| | USD/MNT 0₮

Д.НЯМХҮҮ:МАСК ЗҮҮХЭЭС ИЛҮҮТЭЙ ЦАГААН БЭЭЛИЙ САЙН ӨМСЦГӨӨ

Дэлхийн 212 оронд тархсан шинэ төрлийн титэмд халдвар буюу ковид 19 хүн төрлөхтөнийг өвдөг сөхрүүлж гүйцлээ. Анх Хятадын Ухань мужид гарсан уг халдвар дэлхий нийтэд тархаж, барууны орнуудад хүчтэй идэвхжиж АНУ, Итали, Испани, Франц зэрэг орнууд халдварын голомт болоод байна. Хоногт мянга мянгаараа ч үрэгдээд байна.

Дэлхий нийтэд нийтдээ нэг сая 500 гаруй хүн уг халдвараар өвчилснөөс 88 мянга гаруй хүн халдварын улмаас хорвоог орхижээ.

Уг халдварын хоёрдугаар давалгаа Европоос Ази руу чиглэнэ, дайрна гэдгийг ДЭМБ-аас өдөр бүр зарлаж анхааруулга өгсөөр байна. Оргил үе нь энэ дөрөвдүгээр сар буюу тавдугаар сар байх магадлалтай гэсэн тооцоо судалгаа бий. Эхэндээ настай хүмүүс өртөж, үрэгдээд байсан бол сүүлийн үед идэр насныхан балчир үрс энэ халдварт өртөж өвчилж байгаа нь яах аргагүй аюулын харанга юм. Тэгэхээр энэ бол ханиад биш тахал гэдгийг эрүүл мэндийн салбарынхан онцолж буй.

Харин Монгол Улсын хувьд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 16 тохиолдол бүртгэгдснээс дөрөв нь эмчлэгдэж, эмнэлгээсээ гарч, эмчийн хяналтанд байна.

Манай улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ эрүүл мэндийн байгууллага гээд эрвийх дэрвийхээрээ цаг наргүй, амрах завгүй ажиллаж байна.

Тэдний гол зорилго халдварыг илрүүлэх, илрүүлээд эмчлэх, эмнэлгийн орчноосоо гадагш алдахгүй байх тал дээр ихэд хичээж, хариуцлагатай ажиллаж байна. Хариуцлагатайгаар барахгүй Монголын эмч нар уг вирусээр өвчилсөн иргэнийг эмчилж эдгээж гаргаж байгаа гайхам сайхан юм.

Ингээд өдөр бүр халдварын нөхцөл байдлын талаар цаг тухайд нь шуурхай мэдээлэл өгөх үүрэгтэй ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүтэй ярилцлаа.

-Монголд коронавирусийн 16 тохиолдол бүртгэгдсэн. Биеийн байдлууд нь хэр байгаа вэ?

-Халдвар авсан иргэдийн биеийн байдал тогтвортой байгаа. Эмчилгээ сайн хийж байна. Хамгийн сүүлийн тохиолдол буюу Сэлэнгэ аймагт илэрч батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-д авчирч эмчилгээ эхлүүлсэн байгаа.

-Франц улсын иргэн эмнэлгээс гарсан юмуу, гараагүй юмуу?

-Гараагүй байгаа. Эмчилгээ сайн хийгдсэн ажиглалтын шатанд байна.

-Анх Франц улсын иргэнээс халдвар илэрлээ гэхэд олон нийт айж сандарсан. Гэтэл одоо тохиолдол нэмэгдлээ гэхэд бүр тоохоо больж байх шиг. Цаашид халдварын тохиолдол нэмэгдээд байвал яах вэ?

-Цаашид нэмэгдэх эсэхийг бид мэдэхгүй шүү дээ. Дэлхий нийтийг харж байгаа биз дээ. Үнэхээр хүчин мөхөсдөж, хөл өвдөг сөхөрч өдөрт шөнөөрөө мянга мянгаараа үхэж, хэдэн мянгаараа өвчилж байна. Хэлж ирдэг биш хийсч ирдэг гай гамшиг өвчин зовлон. Тиймээс Монгол Улс хариуцлагатай хяналттай байх ёстой. Назгайрч хэнэггүйтэж болохгүй. ДЭМБ-аас өгч байгаа зөвлөмж зөвлөгөөг сайн дагах ёстой. Хэдий урин дулаан цаг ирсэн ч улам хариуцлагатай байхгүй бол болохгүй шүү.

Энэ Коронавирус бол бидний дайсан. Дэлхийн түүхэнд хамгийн эмх цэгцтэй арми л ялалтыг байгуулж ирсэн байдаг. Одоо Монголчууд бид эвтэй, эмх цэгцтэй байж чадвал энэ цартахлын дайнд ялалт байгуулна.

-Нөгөөтэйгүүр цаг дулаараад иргэд найзгайрч, үр хүүхдээ дагуулаад гадуур дотуур гарч явах нь нэмэгдсэн байна?

-Харин тийм. Гэхдээ бүр хөдөө гадаа үр хүүхдээ дагуулаад явах юм бол яах ч үгүй. Харин олон хүн цуглуулж бөөгнөрөл үүсгэвэл аюултай.

Иргэдийг маскаа сайн зүү гэхээс илүүтэй цагаан бээлий сайн өмс гэж хэлмээр байна. Хятадууд энэ халдварт өвчнөөс яаж давж гарч, аврагдсан бэ гэхээр цагаан бээлий өмссөн. Халдварын голомт болсон Ухань мужийн иргэд бээлий сайн өмсч ард нь гарсан юм шүү.

Яагаад гэвэл гар гэдэг хөдөлмөрийн эрхтэн. Юм бүхэнд хүрнэ. Тиймээс бохирдох нь амархан. Харин бээлий байнга өмсөөд, хэрэглэсэн бээлийгээ гэртээ хариад тайлаад ариутгаад угаачихна. Сайн хамгаалалт болно. Маскаа мэдээж сайн зүүнэ. Дархлаагаа сайн дэмжинэ, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэнэ.

-Хоёр хоногийн өмнө Япон улсад үйлдвэрлэсэн “Авиган” гэх эмийг оруулж ирсэн баяртай мэдээ дуулгасан?

-Яг энэ вируст зориулан Япон улс үйлдвэрлэсэн "Авиган" гэх эмийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл яаралтай захиалга хийн авчирсан.Энэхүү эмийг ХӨСҮТ COVID-19 өвчний эсрэг эмчилгээндээ хэрэглэж эхэлсэн.Өөрөөр хэлбэл, зөвхөн энэ өвчинд зориулж үйлдвэрлэгдсэн дэлхийн хамгийн сүүлийн үеийн эмийг манай улс эмчилгээндээ хэрэглэж байна гэсэн үг юм.

-Халдварын хоёрдугаар давалгаа эхэлнэ. Тэр үе нь энэ сар буюу тавдугаар сар гэж яриад байгаа?

-Тийм. Хамгийн хариуцлагатай байх сар бол энэ дөрөвдүгээр сар ирэх тавдугаар сар болчихоод байна. Бид хүч сулруулахгүй ажиллах үед ирчихсэн. Монгол хүний хууль хэдхэн хоног хэрэгждэг биш илүү хариуцлагатай байж, анхаарлаа сулруулахгүй байх нь одоогийн байдлаар чухал байна.

-Халдвартай хүмүүсийн насны хувьд?

-11-65 хүртэлх насных байна. Харин өвчтний нэр ус, өвчний түүхийг олон нийтэд дэлгэх нь хуулиар хориотой.

-Одоо энэ тусгаарлагдсан байгаа халдвартай иргэдийнхээ бохирын асуудлыг яаж шийдвэрлэж байгаа вэ?

-Эмнэлгийн орчин учраас ариутгал халдваргүйжүүлэх ажлыг маш сайн хийж байгаа.

-Иргэдэд хандаж хэлэхэд, энгийнээр ойлгогдох зөвлөмж зөвлөгөө юу байна вэ?

-Иргэд өөрсдийгөө л анхаарч хянах хэрэгтэй байна. Бүгдийг эрүүл мэндийн байгууллага руу чихэж, даалгаж болохгүй. Хяналт тусгаарлалтаас гарч байгаа иргэд гэртээ өөрийн өөрсдийгөө маш сайн тусгаарлаж, хяналтаа чангаруулж хариуцлагатай байх юм бол бид энэ өвчнийг хумих бүрэн боломжтой. Бидний гол зорилго илрүүлэх. Илрүүлсэн бол учиртай, гарт орно. Ойр орчмыг нь самнаж, ойрын хавьталуудыг нь олж илрүүлэх ажил сайн хийгдэж байгаа. Тэгээд илэрсэн хүнээ эмчилж, эрүүл болгох төлөвлөгөөтэй.

-Энэ айхтар өвчин тахалтай үед иргэд өөрсдөө эерэг, эрүүл сэтгэлгээтэй баймаар санагдах юм?

-Яг тийм. Хүн үргэлж өөдрөг сэтгэлээр аливаад хандах нь сайн сайхан амьдралын үндэс байдаг. Санаа сайхан бол заяа сайн гэж Монголчууд ярьдаг нь их учиртай, зөв чиг хандлагатай хүн өөртөө болон хамт олондоо үргэлж сайн сайхныг авчирдаг. Аливаа юманд эерэгээр хандацгаая гэж уриалж байна.

 

Энэ Коронавирус бол бидний дайсан. Дэлхийн түүхэнд хамгийн эмх цэгцтэй арми л ялалтыг байгуулж ирсэн байдаг. Одоо Монголчууд бид эвтэй, эмх цэгцтэй байж чадвал энэ цартахлын дайнд ялалт байгуулна.
Ярилцлага

Сэтгэгдэл (22)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.