| | USD/MNT 0₮

86 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВСАН ДАРГА АСАН Ч.АЛТАНХУЯГИЙГ ШҮҮХ 30 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЖ "ӨРШӨӨВ"

Авлигачид буюу ард түмний татварын мөнгөөр тансаглаж хувьдаа завшдаг дарга нарт хууль хяналтын байгууллагууд арай л энэрэнгүй зөөлөн хандаж, толгойг нь илээд байна.

Улсаас өчнөөн сая, тэрбумаар нь цөлмөчихөөд өнөөдөр хуулийн хариуцлага ч хүлээдэггүй цагаан захтнуудыг яг яах ёстой юм бол.

Хийсэн хэрэг, үйлдсэн увайгүй үйлдэл нь мөрдөн байцаалтаар нотлогдож тогтоогдчихоод байхад прокурор хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүх хэргийг нь хялбаршуулсан аргаар шийдэж торгоод өнгөрөх тохиолдол байсаар байна.

Тухайлбал, ЭМДЕГ-ын дарга асан Ч.Алтанхуяаг болон “Чингис хаан” банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нарт холбогдох авлига, албан тушаалын хэргийг шүүх хялбаршуулсан аргаар шийдвэрлэж, торгуулийн бага хэмжээ оногдуулсанд олон нийт шүүмжлээд байна.

Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга Ч.Алтанхуягийг АТГ-аас өнгөрсөн есдүгээр сард шалгаж дууссан. Тэгвэл түүнд холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, “Чингис хаан” банканд даатгалын сангийн хөрөнгө байршуулах эрхийг нь хасчээ.

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Алтанхуягийг /гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн гэмт хэргийн замаар олсон орлого буюу 86.234.000 төгрөгийг хэрэгт хураагдсан мөнгөн төгрөгөөс улсын орлого болгох боломжтой/ гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт /Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд...үйлдсэн бол/ зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 30.000 нэгж буюу 30.000.000 төгрөгөөр торгох ялыг,

Шүүгдэгч С.Сандагдоржийг /гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн/ гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн/ зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7.000 нэгж буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялыг,

Шүүгдэгч “Чингис хаан банк” ХХК-ийг /гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн/ гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт /энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхолын төлөө үйлдсэн бол/ зааснаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг буюу Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5.3.11 дэх хэсэг нийгмийн даатгалын сан, мөн хуулийн 5.3.22 зүйлд зааснаар эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн хугацаатай хадгаламжийн хэлбэрээр өөрийн банкинд байршуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 125.000 нэгж буюу 125.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулахаар Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Прокурор ...хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ ...албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг...” яллагдагчид болон өмгөөлөгчид хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр өгсөн хүсэлт зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэн прокурорын саналын хүрээнд Ч.Алтанхуяг, С.Сандагдорж, “Чингис хаан” ХХК-ийг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нар өөрсдөө хэргээ хялбаршуулсан замаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан гэх. Ийм л дүр зураг харагдаж байгаа юм.

Тодруулбал, аль нэг арилжааны банкинд 15.2 хувийн хүүтэйгээр байршуулдаг мөнгийг “Чингис хаан” банк өөрсдөдөө ашигтай байлгахаар ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягт хахууль өгч, 5.5 хувь хүртэл хүүг багасгасан байгаа. Энэ нь АТГ-ын шалгалтаар илэрсэн.

Иргэдийн хуруу хумсаа хуйхлан байж ажиллаж олдог цалингаасаа өгдөг даатгалын мөнгийг яагаад заавал энэ арилжааны банкинд байрлуулж, эзэд болон хувь эзэмшигчид нь ашиг хонжоо олох ёстой гэж. Тэнд хэн боломж олгов. “Чингис хаан” гэгч жижиг банкийг хэн ч мэдэхгүй. Гэтэл ЭМД-ын 30 тэрбум төгрөгийг банкиндаа байршуулж, бага хүүтэйгээр их мөнгө хүүлж суудаг бүлэглэл байдаг юм байна. Дээр нь авлига хээл хахууль өгөх хэмжээний мөнгөтэй.

Тодруулбал, Ч.Алтанхуяг дарга зөвхөн нэг сард 26 орчим сая төгрөгийг хахуульд авдаг байсан. Бидний төлсөн даатгалын мөнгийг цөлмөгчид.

Бид сар бүр цалингаасаа эрүүл мэндийн даатгал төлдөг мөртлөө насандаа ганц удаа эмнэлэгт очиход өнөөх даатгал нь үйлчилдэггүй. Улсын эмнэлэгийн урт оочироос залхаж, хувийн голдуу эмнэлэгт л өндөр үнээр үзүүлдэг. Гэтэл бидний сар бүрийн цалин дээрээс албан хүчээр авдаг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг ийнхүү буруу аргаар ашиглаж, хэн нэгнийг санхүүжүүлж, авлигын хэрэгсэл болгосон байгаа юм.

Тухайлбал Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын/ЭМДЕГ/ дарга Ч.Алтанхуяг 2017 оны 08 сард “Чингис хаан” банкинд жилийн 15,2 хувийн хүүтэй хадгалагдаж байсан 30 тэрбум төгрөгийн жилийн хүүг 5,5 хувь болгон бууруулсныхаа хариуд өөртөө 1-1,3 хувийн хүү тооцуулж, 86,2 сая төгрөг хахууль болгон авчээ.

ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг

2019.06.03-д 15,6 сая төгрөг
2019.07.01-д 25,8 сая төгрөг
2019.07.18-д 13,6 сая төгрөг
2019.08.22-д 8,9 сая төгрөг
2019.09.09-д 22,1 сая гэх мэтээр нийт 86,2 сая төгрөгийг бэлнээр авсан нь тогтоогджээ.

Эндээс ЭМДЕГ-ын дарга сарын дотор л 26 сая төгрөгийн хахууль авсныг харж болно. Гэвч 86 сая төгрөгийн хахууль авсан хүнийг 30 сая төгрөгөөр торгоод төрийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасаад л болоо. Энэ нийгэмд шударга баймааргүй санагдах юм.

 

Шүүгдэгч Ч.Алтанхуягийг /гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн гэмт хэргийн замаар олсон орлого буюу 86.234.000 төгрөгийг хэрэгт хураагдсан мөнгөн төгрөгөөс улсын орлого болгох боломжтой/ гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт /Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд...үйлдсэн бол/ зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 30.000 нэгж буюу 30.000.000 төгрөгөөр торгох ялыг,
Нийгэм

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.