдаг юм шүү гэдгийг л сурталчлах хэрэгтэй байна даа.

-Бүрэг ичимхий, хэл яриа нь хөгжөөгүй хүүхдийг нийгмийн харилцаанд яаж оруулах вэ?

-Хүүхэд хэлд орох үедээ ээж аавыгаа зүгээр суулгадаггүй ярилцах гэж шалгаадаг үе бий. Гэтэл энэ үед нь аав ээжүүд тээр шаадаг. Хүүхэд мэдэхгүй сонирхсон зүйлээ асуудаг. Мөн хүүхэдтэйгээ ижил түвшинд нүд рүү нь харж, сэтгэлийг нь ойлгож сонсож ярьдаггүйгээс болж хүүхэд ганцаардаж, дотогшоогоо дуугаа хурааж эхэлдэг. Ийм байдлаас болж хүүхэд ярьдаггүй бүрэг ичимхий, өөртөө итгэлгүй, дуугай нэгэн болдог. Хүүхэдтэйгээ сайн ярилцаж, хайр халамжаа үзүүлж, хамтдаа байх, ном сайн уншуулаарай. Мөн д мэргэжлийн хүний зөвлөгөөг авах.

-Хүүхдийг номонд дуртай болгох энгийн арга юу байна. Одооны хүүхдүүд номтой биш гар утастай их нөхөрлөх юм?

-Сонирхолтой номыг нь авч өг. Бага насны хүүхдэд зурагт ном их үзүүлж ярилцах, үйл хөдлөлөөр харуулж тоглох гэх мэт. Аав ээж ном уншиж байж хүүхдэд энэ зан суугдана.

-Эд зүйлээс илүү эрхэм хөрөнгө бол үр хүүхэд. Гэтэл аав ээжүүд мөнгө гэж явсаар хүүхдүүддээ бага цаг зав гаргасан байдгийг шүүмжилмээр санагддаг?

-Тийм шүү. Эд хөрөнгө бол олдоно, үр хүүхэд эргээд олдохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Миний ажил надад чухал гээд яваад байдаг хэрнээ миний хүүхэд юу билээ гэж боддоггүй. Гэр бүлийн үнэт зүйл, зарчим, төлөвлөгөө, зорилготой, дүрэмтэй гэр бүлийг амжилт, азжаргал үргэлж дагадаг юм шүү. Гэхдээ ажил төрлөө зохицуулаад гэр орондоо цаг зав гаргадаг аав ээжүүд зөндөө бий.

-Хүүхдийг хар багаас нь амттай зүйлээр тэтгэж угжиж өсгөдөг. Бэлэн бүтээгдэхүүн, чихэр жимс их идсэн хүүхдийн шүд өвчлөмтгий, бие сул, дархлаа муу байдаг. Хүүхдийг амттай зүйлээс яаж татгалзуулж сургах вэ?

-Үүнд гэр бүлийн дүрэм үйлчилнэ. Долоо хоногийн нэг өдөр л чихэр иднэ, нэг өдөр нь хамт ямар нэгэн зүйл хийнэ гэх мэтээр дүрэмтэй болоорой. Яг тэр өдрөө л гэр бүлээрээ халуун дулаан, хайр инээд цацарсан орчинд хайртай хүмүүстэйгээ гоё зүйлсийг иддэг байх ёстой. Мөн баяр болоход амттай зүйл иддэг гэсэн сэтгэхүйг суулгачихвал хүүхэд нэхдэггүй юм. Түүнээс гадна амттай зүйлийн хор хөнөөл ямар байдгийг хүүхдэд багаас нь хэлж өгөх ёстой шүү.

-4-6 насны хүүхдийн орчны хүмүүжил ямар байх ёстой вэ?

-Хүүхдийн хүмүүжлийн гол төлөвших хамгийн чухал суурь нас бол 0-6 нас байдаг. Хүүхэд хорвоод мэндлэх, хэлд орж, бусадтай харилцаж сурах үеэс эхлэн зургаан нас хүрэхэд ирээдүйд ямар хувь хүн болох суурь нь тавигддаг. Энэ нь сургуулийн өмнөх нас хүний төлөвшлийн чухал үе болдог. Тиймээс хүүхдийг аль болох бага наснаас нь асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, хөгжүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулах нь чухал. Хэрэв хүүхдийг багаас нь төлөвшүүлж чадаагүй бол энэ нь хүүхдэд өөрт нь болон аав ээж, бусдад нилээдгүй асуудал болдог. Тиймээс хүүхэдтэйгээ уйгагүй, тасралтгүй, тогтвортой хүмүүжүүлэх, арга барилаа олох, мэдэхгүй чадахгүй зүйлээ уншиж судлах, мэргэжлийн хүнээс асуух гээд олон талаар аав ээжүүд үүрэг хариуцлагаа ухамсарлаарай.

О.Сайхан

Ээж аавууд хүүхдээ бусадтай харьцуулдаг. Энэ бол маш буруу юм. Хүүхдийнхээ зан төлөв, байгаа байдлыг нь ерөөсөө хүлээн зөвшөөрдөггүй. “Тэрний хүүхэд тийм байхад миний хүүхэд ийм байна. Тийм байх ёстой. Чи тэдний хүүхдээс юугаараа дутдаг юм бэ” гээд хүүхдүүдээ өрсөлдүүлдэг. Энэ байдлаас хүүхэд өөрийгөө голдог, чамладаг, сэтгэл хангалуун бус байдаг
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.