| | USD/MNT 0₮

З.ОРХОНТУЯА:ДАРААЛАН ДОЛООН ХҮҮ ТӨРҮҮЛСЭН ГЭХЭЭР ХҮМҮҮС ИХ ГАЙХДАГ

“Одонтой ээжүүд” гээд их гоё эерэг, өхөөрдөм хөөрхөн үрсийнхээ инээд хөөр, элдэв үйдлийг нь, өөрсдийнхөө үлгэр жишээ байдлаа бусадтайгаа харамгүй хуваалцдаг мундаг шилдэг ээжүүдийн групп байдаг. Тэдний дунд ихрүүдтэй ээж ч олон байдаг бол мөн дандаа хөвгүүд төрүүлсэн, дандаа охидуудтай ээжүүд ч олон байдаг ажээ.

Тэдний дундаас долоон хүү дараалан төрүүлж, гал, усанд дархлагдсан бэр хэмээн ах дүү, хадмууддаа хүндлэгддэг ээж З.Орхонтуяа яах аргагүй анхаарал татав.
З.Орхонтуяагийн хувьд жирийн нэг ажил хөдөлмөр эрхлэхийн хажуугаар хөвгүүдээ зөв хүн болгон төлөвшүүлэхийн тулд цаг наргүй ажлынхаа хажуугаар заавал зав гаргаж, хүүхдүүдтэйгээ ярилцдаг, хүүхдүүдтэйгээ тоглодог, тэднийхээ санаа бодлыг заавал сонсдог хэмээн ярьсан юм. Ингээд түүнтэй ярилцсан юм.

-Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулаач. Ямар мэргэжилтэй вэ, одоо ямар ажил хийдэг вэ?

-Сайн сайн байна уу. Намайг Загдын Орхонтуяа гэдэг. Сэтгэлзүйч, багш мэргэжилтэй. Мөн өнгөрсөн арванхоёрдугаар сард менежер карьер институтийн хүний нөөцийн ангийг амжилттай төгссөн. Одоогоор мэргэжлээрээ ажиллаагүй байгаа бөгөөд Орбитын эцэст жижигхэн цайны газар түрээслэн ажиллуулдаг юм.

-Гоё мэргэжилтэй юм байна. Яагаад мэргэжлээрээ ажиллахгүй байгаа юм бэ?

-Ажиллана гэж боддог. Одоогоор гэр бүлийн амьдралаа төвхнүүлж, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх их үйлсэд хүчин зүтгэж байгаа болохоор жаахан завгүй байна даа.

-Гэр бүлийн хүнээ танилцуулбал?

-Манай нөхрийг Б.Содбаатар гэдэг. Жолооч хийдэг.

-Таны хувьд долоон хүү дараалж төрүүлсэн юм байна. Энэ ёстой ховор тохиол биз. Хэд хэдэн онд хөвгүүдээ төрүүлж байсан талаараа сонирхуулаач?

-Миний том хүү 2001 онд төрсөн одоо 19 настай мундаг ухаантай хүү бий. Дараагийн хүү маань 2003 онд төрсөн бөгөөд одоо Техник технологийн коллежид тогоочийн хоёрдугаар курсэд сурдаг. Удаах нь манай 2 ихэр хүү 2008 онд төрсөн. Одоо зургадугаар ангид сурдаг.

Дараагийн хүү маань 2009 онд төрсөн одоо хүү маань тавдугаар ангид суралцдаг. Энэ хүүгээ 10 сартай байхад нь хамаатныхаа хоёр дүүдээ өргүүлсэн. Учир нь тэднийх хүүхэд гаргаагүй айл юм.

Дараагийн хүү маань 2013 онд төрсөн одоо нэгдүгээр ангийн сурагч хамгийн бага хүү маань 2015 онд төрсөн цэцэрлэгийн бяцхан байна даа.

-Эмэгтэй хүний гол үүрэг энэ амьдралд үр хүүхэд төрүүлж, үр удмаа үлдээх гэж ярьдаг. Анх ээж болж байсан үеэ дурсвал?

-2001 онд анхны хүүгээ төрүүлэх тэр үед 30 гарсан эгч нар хоёр дахь төрөлт гээд төрж байхад би дөнгөж 20 гаруй настай анхны төрөлт гээд их ичдэг байсан ч эгч нар надад их зөвлөгөө өгсөн дөө. 

Миний ээж 16 хүүхэд төрүүлж өсгөсөн болохоор их урам зориг, тэвчээр тэнхээ хайрласан. Хүүгээ төрүүлэх гэж өвдөлтөндөө нэг уйлж, хүүгээ төрсний дараа хөөрхөн жижигхэн хамар ам, нүд чих, хөлийг нь харж баярлаж нэг уйлаад сүйд болж байв. Харин тухайн үед ээжийгээ их өрөвдсөн, энэ олон хүүхдийг төрүүлж өсгөж, өдий зэрэгтэй явуулах гэж их ядарч зүдэрсэн байхдаа гэж бодохоор өөрийн эрхгүй нулимс урсдаг шүү.

-Таны өглөө хэрхэн эхэлдэг вэ?

-Миний хувьд цайны газар ажиллуулдаг учраас өглөө их эрт гардаг. Орой их оройтож ирдэг. Хүүхдүүдээ унтаж байхад нь гарна, өдөрт байнга нөгөө хэд рүүгээ залгаж "тэрийгээ тэгээрэй, дүүгээ хооллоорой, халуун эд зүйлсийг хол байлгаарай, тог цахилгаанаа шалгаарай, дүү нараа сайн хараарай" гэж том хоёр хүүтэйгээ утсаар ярьж, санаа зовоостой шүү. Миний хоёр хүү том болсон болохоор их алзахгүй, араа даачихна. Заримдаа ээж дээрээ ирж ногоо цэвэрлэхээс өгсүүлээд их тус нэмэр болдог. 

-Хөвгүүд их хөдөлгөөнтэй байдаг. Танай хөвгүүд хэр бэ. Аав ээж байхгүй хойгуур гэртээ ёстой бужигнуулах уу?

-Манай хэд их хөдөлгөөнтэй байх ёстой юм байрандаа байхгүй хэзээний хөдөлчихсөн, байрыг нь сольчихсон байдаг. Заримдаа бухимдах уурлах үе гарна. Гэхдээ муу муухай үг хэлж байсан удаагүй. Ер нь хүүхдийн шуугиан их төвөгтэй ядаргаатай байдаг гэж ярьдаг. Би бол хэдэн хүүхдийнхээ дунд ороод л ядаргаагаа мартана даа.

-Хоорондоо зодолдож хэрэлдэх, уйлалдаж дуулах үе бишгүй гардаг байх. Гэвч хоорондоо амь нэгтэй хүүхдүүд байдаг шүү. Хөвгүүд нь хэр амьтай вэ? 

-Нэг нэгнээ их шоглоно. Эрэгтэй хүүхдүүдийн тоглоом их чанга харагддаг шүү. Заримдаа ч дунд хоёр маань бага хоёр дүүгээ хайр найргүй шоглож байгаад хоёр ахдаа загнуулна. Ах дүү нар болохоор амь нэгтэй, айлын хүүхдүүдээс нэгнээ өмөөрнө, хайрлана, хоолоо хувааж иднэ гээд их хөөрхөн. 

-Хөвгүүдийнхээ нэрсийг нь сонирхуулбал, хоёр ихрийнхээ тухай та яриач?

-Манай том хүүг С.Ууганбаяр гэдэг. Миний ээжийн өгсөн нэр сугалагдсан, айлын ууган хүүхэд аав ээждээ баяр нь болж ирсэн гэдэг утгаар нь өгсөн юм билээ.

Миний ээж их мундаг хүн байлаа. Аав минь 1986 онд өнгөрөхөд ээж минь 11 өнчин хүүхэдтэй үлдэж билээ. Одоо л би олон хүүхэдтэй болчихоод бодоход миний ээжид ямар хэцүү байсан болоо гээд л өр минь өмрөөд л байдаг юм. Ийм сайхан ээж аавын охин болж төрсөндөө маш их баярлаж явдаг шүү.

Хоёр дахь хүүг минь С.Одбаяр гэдэг. Хоёр ихрийн тухайд гэвэл Баянхошуунд байдаг нэг ламаас асууж байгаад С.Алтанбагана, Алтандөш гэдэг нэр хайрлуулсан юм. Тав дахь хүүдээ хоёр ихэр ахынх нь нэрийг холбож, бас одонгийн хүүхэд гэж бодоод С.Алтансүлд гэж нэр хайрласан юм. Харин хүүгээ хоёр дүүдээ өргүүлэхэд нэрийг нь өөрчилсөн байна билээ.

Харин зургаа дахь хүүдээ Үнэнсайхан гэдэг нэр өгсөн юм. Энэ их учиртай нэр юм. Ханийг минь бага байхад аав ээж нь Үнэнсайхан гэж нэр өгсөн юм билээ. Тэгээд манай хадам аав гэрчилгээг нь авах гэж очоод нэрийг нь мартчихаад Содбаатар гэж хэлээд гэрчилгээн дээр бичүүлсэн юм билээ. Тийм учраас аавд нь өгсөн Үнэнсайхан гэдэг нэрийг хүүдээ өгсөн юм.

Бага хүүг минь Банзрагч гэдэг. Энэ нэрний утга учир ихээ миний аавын эгчийг Банзрагч гэдэг их буянтай хөгшин 90 гаруй насалсан сайхан буянтай хөгшин байсан юм.

Ламд үзүүлэхээр тэр хөгшин нь эргэж ирж байна гэсэн учраас нэрийг нь хайрласан. Юм гэдэг их учиртай шүү.

-Хөвгүүдийг өсгөхөд хүндрэл бэрхшээл тулгардаг уу. Долоон хүү өсгөж хүмүүжүүлэхдээ нөхөртэйгээ маргах муудах, хөвгүүддээ ширүүн үг хэлэх зэрэг үйлдэл гаргадаг уу?

-Хүндрэл байгаа. Эрэгтэй хүүхдүүд учраас гутал хувцас нь хурдан урагдана миний бодсон хугацаанаас хурдан ураад хэцүү л байдаг юм. Миний л тооцоолсоноос хурдан элэгдэнэ. Гэхдээ энэ бүхэн асуудал бишээ. Хань бид хоёрын хувьд хүүхдүүд минь эрүүл л байхад бүх юм болно доо гэж боддог. Хувцасаа урж, гутлын улаа тэсгээхгүй байсан ч үрс минь эрүүл саруул байхад энэ дэлхийн хамгийн амар амгалан жаргал даа. Нөхөр минь харин хөвгүүддээ надаас зөөлөн хандаж харьцана шүү. 

-Хөвгүүдээ өсгөж хүмүүжүүлэхдээ юуг илүү анхаарч анзаардаг вэ. Хүүхдүүддээ юу гэж захиж сургадаг вэ?

-Бид хоёрын хүүхдүүддээ хэлдэг захиас “Ээдээ хүүхдүүд минь яаж ч ядарсан худал ярьж хулгай хийж болохгүй шүү. Хүн боломжтой зүйл дээр хүнд амлалт өгөх ёстой боломжгүй зүйл дээр хэзээ ч амлалт өгч болохгүй гэж хэлдэг. Бас эр хүн хэлсэн амандаа заавал хүрэх ёстой” гэж захина.

Манай хүн болохоор хөвгүүдээ “Ажил хийж сур хийвэл хийсэн шиг хий дутуу дулимаг юм хийж болохгүй” гэж их хэлдэг юм.

-Гурван хүү төрүүлсэн эмэгтэйг Дархан бэр гэж өргөмжилдөг. Гэвч долоон бурхан шиг сайхан долоон хүү төрүүлсэн ээжийг гал, лусанд дархлагдсан бэр гэж хүндэлдэг юм билээ?

-Дархлагдсан бэр гэж ёстой сонсоогүй юм байна. Ер нь хүү төрүүлсэн эмэгтэй хүндтэй байдаг гэж сонсч байсан.  Миний хадмууд их мундаг хүмүүс. Намайг маш их хүндэлдэг.

-Одоо охинтой доо гэж боддог уу? 

-Охин төрүүлэх талаар бодохоо больсон. Ядаж хоёр ихрийнхээ нэгийг охин байгаасай гэж их хүссэн. Даанч хүслээр болоогүй. Хоёр багыгаа бас охин байгаасай гэж их харсан. Удахгүй хөвгүүд минь нас биед хүрч эхнэр авч ээждээ  охин үр гаргаж өгөх байх гэж горьддог болсон. Гэр бүлтэй болоод охин гаргаад өгчих, ээж  аав нь өөр дээрээ өсгөчихөж чадна гэж тоглоом шоглоомоор хэлдэг юм.

-Хүүхдүүд том болж нэг л өдөр бэр дагуулаад ороод ирэх байх даа?

-Одоо ер нь тун удахгүй бэртэй болно доо гээд сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаа шүү. Том хүү 19 настай, дараагийнх 17-той юм чинь удахгүй эхнэр дагуулаад ороод ирж магадгүй шүү. Гэхдээ миний нэг бодол байдаг юм манай бэр баян ч бай ядуу ч бай хань ижлээ хайрладаг нөхрийнхөө олж ирсэн хэдэн төгрөгийг зөв зарцуулдаг байх хэрэгтэй гэж би боддог.

-Хүү олон төрүүлсэн болохоор гэр бүлийн тань хүн охинтой болохыг бас мөрөөдөж хүссэн байх?

-Нөхөр бол нэг их юм хэлээгүй. “За яах вэ хань минь хүүтэй бол охинтой л гэсэн үг” гээд инээгээд байж байдаг юм. Зарим хүмүүс дахиад л хүү юмуу гээд ад үзээд ч байгаа юм шиг ярьдаг л юм. Тийм хүмүүст би юу ч хэлдэггүй юм. Дотроо “Олон хүүхэдтэй байлаа гээд тэр дундаа хөвгүүдтэй байлаа гээд хэн нэгний идэх хоолноос нь гуйсан биш дээ” гэж бодоод өнгөрдөг юм.

-Долоон хүүтэй гэж бусдад ярихаар хүмүүс их гайхдаг байхдаа?

-Долоон хүү төрүүлсэн гэхээр хүмүүс гайхаад л байдаг юм. Охинтой ээжүүд атаархана. Гэвч би харин эсрэгээрээ тэдэнд бас атаархана шүү дээ /инээв/ 

-Хүүхдүүдийнхээ хамгийн хөөрхөн гаргадаг үйлдэл нь юу бэ?

-Манай бага хүү их зальтай сахилгагүй нөхөр бий. Манайх өдөр болгон хүүхдүүддээ амттан авчирч өгч чадахгүй шүү дээ. Хааяа нэг амттай зүйл бариад ороод ирэхээр “аав ээж хоёр мундаг хамгийн шүү. Та хоёртоо дэлхийгээс зөндөө том хайртай” гээд баярлаад гүйгээд байхыг харах нь хамгийн өхөөрдөм. Манай хүүхдүүд ер нь нэг тийм бодь зөөлөн талдаа хүүхдүүд шүү. 

-Гэр бүлийн үнэт зүйл болон уур амьсгал ямар байдаг талаараа яриач?

-Манай гэр бүлийн үнэт зүйл бие биеэ хайрлах нэгнээ гэсэн сэтгэлтэй байх юм даа. Эрэгтэй хүүхдүүд ээждээ их элэгтэй, дотно байдаг. Аавдаа хэр бараг юмаа ярихгүй ч надад бол нууцаа их ярина. Аль болох л хүүхдүүдтэйгээ их цагийг өнгөрүүлэхийг хичээдэг ч ажлын нөхцлөөс болоод тэр бүр хамт цагийг өнгөрүүлж чадахгүй юм даа. Гэхдээ хүүхдүүдийнхээ сурлагад их анхаарч хичээлийг нь ямар ч байсан давтуулж хийлгэхэд цаг бол гаргана.

-Гэр бүлийн суурь хүмүүжил хүүхдүүдэд их нөлөөлдөг. Нөхөр та хоёрын баримталдаг амьдралын зарчим дадал юу бэ?

-Нөхөр бид хоёрын амьдралд баримталдаг зарчим бол хэзээ ч хэнд ч худал ярихгүй, хулгай хийхгүй хэлсэн амандаа заавал хүрэх, хийвэл хийсэн шиг хийх гэсэн л зарчимтай ажиллаж амьдардаг.

-Өнөр өтгөн гэр бүлд нь эрүүл энхийг хүсье ээ? 

-Баярлалаа.

Бид хоёр хүүхдүүддээ “Ээдээ хүүхдүүд минь яаж ч ядарсан худал ярьж хулгай хийж болохгүй шүү. Хүн боломжтой зүйл дээр хүнд амлалт өгөх ёстой боломжгүй зүйл дээр хэзээ ч амлалт өгч болохгүй гэж хэлдэг. Бас эр хүн хэлсэн амандаа заавал хүрэх ёстой” гэж их захидаг.
Ярилцлага

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.