| | USD/MNT 0₮

Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаярыг НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгийн хэрэгт шалгаж байна

Өндөг, махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгийг АТГ-ынхан өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр эрүүгийн хэрэгт холбогдуулан саатуулж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдан хорьсон билээ. Түүнээс хойш хагас жил шахмын хугацаа өнгөрч буй ч эцэслэн шийдвэрлээгүй байна.

Хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, санхүүжилт,эргэн төлөлт болон зээл олгохдоо хууль зөрчсөн, эсэхийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд шалгах явцдаа Ц.Баатарбилэгийг саатуулсан юм. Түүний удирддаг НВЦ компани Хөгжлийн банкнаас 21 сая ам.долларын зээл авч бүтээн байгуулалтын төслөө санхүүжүүлэхээр болсон байдаг. Гэвч дээрх мөнгийг зориулалтынх нь дагуу ашиглаагүй, урьд нь авсан зээл, түүний хүүгийн төлбөрт өгч, заримыг нь шамшигдуулсан нь тогтоогдож буй аж. Түүнд холбогдох хэрэгт Хөгжлийн банкны захирлаар ажиллаж асан Балганы Батбаярыг хамтатган шалгаж байгаа юм. Улмаар хилээр гарахыг нь хориглон мөрдөн байцаалтыг үргэлжлүүлж, санхүүгийн шинжээчдийн дүгнэлт гарвал тэдэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргаж НПГ-ын хяналтад хүргүүлэхээр бэлтгэж буй гэнэ.

2016 оны арванхоёрдугаар сард Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдож, 2019 оны зургадугаар сарын эхээр хүсэлтээрээ чөлөөлөгдсөн Б.Батбаярыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан, НВЦ-гийн захирал Ц.Баатарбилэг зэрэг танилууддаа давуу байдал бий болгосон, Хөгжлийн банкны хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

Б.Батбаярын хувьд зөвхөн НВЦ компанийн удирдлагаар тогтохгүй, “Алтай групп” буюу олны дунд “Алтай констракшн”-ы гэдгээр нь мэдэх болсон Хадбаасангийн Бат-Эрдэнэд ч давуу байдал бий болгон, үнийн дүндээ хүрэхгүй объектуудыг зээлийн барьцаанд авахад нь нөлөөлсөн байж болзошгүй хэмээн хамт шалгаж буй юм билээ. Х.Бат-Эрдэнийг хаана байгааг тогтоолгохоор Интерполын “цэнхэр булан”-д зарлуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнийг эх оронд нь авчрахаас нааш Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаярт холбогдох хэргийг шийдвэрлэж чадахгүй байж болзошгүй гэнэ.

НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэг Хөгжлийн банкнаас 21 сая ам.долларын зээл авч, заримыг нь хувьдаа шамшигдуулсан нь тогтоогдож буй аж.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.