| | USD/MNT 0₮

Б.ЭНХТӨР:БНСУ ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ГАЗАРТАЙ 30 УДАА ЦАХИМААР ХОЛБОГДСОН Ч ХАРИУ ӨГӨӨГҮЙ, БИ ГЭРТЭЭ ХАРИМААР БАЙНА

Дэлхий нийтийг хамарсан ковид 19 буюу коронавирусын халдвараас болж гадаадад хөл хорионд орчихсон олон мянган залуус байна.

Монгол Улс тусгай үүргийн онгоц явуулж, иргэдээ татаж байгаа ч ихэвчлэн өндөр настан болон жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ татан авч байгаа.

Тэгвэл БНСУ-д түр хугацааны визтэй очоод хөл хорионд орчихсон иргэдийн дунд ээлжийн амралтаараа очоод хоригдсон иргэн ч байна.

Тухайлбал Б.Энхтөр гэгч залуу өнгөрсөн нэгдүгээр сард ээлжийн амралтаараа тус улсад очоод өнөөдрийг хүртэл ирж чадахгүй байдалд орчихсон сууж байна. Ингээд түүнтэй ярилцлаа.

-Сайн байна уу, БНСУ-д яг хэзээ очсон юм бэ?

-Намайг Б.Энхтѳр гэдэг. Энд нэгдүгээр сарын 25-нд ирсэн, хоёрдугаар сарын 29-нд буцах байсан. Гэвч буцаж чаддаггүй ээ. Монгол Улсаас ээлжийн амралтаараа ирээд хилийн хорионд орсон. Байрлах байр, хоол, маск зэргээс авахуулаад хүнд байдалтай байна.

-Нэгдүгээр сард халдварт өвчин гарч эхлэхэд, гадагшаа иргэдийг явахгүй байхыг анхааруулж байсан шүү дээ?

-БНСУ-д халдвар гарна гэж яаж мэдэх билээ дээ. Эндээс Монгол руугаа явах гэсэн өчнөөн хүн байна. Элчин сайдын гадаа оочерлож дугаарлаад амжилт олоогүй. Одоо бөөгнөрөл үүсгэхгүй гээд цахимаар холбогдож байгаа гэх ч би өнөөдрийг хүртэл холбогдож чадсангүй. Миний хувьд 30 удаа холбогдсон ч надад ямар нэгэн хариу өгөөгүй. Монгол дахь ар гэр маань ч хүнд нөхцөлд байна. Би ганцаараа хөдөлмөр эрхэлж, ар гэрээ тэжээдэг юм.

Гуравдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд БНСУдах Монгол Улсын Элчин консулын газар чартер нислэгт хүмүүсийг бүртгэсэн энэ ѳдрүүдэд би өөрийн биеэр очсон боловч бүртгүүлж чадаагүй. Надтай адилхан олон хүн байна. Хамгийн гол нь ямар хүмүүсийг бүртгэж аваад байгаа талаар дэлгэрэнгүй тодорхой мэдээлэл байна уу. 

Тухайн үед бүртгэлээр бол үсрээд л 250 хүн бүртгэсэн байх.  Гэтэл одоо гуравдах чартер нислэг Монголруу явах гэж байна залуусыг бүртгэсэн юм алга.

Энэ цартахал чинь аймаар юм байна. Гэв гэнэт ямар ч урьдчилан сануулалгүйгээр хил хаачихдаг гэдгийг мэдсэн бол би юугаа хийж энд ирэх билээ дээ. Үнэндээ өөрийгөө л зүхэж, ар гэртээ санаа зовж байна.

-Элчингийн газартай нь ерөөсөө холбогдоогүй юмуу?

-Ерөөсөө холбогдож чадахгүй байна. Хамгийн гол нь 3 чартер нислэг яг шударга бүртгэл хийж байна уу. Ард иргэдийнхээ төлөө үнэхээр ажиллаж чадаж байна уу гэдэгт эргэлзэж байна.

-Таны визний хугацаа хэзээ дуусах вэ?

-Энэ сарын 24-нд миний визний хугацаа дуусна. Цөөхөн хоногоор сунгуулдаг юм байна. Түр хугацаагаар ирсэн байгаа хэдхэн монгол иргэдээ шударгаар бүртгээд эх орон руу авчихаж болдоггүй юмуу. Бид туйлдаж байна. Сэтгэл санаа болон эрүүл мэнд санхүүгийн хувьд хохирч гүйцлээ. Тиймээс хилийн хориог сунгалгүйгээр биднийг эх оронд минь буцааж өгөхийг УОК-ийн газраас хүсч байна. Мэдээж комиссын газраас тавих шаардлагыг асуудалгүй биелүүлэх 200 гаруй хүн байна. Бид нарыг татаж аваачээ.

-Татаж авчрах иргэдийн дунд идэр насны залуус багтаагүй гээд байгаа?

-Элчингийн газарт нь анх очиход дугаар тарааж байсан. Ингээд өдөржин хүлээж 64 хүний дараа дугаарын дагуу орж уулзсан ч шалгуур хангаагүй тул гарна уу гэсэн. Эхний өдөр 150 орчим хүн арай гэж л амжиж бүртгүүлсэн шалгуур хангаагүй гээд гарсан өчнөөн хүн бий.

Хамгийн гол нь юу хүсч байна вэ гэхээр түр ирээд буцах байсан шаардлагыг нь хангахгүй байгаа залуучуудыг хэзээ авах вэ. Энэ хүмүүс хэцүүдэж байна.

-Таны хувьд өмнө Солонгос явж байсан юмуу?

-Анх удаа солонгос улсад ирж үзлээ хэл мэдэхгүй ээлжийн амралтынхаа сар хүрэхгүй хугацаанд л тѳлѳвлѳж ирсэн. Монголд гэр бүлийнхээ хувьд ганцаараа хѳдѳлмѳр эрхэлдэг тэгтэл би энд хилийн хорионд ороод өөрөө ч энд хүнд байдалд гэрийнхэн маан ч тэнд хүнд байдалд сар гаруйн нүүр үзэж байна. Дээрээс нь энэ вирусээс болоод сэтгэл санаа хэцүү байна.  

Үр хүүхэд асаргаа сувилгаа хэрэгтэй аав ээжийгээ эхнэр нѳхрѳѳ орхиод ирсэн хүмүүс зѳндѳѳ байна. Энэ хүмүүсийн асуудлыг шийдвэрлэж өгөөсөй. Ар гэртээ харих гэсэн хүмүүс зөндөө байгаа алагчлалгүй авахыг төр засгаасаа болон УОК-иос хүсч байна.

-Та ээлжийн амралтаараа ажил хийх гэж очсон юмуу?

-Энд манай үеэл дүү байдаг түүн дээрээ ирсэн юм. Мэдээж хэдэн өдөр ажлаад буцах зардлаа олно гэж бодсон ч  юун ажил хийх вэ. Халдварт өвчин гарч хөл хорио тогтоосон. Одоо тэр дүүтэйгээ хамт байж чадахгүй очих газаргүй орох оронгүй хэцүү байна.

Дүүгийн ажлын газрын захирал нь гадны хүн байлгахгүй гээд намайг хөөсөн. Хэрвээ байлгавал хамт зайлаарай гэж дүүд хэлсэн юм билээ. Тиймээс дүүдээ төвөг болохгүй гэж хөлсни байр түрээслэсэн ч мөнгө төгрөггүй болсон.

БНСУ-д байгаа Монголын Элчин Консул бол УОК-иос ирсэн шийдвэрийн дагуу л ажлаа хийж байгаа байх. Гэхдээ бид нарыг авах тал дээр УОК минь шудрага ажиллаад өгөөчээ гэж л гуйя. Түр хугацааны визтэй хүнд байдалд орсон хүмүүс гэж ярьж байсан ч бид Элчинтэй нь холбогдож чадахгүй яахаа мэдэхгүй тэнгэр хол газар хатуу байдалтай өдөр хоногийг өнгөрүүлж байна.

 

 

Гуравдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд БНСУдах Монгол Улсын Элчин консулын газар чартер нислэгт хүмүүсийг бүртгэсэн энэ ѳдрүүдэд би өөрийн биеэр очсон боловч бүртгүүлж чадаагүй. Надтай адилхан олон хүн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.