| | USD/MNT 0₮

Ломбардаас дээрэмдсэн 303 орчим сая төгрөгийн үнэт эдлэлээ шороонд булсан байжээ

Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг, Цахлайн тойрог дахь “Сайн” хэмээх барьцаалан зээлдүүлэх газар (ломбард)-т өнгөрсөн долоо хоногийн даваа гараг буюу  гуравдугаар сарын 30-ны 14.45 цагийн үед нүүрээ халхалсан хүмүүс дайран орж, мөнгө, үнэт эдлэл дээрэмдсэн хэрэг гарсан юм. Хутгаар зэвсэглэсэн, багтай хоёр залуу ломбардын ажилтныг сүрдүүлж бэлэн 11.5 сая гаруй төгрөг, 1087 хүний барьцаанд тавьсан, 303 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх алт, мөнгөн эдлэлийг нь дээрэмдэж хэргийн газраас зугтсан аж.

Дээрэмчид нүүрээ битүүлж, баг өмсөн өөрсдийгөө танигдуулахгүй байхыг оролдсон ч НЦУГ-ын Мөрдөн шалгах газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын III хэлтсийнхэн гэмт хэргийн мөрөөр шаргуу ажиллаж, 96 цагийн дотор гэмт этгээдүүдийг олж тогтоон, өнгөрсөн баасан гаргийн 04.00 цагийн үед гэр гэртээ унтаж байхад нь баривчилж дээрэмдсэн эд зүйл, бэлэн мөнгийг нь хураан авч өдгөө мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Гэмт этгээдүүд дээрэмдсэн үнэт эдлэлээ Дэнжийн мянгад хүний хөлөөс зайдуу газарт шороонд булсныг нь эд мөрийн баримтаар хураан аваад буй. Тэд зөвхөн “Сайн” ломбардыг дээрэмдээд зогсохгүй Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Бан бан” хэмээх барьцаалан зээлдүүлэх газарт зэвсэглэн халдсан нь тодорхой болсон гэнэ.

Эдгээр хэргийг эрхэлсэн ажилгүй 35 настай Э, 34 настай Д, 31 настай М нар эртнээс төлөвлөн үйлдсэн нь шалгалтын явцад тогтоогдсон бөгөөд тэдний хоёр нь өмнө хүний амь бүрэлгэсэн, бусдыг дээрэмдсэн, эд зүйл хулгайлсан хэрэгт ял шийтгүүлж байгаад Эрүүгийн хууль шинэчлэглэгдсэнээр ялаас чөлөөлөгдсөн аж.

“Сайн” ломбардын удирдлага аюулгүй байдлаа хангах “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх стандарт шаардлага”-ыг дагаж мөрдөөгүйгээс гэмт хэрэг гарсан байх магадлалтай бөгөөд Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас мэдэгдэл хүргүүлж, үүний мөрөөр ямар ажил зохион байгуулсныг шалгахаар төлөвлөжээ.  

Ломбардаас дээрэмдсэн 303 орчим сая төгрөгийн үнэт эдлэлээ Дэнжийн мянгад шороонд булсан байжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.