| | USD/MNT 0₮

ЖДҮ-чин Б.Батзоригийн шүүх хурал хойшилж, хилийн хоригийг хэвээр үлдээв

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, хууль бусаар авсан хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүн Б.Батзориг өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзаж хүсэлтээ өгсөн. Энэ талаараа тэрбээр "Гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад гаргалаа. Миний бие өнөөдрөөс эхлээд улстөрөөс ангид байж хариуцлагаа хүлээнэ. Болж өнгөрсөн үйл явдалд тайлбар хэлэх цаг хугацаа өнөөдөр биш. Хэзээ нэгэн цагт цээжээ онгойтол ярих өдөр ирэх бизээ. Цаг хугацаа бүх юмны хэмжүүр болох байхаа. Өөрийгөө өмгөөлөх, тайлбар тавих сэтгэл алга. Өнөөдөр хэлэх ганцхан үг минь УУЧЛААРАЙ" хэмээн мэдэгдээд байв.

Түүнд холбогдох хэргийг шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэхээр товлосон. Түүнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.

Тэгвэл өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгч Б.Батзоригийн өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магадлагаа ирүүлсэн байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлууж, Б.Батзоригт өмнө шүүхээс авсан хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.

ЖДҮ-чин Б.Батзоригийн шүүх хурал хойшилж, хилийн хоригийг хэвээр үлдээв
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.