| | USD/MNT 0₮

МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТАД ОРОХООС Ч ЯАХАВДЭЭ

Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсыг дэлхийд саарал жагсаалтад орсныг зарлав.  Эх орноо боддоггүй, эдийн засгийн “алуурчид”-аас болж улс орон хохирч, дэлхийд хар тамга даруулж, арилжааны банкуудын гүйлгээ доголдож, олон улсад хийх гүйлгээ нь зогсолт хийж, эдийн засаг элгээрээ мөлхөнө гэдгийг эдийн засагчид онцлов.

Тэгвэл улсаа саарал жагсаалтад оруулсан эдийн засгийн гэх тодотголтой эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн хэрэг хаана явж, хаана хав дарагдсан бэ?

Доорх албан тушаалтнууд АТГ-т шалгагдаж, цагдан хоригдсон байгаа юм. Цаашид энэ хэргүүд яах нь тодорхойгүй...

1.Санжийн Баяр - МУ-ын 25 дахь ерөнхий сайд

2.Ч.Сайханбилэг - МУ-ын 28 дахь ерөнхий сайд

3.С.Баярцогт - Сангийн сайд асан

4. Э.Жаргалсайхан - Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайгийн хүргэн

5. Д.Баясгалан - Голомт банкны ТУЗ-ийн дарга

6. Д.Дорлигжав - Хууль зүй дотоод хэргийн сайд асан

7.Т.Ганболд - “Алтан Дорнод Монгол”-ын захирал

8. О.Эрдэнэбулган - Уул уурхайн дэд сайд асан

9.С.Эрдэнэбулган - “Эрдэнэс Монгол”-ын тэргүүн дэд захирал

10. Ч.Ганзориг - “Эрдэнэт” үйлдвэрийн захирал, одоогийн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн аав

11. Д.Сугар - ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан

12. Б.Гарамгайбаатар - УИХ-ын гишүүн асан

13. Н.Батбаяр - Эдийн засаг хөгжлийн яамны сайд асан

14. Д.Энхжаргал - Нийслэлийн Худалдан авах үйл ажиллагааны газрын дарга

15. Ш.Одончимэгийг - Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын дарга асан

16.Г.Дэнзэн - Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн алдарт хүргэн

17.Ш.Батхүү - “Жаст” группын ерөнхийлөгч

18. Д.Ариунбаатар - Их хүрээ хийдийн хамба лам З.Санждоржийн хүргэн Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга

19. Т.Эрдэнэтуяа - Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга

20. Н.Золжаргал - Монголбанкны ерөнхийлөгч асан

21. Н.Мөнхбат - Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан

 

Үргэлжлэл бий.............

 

Дээрх албан тушаалтнуудын баривчлагдсан тухай тайлбар мэдээлэл

 

 

---С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт  нарын хэрэг шүүхэд шилжээгүй---

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг болон Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгасан билээ. Тэдэнд өнгөрсөн онд нэг сараар таслан сэргийлэх арга хэмжээ аваад эрүүл мэндийн шалтгааны улмаас сулласан байдаг.

АТГ-аас прокурорын байгууллагад шилжүүлсэн уг хэргийг одоогоор шүүхэд шилжүүлээгүй байна.

 

Т.Бадамжунайгийн хүргэн Э.Жаргалсайханыг саатуулаад сулласан

Өнгөрсөн сард Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайгийн хүргэн Э.Жаргалсайханыг таван сая ам.долларын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа.

Түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 48 цаг саатуулаад сулласан юм.

---“Голомт”-ын ТУЗ-ийн дарга Д.Баясгалан---

“Голомт” банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгаланг өнгөрсөн нэгдүгээр сард АТГ-аас цагдан хорьсон. Түүнийг хорих болсон шалтгаан нь Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг 4 сая ам.долларын авлигын мөнгийг “Голомт” банкаар дамжуулсан тодорхой болсон тул ийнхүү цагдан хориод сулласан байдаг. Түүний гэрт болон албан өрөөнд нэгжлэг явуулаад хэрэг нь чимээгүй болов.

---Дөрвөн сая ам.доллар авлигад авсан Д.Дорлигжав---

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав, “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд нар дөрвөн сая ам.доллар авсан гэх асуудал өнгөрсөн оны төгсгөлд дуулиан дэгдээсэн. Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжавыг хэрэгт холбоотой эсэхийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн. Үйл явц эхлэлээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд асуудал шийдэгдээгүй байна.

---Т.Ганболд авлига өгсөн үү---

Сайд асан Д.Дорлигжав, “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд нар дөрвөн сая ам.долларын асуудлаар бие биенээ хуулийн байгууллагад “дуудчихаад” сураггүй болсон. Тэгвэл нэг нь нэгэндээ авлига өгсөн гэх энэ хэрэг эзэнгүй болоод дуусчээ.

Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг хоёр ч удаа хорив

Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг хоёр удаа хорив. Түүнийг Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой асуудлаар, мөн дэд сайдаар ажиллаж байхдаа ураны лиценз наймаалсан байж болзошгүй гэсэн хэрэгт ч буруутган шалгасан байдаг.

---“Эрдэнэс Монгол”-ын тэргүүн дэд С.Эрдэнэбулганыг хорив---

Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг нэгтгэсэн байдлаар удирддаг “Эрдэнэс Монгол” компанийн тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулганыг өнгөрсөн есдүгээр сард АТГ-аас саатуулан хорьсон.Тэрбээр 2016 онд уг албан тушаалд томилогдон ажилласан нэгэн юм. Түүнийг "нэгдмэл ашиг сонирхолтой компаниудаа тендерт оруулж, их хэмжээний авлига авсан хэрэгт буруутгав.

---Ч.Ганзоригийн хэргийг тусгаарлан шалгаж буй---

“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Монголын төр эзэмшиж байхад “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарын гарын үсгээр баталгаажиж “Жаст” групп гадаадын “Стандарт” гэх банкнаас 109 сая.амдолларын зээл авсан байдаг. Үүнтэй холбоотой Ч.Ганзоригийн хэргийг тусгаарлан шалгасаар сураг алдрав. Тэрбээр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн аав юм.

---“Сугардаггүй” Д.Сугарын хэрэг юу болов---

ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугарт холбогдох хэргийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаад сураг чимээгүй болсон. Төрийн албанд ажиллаж байхад албан тушаалтай хүнийг шалгаж хорьж болохгүй байна гэж мэдээлж байсан бол төрийн албанд ажиллах хуулийн хугацаа нь дуусгавар болсон Д.Сугар хаана явна. Тэрбээр “Жаст”-ын хэрэгт мөн холбоотой бөгөөд Ш.Батхүү халуун цээжээрээ хамгаалж ирсэн.

---Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр хоёрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов---

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, сайд асан Н.Батбаярт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар шилжүүлсэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

---Тендерийн хэргээр Д.Энхжаргалыг шалгав---

Худалдан авах үйл ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалд АТГ-аас эрүү үүсгэн шалгаж саатуулсан байдаг.  Тэгвэл түүнийг “Нийслэл өргөө” компанийн тендертэй холбоотой хэргээр шалгаж буй.

---Ш.Одончимэг нар нь 10 удаагийн үйлдлээр 1,5 тэрбум төгрөгийг “угаасан”---

Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын дарга Ш.Одончимэгийг Санхүү, аж ахуйн албаны дарга ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал тэргүүтэй дөрвөн хүнийг АТГ-аас саатуулан шалгасан.

 Эдгээр  албан тушаалтнуудыг өөрсдийн хамаарал бүхий “Үүлэн сондор”, “Үүлэн арвижих”, “Женерал дата”, “Найртын гол”, “Богадачахэ”, “Эко жолоо”, “Эко овоо” гэх зэрэг компанийн дансаар 100 гаруй үйлдлээр дээрх 1.5 тэрбум төгрөгийг шилжүүлэн авсан гэдэг үндэслэлээр буруутгажээ.

---Алдарт хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг замхрав---

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн алдарт хүргэн Г.Дэнзэнд холбогдох эрүүгийн хэрэг АТГ, Улсын ерөнхий прокурор хоёрын дунд явсаар байгаад арайхийж шүүхэд хэргийг шилжүүлсэн ч хэрэг замхарсан. Тэгвэл анхан шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр хавтаст хэргийг буцаасан гээд бас чимээгүй болов.

---“Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно---

 “Жаст” группын ерөнхийлөгч Ш.Батхүүг “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, гадны банкнаас их хэмжээний ам.доллар авсан хэрэгт буруутгаж хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн билээ. Тэгвэл түүнд холбогдох эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болж байгаа талаар хуульчид хэлэв.

---Нэг орлогч хувьдаа долоон байр завшив---

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Д.Ариунбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт шалгаж эхэлжээ. Учир нь 2016 оны сонгуулийн дараа дээрх албан тушаалд томилогдсон Д.Ариунбаатар өнгөрсөн гурван жилийн хугацаанд Улаанбаатар хотын баланст бүртгэгдэх ёстой байсан долоон орон сууцыг өөрийн болгож авсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Д.Ариунбаатар нь Их хүрээ хийдийн хамба лам З.Санждоржийн хүргэн ажээ.

---60 сая төгрөгийн хахууль авсан Т.Эрдэнэтуяа---

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяа нь  бусдаас их хэмжээний авлига авч байгаа үйлдэл дээрээ баригдсан.

Тэрбээр нэгэн компанид явган хүний зам хааж барилга барих зөвшөөрлийн тухайд давуу эрх олгосны шан харамжид 60 сая орчим төгрөг авсан байна. Түүнийг АТГ-аас 72 цаг саатуулаад сулласан.

Эх сурвалж: http://medeelne.mn/iok

 ---Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын хэрэг замхрав---

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас эдийн засгийн авлигын хэрэгт сэжиглэн шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Түүнийг “Чингис бонд”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос “Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн зориулалт, зарцуулалт, хэрэгжилт, санхүүгийн хэлцлүүдийн үр дүнд шалгалт хийх” ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн ийнхүү шалгаж эхэлжээ.  

Эх сурвалж: https://news.mn/r/765561/

---Н.Мөнхбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон уу---

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг өнгөрсөн 2016 оноос эхлэн сэжигтнээр татан шалгасан. Түүнийг цагдан хорьж байсан.

Засгийн газрын Чингис, Самурай бондоос төвлөрүүлсэн эх үүсвэрийг Хөгжлийн банк хуваарилсан. Мөн тус банк өөрсдөө 580 сая ам.долларын бонд гаргаж, БНХАУ-ын Хөгжлийн банкнаас 162 сая ам.доллар, ОХУ-ын ВТБ банкнаас 300 сая ам.долларын зээлийг тус тус авсан хэрэгт буруутгагдсан.

Эх сурвалж: http://www.zaluu.mn/p/33846.html

 

 

Эдийн засаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.