| | USD/MNT 0₮

Д.БОР:3.2 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР УСАН ОРГИЛУУР БАРЬЖ ТАНСАГЛАХ ЦАГ ОДОО БИШ ЭЭ

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы захирамжаар Хот тохижилтын газрын гүйцэтгэлээр Сүхбаатарын талбай урд талын 1,6 га газар талбай буюу Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд 3,2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барих ажлыг олон нийт болон ой, хөрс, байгаль судлаач эрдэмтэд эсэргүүцэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд учирлах бичиг хүргүүлсэн байгаа.

Ингээд тус эрдэмтэдийн төлөөлөл доктор профессор, ургамал судлаач Д.Бортой ярилцлаа.

-Сүхбаатарын талбайд 3.2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барихыг ард олон болон байгаль судлаач эрдэмтэд эсэргүүцсэн ч яаж чадахгүй ногоон байгууламжийг тойруулаад төмөр хашаа барьчихлаа?

-Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур барина гэсэн мэдээллийг харлаа. Ургамал судлаач мэргэжлийн хүний хувиар өөрийн гэсэн үзэл бодлоо хэлье.

Нийслэлээс хот тохижуулах талаар төлөвлөгөө гаргаж сонгон шалгаруулалт хийсэн байх. Үүнийг хэн ч эсэргүүцэхгүй. Харамсалтай нь нэг зүйлийг байгуулахын төлөө нөгөө зүйлийг устгаж үгүй хийдэг хэвшил тогтжээ. Үүнийг эсэргүүцнэ. Ялангуяа мод буттай зүйл дээр зүйл  дээр дэндүү хандаж байна. Нэг хоёр настай зүйл биш шүү дээ. Мод тарьж ургуулж, услахын тулд өчнөөн цаг хугацаа ордог.

Сүхбаатарын өмнөх талбайн ногоон байгууламж 80 жилийн настай, 19 зүйлийн 9000 гаруй мод, сөөг бут байна. Өртөг үнэ нь 15 тэрбумын үнэтэй, доод тал нь дөрвөн жилийн өмнө дээд тал нь 80 жилийн өмнө суулгасан модод юм.

Гэтэл 3.2 тэрбум төгрөгөөр тансаглаж усан оргилуур барьж, боловсон жорлонтой болох юм гэнэ. Хамгийн гол нь цаг үе нь одоо бишээ. Нөгөөтэйгүүр 80 жилийн настай 9000 бут сөөг мод устгахыг эсэргүүцнэ.

-Талбайн урд талын төв сааданд усан оргилуур барих нь зөв байршил мөн үү?

-Усан оргилуурыг заавал цэцэрлэгтэй газар суулгаж болохгүй. Өөр газрууд зөндөө байна. Мод устгавал нийслэлчүүдийн амьсгалах агаарыг нь устгаж байна гэсэн гэсэн үг.  Хоёрдугаарт өнөөгийн цаг үе буюу энэ тахал өвчинтэй үед дэлхий нийтийн хүмүүс яаж амьд үлдэх талаараа ярьж байхад дарга нар яаж тансаглах тухайгаа ярьж, ажил болгон хэрэгжүүлж байгаа нь утгагүй юм.

Одоо цагт энэ тахал аюулт өвчнөөс яаж амьд үлдэх талаар ярьж бодож болно доо. Энэ мөнгөөрөө эмнэлгийн байгууллагад зайлшгүй шаардлагатай байгаа зүйлд зарцуулах хэрэгтэй байна.

-Энэ цэцэрлэгт хүрээлэнд байгаа мод бут сөөгийг өөр газар шилжүүлж, оронд нь шинэ мод суулгана гээд байгаа. Ер нь шилжүүлж суулгасан модны ургах хугацаа хэр шаардагдах вэ?

-Шилжүүлж өөр газар ургуулна гэхэд дор хаяж 3-4 жилийн хугацаа орно. Хоёрдугаарт амьдарч чадахгүй. Хуучин байснаас илүү сайн орчинд байж мод ургана. Ер нь хотын урд талын цэцэрлэгийг өнгө үзэмжийг нь засаж сайжруулж дээрдүүлсэнгүй гээд нэг их хохирол амсаад байх зүйл байхгүй. Өнөөдөр тулгамдсан асуудал нь яаж амьд үлдэх үү гэж ярилцаж байхад тэвчиж болох зүйл мөн шүү дээ. Гэтэл дарга эрх баригчид усан оргилуур нэртэй мөнгө угааж идэж, тансаглах гэсэн явцгүй зүйлд зарцуулах гэж байгаад харамсаж байна.

Дэлхийн улс оронд халдварт өвчнөөс сэргийлж эмнэлэг барьж байхад манайх усан оргилуур барьж тансаглах юм байх.

-Нийслэлээс явуулж байгаа зураг төслийг харахаар эргэн тойронд нь ургамал мод суулгах юм билээ?

-Зураг төслөө гаргаж хотоо хөгжүүлэх гэж байгаа хот тохижилтын газрынхны ажлыг бол хүндэлнэ. Гагцхүү өнөөдөр цаг нь биш байна гэдгийг ойлгох ёстой. 3.2 тэрбум төгрөг зарцуулаад 15 тэрбум төгрөгийн цэцэрлэгт хүрээлэн устгаж байгаад л сэтгэл эмзэглэж байна. Энэ цэцэрлэгт хүрээлэн байж л байх ёстой.

-Яг хойно нь автомашины зогсоол бий. Мэдээж их хэмжээний хүхэр ялгардаг байх. Одоо тэгээд урд талынх нь ногоон байгууламжийг устгачихаар экологийн тэнцвэрт байдал алдагдана гэж ярьсан?

-Талбай дээрээ автомашины зогсоол барьдаг улс манайхаас өөр хаана ч байхгүй дээ. Дэлхийн олон орны жишгийг харахад төв талбай дээрээ машины зогсоолгүй байдаг юм билээ. Талбай дээр цэвэр агаараар амьсгалж, түүх соёлын хөшөө дурсгалаа харах гэж хүмүүс ирж байгаа болохоос автомашин харах гэж ирдэггүй юм. Харин энэ автомашины зогсоолоо зайлуулах ёстой. Энэ бол байж болохгүй зүйл.

 

 

 

 

 

 

Сүхбаатарын өмнөх талбайн ногоон байгууламж 80 жилийн настай, 19 зүйлийн 9000 гаруй мод, сөөг бут байна. Өртөг үнэ нь 15 тэрбумын үнэтэй, доод тал нь дөрвөн жилийн өмнө дээд тал нь 80 жилийн өмнө суулгасан модод юм.
Ярилцлага

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.