| | USD/MNT 0₮

Ж.ТУУЛ:ХАНИЙГАА АМЬСГАЛ ХУРААХ МӨЧИД ҮНСЭХ Ч ГАЗАР ОЛДООГҮЙ

Өнгөрсөн жил Өмнөговь аймгийн нутагт буюу Цагаанхаданд нүүрс тээвэр эрхэлж байсан гэрээт жолооч автомашиндаа шатаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Энэхүү хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалган, прокуророос хэргийг хаах саналыг дөрвөн удаа гаргажээ. Үүнийг талийгаачийн эхнэр Ж.Туул эсэргүүцэн төрийн гурван өндөрлөгт ил захидал хүргүүлж, хавтаст хэргийг УЕП руу татуулж шалгуулж эхэлжээ. Мөн тэрбээр орон нутгийн хууль хяналтынхны авлига, хээл хахууль завхралын талаар мэдээлэл өгсөн юм. Ингээд түүнтэй ярилцлаа.

-Таны хань ажлаа хийж яваад автомашиндаа шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гараад жил таван сарын хугацаа өнгөрсөн байна?

-2018 оны 11 сарын 08-наас 09-ний өдрийг шилжих шөнө миний хань Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан багийн нутагт нүүрс тээврийн замын 145-р км-т нүүрсний уртын урт тээврийн оочерын төгсгөлд машины кабинд нь гал гарсны улмаас түлэгдэн амь эрсдсэн.

Тухайн өдрийн үүрээр 05 цаг 14 минутад “Омогт цагаан шонхор транс” ХХК-ны ажилтан надруу залган Дашдорж хүнд түлэгдэн сая Ханбогд сумын эмнэлэг рүү аваад явлаа гэж ярьснаар бид мэдсэн. Ингэж холбогдсоноос хойш дахин тухайн ажилтны утас холбогдохоо байсан. Бид өөрсдөө арга хэмжээ авч Өмнөговь аймгийн лавлахаар дамжуулж байж Ханбогд сумын эмнэлэгтэй холбогдож нөхрийнхөө сургийг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламжийг Ханбогд сумын эмнэлэг, Оюутолгой уурхай, Сосмедикал эмнэлэгийн яаралтай тусламжийн багаар /Тусгай үүргийн онгоц явуулж Ханбогдоос Улаанбаатар хотод хүргэж ирсэн/ хүргүүлж Гэмтэл согог судлалын үндэсний төвд авч ирэн арьс нөхүүлэх хагалгаа хүртэл хийлгүүлж арга хэмжээ авсан. Харамсалтай нь дөрөв хоноод амьсгал хураасан.

Түлэнхийн тасгийн эмч нар 95 хувийн түлэгдэлттэй хүн ингэж удаан Монголд амьдарсан түүх байхгүй хэмээн хэлэхэд итгэл найдвар өгч манай гэр бүл хүнээ хөл дээр нь босгоход их хүчээ зарцуулсан боловч хань минь түлэнхийн шархаа даалгүй тэнгэрт одсон. Хүний биений 95 хувь түлэгдэхэд үнсэх газар ч олддоггүй юм билээ. Түүний минь баруун хөлний шагай, хөлийн сарвууны дээд хэсэг л түлэгдээгүй үлдсэн байсан.

Тухайн үед шатсан машиных нь зургийг би олон нийтэд харуулж байсан. Хэдхэн хоногийн өмнө би Цагаанхаданд очсон миний ханийн унаж байсан машин хэвээрээ байж байна билээ. Харин нүүрстэй тэвш нь журмын хашаанд байсан.

 

-Энэхүү харамсалтай хэргийг шалгах хуулийн шийдвэрлэлт ямар шатандаа явж байна?

-Уг хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалгаж, өнөөдрийг хүртэлх хугацаанд аймгийн Ханбогд сумын прокурорын газраас хавтаст хэргийг дөрвөн удаа хаах санал гаргасан байна.

Миний зүгээс прокурорын энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, хохирогчийн харьяаллын дагуу Улаанбаатар хот руу шилжүүлэн шалгах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорын газарт гаргасан. УЕП-т хоёр дахь удаагаа хавтаст хэрэг нь ирж байна.

Өнөөдрийг хүртэл тэвчээртэйгээр харлаа. Шударга зүйл гэж энэ нийгэмд байдаггүй юм байна. Орон нутгийн хууль хүчний байгууллагынхан мөнгөтэй хүнд, мөнгөтэй компанид үйлчилдэг юм байна гэдгийг хоёр нүдээрээ харж, мэдэрлээ, арга барагдаж цөхөрлөө. Хэргийг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэж шударгаар хүлээсэн ч болдоггүй юм байна. Би болон манай ар гэрийнхэн үнэхээр гомдолтой байна. Би эцсээ хүртэл явна.

-Прокурорын байгууллагаас ямар шийдвэрүүд гаргасан юм бэ?

-Тийм. Манай гэр бүлийн зүгээс хангалттай нотлох баримтуудыг цуглуулсан. Тухайлбал, 2018 оны арваннэгдүгээр сарын 8-9-нд шилжих шөнө 06-63 ӨМА улсын дугаартай "Омогт цагаан шонхор транс" ХХК-ийн автомашиныг Д жолооч бариад уурхайгаас ачилт хийгээд гарсан гэх баримт нь байна.

Мөн машинд гарсан галыг компаниас тавьж өгсөн кабин халаагчаас гарсан гэх онцгой байдлын галын дүгнэлт бий. Анх хэргийн газарт үзлэг хийхдээ эд мөрийн баримтаа дутуу цуглуулсан, бэхжүүлж аваагүй.

Хариуцлага хүлээх ёстой "Омогт цагаан шонхор транс" ХХК нь одоо үйл ажиллагаагаа зогсоосон гэсэн боловч компанийн нэрээ өөрчилж жолооч нарыг тээвэрт явуулж, эрсдэлд оруулсаар байна.

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн дүгнэлтэд талийгаачийн ажиллаж байсан ажлын байр нь байнгын ажлын байр бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж яваад амь эрсдсэн тул үйлдвэрлэлийн осол гэж тооцно гэсэн дүгнэлт гарсан.

Гэрч М.Хүрэлбатын өгсөн тухайн машины жолооч гэх Дашдорж болон ажил олгогчийг байлцуулан машиныг хүлээн аваад ажил олгогчийн зөвшөөрлөөр буцааж Дашдоржид хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг зэргийг хууль хяналтын байгууллага ерөөсөө авч хэлэлцээгүй. Дандаа өөрсдөдөө ашигтай баримтыг түүж аваад хэргийг хаах гэж оролдож байгаад гомдолтой байгаа.

-Кабин халаагч төхөөрөмжийг хаанаас өгдөг юм бэ, талийгаач өөрөө худалдаж авсан уу, цаанаас нь өгсөн үү?

-Хэрэгт гэрч нарын өгсөн мэдүүлгээр кабин халаагч төхөөрөмжийг ажил олгогчоос суулгаж өгсөн гэсэн. Өөрөөр хэлбэл хятадууд өгсөн бөгөөд хэрхэн яаж ажиллуулах талаар болон хөдөлмөр хамгааллын зааварчилгаа огт өгөөгүй юм билээ. Гэтэл миний хань 95 хувийн түлэгдэлт, гал залгиснаас болж амиа алдсан гэх дүгнэлтийг гаргасан. 

Нүүрс худалдан авагчтай байгуулсан тээврийн гэрээнд жолоочийн аюулгүй байдлыг тээврийн компани хариуцна гэсэн заалт бий. Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцлага тооцохгүй, хариуцлагаас бултаж байна. Энгийн иргэн миний ухаанаар, олон хууль хяналтын мэргэжлийн хүмүүсээс асуусан асуулгаар ажил олгогчийн буруутай үйлдлээс болж ажилтан хүний амь эрсдсэн гэж нотлогдож байна гэж үзэх үндэслэл болж байна.

-“Омог цагаан шонхор транс” компани үйл ажиллагаагаа явуулж байгаа юу?

-Энэ компани одоогоор бол үйл ажиллагаа явуулаагүй байгаа юм билээ. Харин нэрээ солиод “КОАЛЮШН ЛОЖИСТИК ЭНД МИНЕРАЛС” гэдэг нэртэй болсон гэж дуулдсан. Тус компани 370 гаруй машинтай гэх ч өнөөдрийн байдлаар кэмп дотор 10 гаруй машин байгаа юм билээ. Бусад машинаа өөр компаниуд рүү солиод оруулчихсан юм болов уу гэж хардаж байгаа.

-Хуулийн байгууллагаас ямар үндэслэлээр дөрвөн удаа хэргийг хаасан юм бэ?

-Бидний цуглуулсан нотлох баримтуудыг мөрдөгч, байцаагч нар үл тоосон. Хэргийг хаах үндэслэлээ хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжгүй гэж тайлбарласан. Хуулиар дагах ёстой хэм хэмжээг дагаж мөрдөөгүй учраас ажил олгогч тал ял эдэлнэ гэсэн хуулийн заалттай.

Гэвч олон жил үйл ажиллагаа явуулсан энэ мэт компаниуд хуулийнхантай найз нөхөр байж хэрэгт нөлөөлөх гэж оролдож байгаа. Орон нутагт хуулийн завхрал маш их байгаа учраас энэхүү хэргийг нийслэл рүү татан шалгуулах хүсэлтээ тавьж татуулахаар болсон. Өмнөговь аймагт хангалттай шалгагдсан ч хэрэг шийдэгдсэнгүй.

-Мөрдөн байцаагчтай холбоотой ноцтой баримт дэлгэнэ гэсэн?

-Гэр бүлүүд болон хадмуудыг бэртэй нь муудалцуулах ажлыг орон нутгийн мөрдөн байцаагчид мэргэжлийн хийдэг. Тодруулбал, над дээр Ханбогдын Диваажигмэд гэж байцаагч яг хийсэн шүү. Настай хадам ээж, эгч нарыг минь надтай муудалцуулах ажлыг хийж туршиж хэрэгжүүлсэн.

Хадам бэрийн асуудлаас болж миний том хүү бид нартай уулзахаа больсон. Би бага насны гурван хүүхэдтэй өнчрөөд үлдсэн өрх толгойлсон эмэгтэй. Ганцхан хүнээ алдаад дуусаагүй юм. Үүний цаана гурван хүүхэд хагас өнчин болж, гэр бүлийн маргаан, хоёр хүний бүтээх үүрэх ачааг нэг хүн үүрч явах асуудал тулгарсан.  Энэ замд хариуцлагагүй олон компаниудаас болж маш олон эмэгтэй эр нөхрөө алдаж, энэ мэтээр хэргээ хаалгасаар ирсэнд харамсч байна.

Нэг зүйлийг нэмээд хэлэхэд, Ханбогд сумын мөрдөн байцаагчид нь дандаа ажлын сүүлийн өдөр буюу оройн цагаар, эсвэл амралтын өдөр залгаж “Хавтаст хэргийг хаалаа, ирж танилц” гэдэг. Яаж би нэг талдаа 750 км газар явж очих юм бэ. Яаж амжиж очих юм бэ. Жил таван сарын хугацаанд Ханбогд руу хэдэн удаа явснаа санахгүй байна. Нэг удаа явах зардал нь бодитоор 400-500 мянган төгрөг зарцуулдаг. Ийм их зардал, цаг хугацаа, сэтгэл санаа эд хөрөнгөөр хохирч байгаа учраас шантрахгүй гээд яах юм бэ. Тэгээд аргагүй эрхэнд хэргээ хаалгаж байгаа хохирогчид бий. Харин миний хувьд бол ийм замаар хаалгахыг үл хүснэ.

-Хавтаст хэрэг шийдэгдэхгүй байгаа шалтгааныг та нар юу гэж харж байна вэ?

-Залхаан цээрлүүлэх аргаар хохирогч нарыг өөрсдөөр нь болъё гэж хэлүүлдэг. Тэгэхээр хууль хяналтынханд асуудал байна. Ийм асуудлыг дээд шатны байгууллагууд нь шалгаасай гэж хүсч байна.

-Ер нь нүүрс тээврийн зам дээр ажлаа хийж яваад амиа алдсан, эсвэл эрүүл мэндээрээ хохирсон жолооч нар хэр байдаг вэ?

-Олон байдаг. Энэ зөвхөн миний асуудал биш. Нүүрсний зам дээр явж  байгаад эрүүл мэнд амь насаараа хохирсон гэр бүлүүд бий. Гэвч хэргийг нь залхаан цээрлүүлэх замаар явуулсаар байгаад хаасан байдаг. Миний хувьд энэ хэргийг ингээд хаалгахгүй, эцсээ хүртэл явна. Одоо болтол тэжээгчээ алдсаны тэтгэмж авч чадаагүй байна.

-Бага насны гурван хүүхэд нь аавыгаа нэхнэ. Өдөр бүр ханийгаа санаж бодно гэдэг их хэцүү байх?

-Би одоо болтол итгэдэггүй. Ханийгаа хаалгаар ороод ирэх юм шиг л харж харуулддаг. Миний хүүхдүүд 1-8 насны гурван насных. Мэдээ ухаан орсон нь аавыгаа байнга нэхдэг. Ороод ирэх болов уу гэж байнга бодож, зүүдэлж хонодог.  Цагаанхаданд яваад очихоор машины кабинаас хүн үсрээд гараад ирэхэд л миний хань юм шиг санагддаг.

Би ханьтайгаа Солонгос улсад анх танилцаж гэр бүл болж байсан. Бид хоёр гэрийнхээ бүх хэрэгцээний зүйлсээ Солонгосоос авчирсан. Амьдралын төлөө л хичээж зүтгэж явсан хоёр. Би машиных нь кабинаас хэрэглэж байсан халбагыг нь, машиных нь түлхүүртэй хамт гэрийн түлхүүр зүүлгээстэй байхыг нь олж хараад “Миний ханийн жолоодож явсан машин мөн байна” гэж итгэсэн. Тухайн үед үнэхээр хэцүү хүнд шоконд орж байсан. Бодохоос ч аймар шүү.

 

Түлэнхийн тасгийн эмч нар 95 хувийн түлэгдэлттэй хүн ингэж удаан Монголд амьдарсан түүх байхгүй хэмээн хэлэхэд итгэл найдвар өгч манай гэр бүл хүнээ хөл дээр нь босгоход их хүчээ зарцуулсан боловч хань минь түлэнхийн шархаа даалгүй тэнгэрт одсон. Хүний биений 95 хувь түлэгдэхэд үнсэх газар ч олддоггүй юм билээ. Түүний минь баруун хөлний шагай, хөлийн сарвууны дээд хэсэг л түлэгдээгүй үлдсэн байсан.
Ярилцлага

Сэтгэгдэл (18)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.