| | USD/MNT 0₮

Николас Палмэр:Бид хоёр “Тоонот нютаг” дууг дуулж, хөөмий хийсэн

Өнгөрсөн долоо хоногт цахим хуудсанд АНУ-ын иргэн, монгол эхнэрийнхээ хамт Монгол дуунуудыг дуулсан бичлэгээ цацсан нь олон хүний сэтгэлд хүрч, олон мянган хүн шэйр хийж, тэдэнд амжилт азжаргал ерөөжээ. Тэднийг Николас Палмэр, Нацагбадам Палмэр гэдэг бөгөөд Ананд хэмээх бяцхан хөөрхөн ханхүүтэй. Тэднээс монгол ахуй, монгол өв соёл үнэртэнэ. Эхнэр Нацагбадамын хувьд дуулах авьяастай нэгэн аж. Тэрбээр хүүгээ өвөр дээрээ эрхлүүлэн “Торойн сүүдэрт ботго минь буйлна, тогоотой сүүнд саран хөвнө”, “Хараацай шувууны дэгдээхэй шиг харцан дундаа ээжийгээ дуудаад байна уу даа, ээ бүүвэй ээ бүүвэй” гэж дуулж байгаа нь яах аргагүй сайхан монгол эх. Цаанаа намбалаг хэрнээ царайнаас нь мишээл тодрох тэрбээр хайртай залуутайгаа ханилаад харь нутгийн бэр болсон ч азжаргалаар бялхаж, бяцхан хүүгээ өсгөж суугаа бүрэн цагийн сайн ээж юм.

Ингээд АНУ-ын иргэн Нацагбадам болон нөхөр Николас Палмэртэй онлайнаар ярилцсан сонирхолтой ярилцлагаа хүргэж байна.

-Сайн байцгаана уу, Asu.mn сайтаас та хоёртой холбогдож байна. Та хоёр өөрсдийгөө танилцуулаач?

-Сайн байна уу. Намайг Николас Палмэр гэдэг, манай эхнэр Нацагбадам Палмэр гэдэг. Бид хоёр АНУ-ын Аядахо Мужад амьдардаг. Манай эхнэр одоогоор гэртээ байж хүүхдээ харна. Харин би хуулийн чиглэлээр суралцаж байна.

-Та хоёрын хослон дуулж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдаж, олон мянган хүн шэйрлэж, лайк дарсан харагдана. Ямар гоё дуулдаг юм бэ?

-Аан баярлалаа. Манай эхнэр харин сайн дуулсан. Би өөрөө тийм сайн дуулдаггүй ч гэсэн, эхнэртэйгээ хамт Монгол дуу сурч дуулах дуртай.

-Бас монгол ахуй, монгол өв соёл үнэртсэн дуу дуулсан нь их таалагдсан юм. Жишээлбэл, “Тооройн сүүдэрт ботго нь буйлна” гээд эхнэр нь уянгалуулахад их сайхан санагдсан шүү. Бүр нэг сэтгэл хөдөлмөөр, дахин дахин сонсмоор?

-Бид хоёр яг тийм дуунуудыг сураад дуулах дуртай. Манай эхнэр Өмнөгөвь аймгийн Хүрмэн суманд малчин айлд төрж өссөн. Тийм учраас нутгынхаа дууг дуулахад их сайхан санагддаг. Говь нутагт ингэ буйлах нь бас л өвөрмөц гоё сонсогддог шүү.

-Нацагбадамын дуулж байгаа донж, хоолойны өнгө ёстой өвөрмөц, нэг тийм хайр татмаар сонсогдсон. Урлагийн мэдрэмжтэй юм шигээ, авьяас бий юу?

-Манай эхнэр “СИТИ” дээд сургуульд загварын зохион бүтээгч мэргэжилээр төгссөн. Манай хүн аягүй сайн урлагийн мэдрэмжтэй. Бид хоёр гэрлэснээс хойш илүү их дуулдаг болсон гэж өөрөө хэлсэн.

-Бас хуучны дуунуудыг их сайн мэддэг юм билээ, та хоёр. Яаж сурсан бэ?

-Бид хоёр Youtube-ээс олон дуу олж авдаг, тэгээд үг байхгүй байвал өөрсдөө сонсоод бичиж аваад сурдаг юм.

 

-Таны хувьд монгол хэлийг их амархан сурчээ. Энэ талаараа яривал?

-Миний хувьд Монгол хэл тийм амархан хэл биш. Монгол хэл сурахаас өмнө Япон хэлийг олон жил сурсан. Монгол Япон хэл хоёр хороондоо их төстэй, ялангуяа хэл зүй болон өгүүлбэрийн бүтцийн хувьд. Монгол хэлний хоёр юм нь хэцүү санагддаг. Нэгдүгээрт, Монголхэл бол асар их үгийн баялагтай (амьдралынхаа турш сурсан ч дийлэхгүй байх), тэгээд хоёрдугаарт хүмүүс их сонин өөр өөрөөр ярьдаг.

-Монголхэл, бичгийг сурч байгаа гэсэн үү?

-Тийм, би ер нь хэлийг тэр чигээрээ сонирхдог. Монголбичиг маш өвөрмөц, мөн дээр үеийн Монгол хэлний тухай ч бас мэдүүлж өгдөг (жишээлбэл: “уул”-ыг “агуули” гэж бичдэг). Тийм сайн сураагүй ч гэсэн сурсаар л байна.

-Хоёр өөр орчинд төрж өссөн хоёр хоорондоо зохицоод амьдрахдаа бэрхшээл асуудал тулгардаг уу. Хэрэв тулгардаг бол яаж даван туулж гардаг вэ?

-Миний бодлоор бид хоёрт тийм хүнд хэцүү асуудал бараг тулгардаггүй. Гэхдээ хаяа нэг бухимдах ч юмуу, зөрүүдлэх үе гардаг. Тийм үе гарвал сайн ярилцаад ойлголцчихдог. Бид хоёр ер нь их адилхан зан ааштай тэгээд бие биенийхээ соёлыг хүндэтгэдэг. Мэдэхгүй юм байвал бас бие биедээ зааж өгнө.

-Ер нь Монголчуудыг ямар хүмүүс гэж боддог вэ, Монголын юу нь илүү их таалагдсан бэ?

-Монгол хэлний нэг зүйр үг байдаг, хүн бүхэн адилгүй хүлэг бүхэн жороогүй тийм болохоор Монгол хүмүүс өөр өөр байдаг ч гэсэн. Монголын нэг тийм хөдөөний сэтгэл байдаг гэж боддог. Манай хадмын гэр бүл хөдөө малтай байдаг, мөн тэдний сайхан сэтгэл, ажилсаг байдал хоёроос олон юм сурсан. Байгалиа хайрладаг, мөн бусадтай хамаг юмаа хуваалцаж, ажил хийвэл заавал дуусгадаг, амархан уурладаг ч амархан гомддоггүй гэх мэт олон зан чанар бол жинхэнэ Монголын зан чанар гэж би боддог.

-Хэрхэн яаж танилцаж гэр бүл болж, хөөрхөн хүүгийн аав ээж болсон нандин дурсамжаасаа хуваалцаач?

-Бид хоёр анх Улаанбаатарт 2013 онд танилцсан. Тухайн үед би хотод англи хэл заадаг байсан, тэгээд эхнэрээ таньдаг болсон ч гэсэн болзоо энэ тэр хийгээгүй. 2015 онд би нутагтаа буцаад, эхнэртэйгээ онлайнаар юм бичээд онлайнаар болзоо хийдэг болсон. Бид хоёр 2016 онд Монголд уулзаад, тэгээд би аав өвөө хоёртой хадмын гэрт очоод бэр гуйсан. Тэрний дараа бид хоёр АНУ-д буцсан. Эхний 3 жил би Лас Вегасийн Их Сургуульд Филисофи мэргэжлээр сураад төгссөн. Төгссөний дараа бид Айдаход нүүж очоод, өнгөрсөн 11 сард хүүтэй болсон. Eр нь дэлхийн хамгийн сайхан зүйл бол гэр бүл гэж боддог. Хоёр өөр орчинд өссөн хүмүүс нэг гэр бүл болоод нэг зорилготой нэг хүн шиг болж эхэлдэг юм шиг санагддаг. Хоёулаа байж байгаад хүүтэй болсны дараа хүү маань бид хоёрын хамаг хайрыг татсан. Хүүхэд ийм хөөрхөн, хайрламаар байдаг юм билээ. Хүний зүрх хайраар дүүрсэн гэж бодсон ч, хүүхэдтэй болоход улам их хайр хүрдэг болохоор дүүрээгүй болж таардаг.

-Хүүтэй болсон тэр мөчөө дурсвал. Бас Ананд гэж нэр хайрласан учир шалтгааныг тайлбарлаач?

-Нацагбадам: Миний хувьд олон цаг өвдөж төрсөн. Тэгсэн ч гэсэн, яг хүүгээ төрүүлж энгэртээ тэврэхэд амьдралын маань хамгийн сайхан мэдрэмж байсан. Ананд гэдэг нэрийг сонгохдоо хүүгийнхээ хүйсийг мэдээгүй байсан. Ер нь эх хүний зөн совингоороо хүү байна гэж мэдсэн. Тэгээд нэг өдөр сууж байгаад хүүгийнхээ тухай бодсон чинь шууд Ананд гэдэг нэр ороод ирсэн. Тэгээд нөхөртөө хэлэхэд манай хүн бас гоё нэр байна гэж зөвшөөрсөн. Дараа нь нэрнийх нь учрыг хайсан чинь Энэтхэгээр аз жаргал, Монголоор хотол баясгалант гэсэн утгатай юм билээ.

-Никийн хувьд эхнэрийнх нь юу илүү таалагддаг вэ. Бас Нацагбадамд нөхрийнх нь ямар зан чанар таалагдаж, сэтгэлийг нь татсан бэ?

-Ник: Миний эхнэр маш сайхан сэтгэлтэй. Тэр маань үргэлж намайг дэмжиж тусалдаг. Одоогоор бол бүрэн цагийн ээж байгаа болохоор миний хувьд бүр гайхалтай санагдаж байна. Ядарсан ч гэсэн дандаа ажлаа хийж, хүүгээ хооллож, мөн гэрээ цэвэрхэн байлгадаг. Манай хүн хөдөөд төрж өссөн болохоор олон сайхан зантай бас аягүй чадалтай эмэгтэй хүн. Бусад охидуудтай харьцуулашгүй гэж боддог.

Нацагбадам: Анх нөхрөө таньдаг болсноос хойш, их хариуцлагтай хүн байна гэж мэдсэн. Би жоохон байхдаа ирээдүйд айлын эхнэр болоод олон хүүхэдтэй болчихоод, архи уудаг нөхөртэй, өөрөө царай алдсан хүн болох вий дээ гэж их айдаг байсан. Тийм болохоор айл гэрийн эр хүн гэр бүлийнхээ төлөө хариуцлагаа ухамсарлсан байх ёстой гэж боддог. Дараагийн нэг зүйл нь намайг ямар нэг байдлаар хэзээ ч шүүмжилж байгаагүй. Хэцүү үед маань үргэлж урамшуулж дэмжихийг хичээдэг мөн намайг болон гэр бүлийг маань маш их хүндэлж хайрладаг.

-Монголд анх хэзээ ирж байв. Ер нь дахин хэзээ ирэх вэ?

-Би Монголд 3 удаа очсон. Анх ЛОТУС гэдэг сургалтын төвд Англи хэл заахаар очсон. Энэ зун манай эхнэр хүү хоёр уг нь Монголд явах төлөвлөгөөтэй байгаа гэхдээ сайн мэдэхгүй байна.

-2016 онд таныг бэр гуйж хурим найраа хийсэн юм билээ. Хуримаа аль улсын ёс жаягаар хийсэн бэ?

-Монгол бэр гуйсны дараа хуримаа Монголын ёс жаягаар хийсэн. Тэгээд дараа нь Америкт ирээд эндхийн ёс жаягаар хийсэн.

-АНУ-д Нацагбадам хэр дасч байна. Төрж өссөн гэрээ, аав ээж, ах дүү, нутаг усаа санадаг уу?

-Мэдээж гэрээ маш их санадаг. Эхний хоёр жил бол Монгол хоолоо их санадаг байсан, одоо бол ер нь дассан.

-Айлын хэддэх хүүхдүүд вэ. Та хоёрыг нийлэхэд хоёр талын аав ээжүүд хэрхэн хүлээж авсан бэ?

-Ник: Би доороо нэг эмэгтэй дүүтэй. Эхнэртэйгээ суухаар болоход аав ээж хоёр маань мэдээж жоохон гайхсан ч гэсэн 100 хувь дэмжсэн. Ер нь манай аав ээж хоёр Нааги болон манай хүүд маш их хайртай.

Нацагбадам: Би айлын 4-дахь хүүхэд. Дээрээ хоёр ах, нэг эгчтэй доороо нэг хөөрхөн эрэгтэй дүүтэй. Анх аав ээждээ хэлэхэд эхэндээ жоохон дургүй байсан. Мэдээж гадаадад амьдарна гэхээр аав ээжид маань хэцүү санагдах нь ойлгомжтой. Гэхдээ, манай нөхрийг болон хадам аав өвөө нартай уулзаад их сайн хүмүүс байна гэж мэдсэн болохоор санаа зовохоо больсон.

-Залуу хосууд цаашид бүл нэмэх төлөвлөгөөтэй байх. Хэдэн хүүхэдтэй болно гэж боддог вэ?

-Одоохондоо хэлж мэдэхгүй байна.

-Гэр бүлийн үнэ цэнэ гэж юу бэ?

-Гэр бүлийн үнэ цэнэ гэдэг нь миний бодлоор хамаг амьдралын үнэ цэнийг багтаадаг. Зарим хүмүүст өөрсдийн гэр бүл байдаггүй ч гэсэн, магадгүй тийм хүмүүст маш сайн дотно найзтай байдаг. Тэр утгаар, бүх хүмүүст гэр бүл эсвэл гэр бүл шиг байдаг хүмүүс байвал амьдрал сайхан байж, цаашид юуны төлөө, хэний төлөө амдьдарч байна гэдгээ ойлгох боломжийг олгодог.

-Хайрын тухай илэрхийлээч?

-Хайр гэдэг нь ямар ч болзолгүйгээр хэн нэг хүнийг байгаагаар нь хүлээж авч, тэр хүнийг сэтгэлээсээ халамжилж дэмжихийг хэлдэг байх.

-Залуу хосуудын цаашдын зорилгыг сонирхож байна?

-Ник: Би хуулийн сургуулиа төгсөөд, АНУ-ын Тэнгисийн цэрэгийн хуульч болох зорилготой.  

Нацагбадам:Би эхлээд хүүгээ сайн халамжилж хүмүүжүүлэхийг боддог, хажуугаар нь онлайнаар сурахыг бодож байна. Хүүгээ цэцэрлэгт орсны дараа өөрийн загварын салонтой болох зорилготой.

-Цаашдаа юүтүбэд хийх бичлэгээ арвижуулах уу. Өөр ямар бичлэг хийнэ гэж боддог вэ?

-Тийм ээ, юүтүбэд ер нь аль болох хүмүүст гоё санагдах, мэдээлэл болохуйц ба дуу хөгжим, урлагийн талтай бичлэг хийж оруулах санаатай. Бид хоёрыг манай нэг таньдаг ах Буриадын дуу дуулаарай гэсэн болохоор, “Тоонто Нютаг” гээд ардын дуу дуулдаг тэгээд бас жоохон хөөмий хийж үзүүлнэ.

-АНУ-д коронавирусийн халдвар эрчимтэй тархаж, голомт болжээ. Та хоёрын хувьд халдвараас хэрхэн урьдчилан сэргийлж байна вэ?

-Ер нь гэрээсээ гарахгүй, гэр бүлээрээ хамтдаа цаг өнгөрүүлж байна. Долоо хоногт нэг удаа хүнсний дэлгүүрт яваад, маскаа зүүнэ. Гэртээ ирсний дараа хоолойгоо содатай усаар зайлж, гараа сайн угаана бас авсан хүнсээ спирттэй усаар арчиж ариутгаж байгаа.

-Манай уншигчдад хандаж залуу хүмүүсийн хувьд юу гэж хэлэх вэ?

-Бид хоёрт урам өгч сайхан үгс хэлж байгаа хүмүүст маш их баярлалаа. Бүх Монголчууд маань эрүүл энх, бие лагшин тунгалаг байх болтугай.

-Мөн ярилцлага өгсөн та хоёрт баярлалаа. Гэр бүлд нь азжаргал ерөөе?

Баярлалаа та болон танай гэр бүлд ч гэсэн аз жаргал хүсье.

Хосууд "Тоонот нютаг" дууг дуулж хөөмийлж байгаа нь 

 

Миний хувьд Монгол хэл тийм амархан хэл биш. Монгол хэл сурахаас өмнө Япон хэлийг олон жил сурсан. Монгол Япон хэл хоёр хороондоо их төстэй, ялангуяа хэл зүй болон өгүүлбэрийн бүтцийн хувьд. Монгол хэлний хоёр юм нь хэцүү санагддаг. Нэгдүгээрт, Монголхэл бол асар их үгийн баялагтай (амьдралынхаа турш сурсан ч дийлэхгүй байх), тэгээд хоёрдугаарт хүмүүс их сонин өөр өөрөөр ярьдаг.
Ярилцлага

Сэтгэгдэл (21)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.