| | USD/MNT 0₮

Ц.АДЪЯАСҮРЭН:БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙНЭ ГЭЖ НЭГИЙГ НЬ УСТГАЖ БАЙГАА НЬ БУРУУ ЮМ, ИЙМ УЛС ОРОН ХӨГЖИХГҮЙ

 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы захирамжаар Хот тохижилтын газрын гүйцэтгэлээр Сүхбаатарын талбай урд талын 1,6 га газар талбай буюу Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд 3.2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барих ажлыг олон нийт болон ой, хөрс, байгаль судлаач эрдэмтэд эсэргүүцэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд учирлах бичиг хүргүүлсэн байгаа.

Ингээд тус эрдэмтэдийн төлөөлөл Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан, цаг уурч, доктор профессор Ц.Адъяасүрэнтэй ярилцлаа.

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар 3.2 тэрбум төгрөгөөр 80 жилийн түүхтэй 15 тэрбум төгрөгийн үнэтэй ногоон байгууламжийг устгахыг эрдэмтэд эсэргүүцэж байгаа юм билээ?

-Хоёр асуудал байна. Усан оргилуур хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ  нэгдүгээрт  3.2 тэрбум төгрөг асар их мөнгө. Дэлхий нийтээрээ эдийн засаг хямралд орчихсон энэ хэцүү цаг үед усан оргилуур хэрэгтэй юмуу даа. Хүн ардаа бодох хэрэгтэй.

Маш олон хүн хүнд нөхцөл байдал амьдарч амь зуулга хийж байгааг та бүхэн харж байгаа байх. Цаашдаа ч улам хүнд байдалд орно. Нэгдүгээр сарын 23 наас хойш хөл хорио тогтоогоод хувийн хэвшил буюу хувиараа бизнес эрхлэгч нар хоёр сар бизнесээ алдаж аллаа.

Ийм нөхцөл байдалд хүмүүс мөнгөөр дутагдана. Дэлхий нийтийн улс орнууд ард иргэдийнхээ амьдралыг дордуулахгүй тулд мөнгө өгч байна. Тэгтэл манайх бүтээн байгуулалт хийнэ гээд зүтгээд байх юм. Мэдээж манай улсад бүтээн байгуулалт хэрэгтэй. Гэвч одоо цаг үед хэрэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Үхэх үү, сэхэх үү гэдэгт тулчихсан энэ үед усан оргилуур барина гэдэг нь сонин санагдаад байна.

-Усан оргилуурыг 80 жилийн түүхтэй ногоон байгууламж байгаа газар дээр барина гэдэг нь ямар учиртай юм бол. Түүний оронд хойд талын машины зогсоолыг нь чөлөөлж байгаад барьчихаж болно биз дээ?

-Хоёрдугаарт энэ усан оргилуурыг төв талбайн урд байршуулж байгаа нь байрлалаа олоогүй. Яагаад гэвэл хэдэн жилийн өмнөөс тэр талбайг сайжруулж, өнгө үзэмжийг нь дээрдүүлж, уулнаас нарс авчирч тарьж ургуулсан юм. Нарс, гацуур бол үнэт чанартай мод. Байгалиас ууланд ургаж байсан нарсыг шилжүүлэн авчирсан.

Нэг л удаа суурилуулж болно хоёр дахь удаагаа суулгаж шилжүүллээ гэхэд ургахгүй. Модыг нь зайлуулж өөр газар суулгаж, усан оргилуур барьсан нэртэй худлаа зүйл ярина. Сонгууль өнгөрөөд л энэ асуудал чимээгүй болно. Араас нь хэн ч сураглаж явахгүй дээ.

Үнэхээр усан оргилуур барьмаар байгаа бол автомашины зогсоол хийсэн тэр талбай дээр барих боломжтой. Сүхбаатарын талбай дээр хүүхэд, хөгшид залуус ирээд урагшаагаа төв саад руугаа ордог. Гэтэл замд нь хүхэр үнэртүүлсэн автомашинууд угтдаг.

Өнөөдөр манайхны хэрэглэж байгаа шатахуун бол хамгийн хоцрогдсон Евро хоёр гэсэн муу шатахууныг хэрэглэж байна. Бид нар асар их хүхрээр амьсгалж байна гэсэн үг.

Түүний урд усан оргилуур барина гэдэг дизайн шийдлийн хувьд авцалдахгүй байгаа юм. Автомашины зогсоолоо авч хаяад усан оргилуур хийж, өвлийн цагт мөсөн гулгуур хийж ашиглаж болно. Гэхдээ дахиад хэлье, өнөөдөр бол хийх цаг хугацаа биш. Эдийн засгийн хямрал 18 сар үргэлжилнэ. Цаашдаа 2-3 жил ч үргэлжилж магадгүй.

Манай төрийн бодлого боловсруулагчид болон эдийн засагчид нь соц үед бэлтгэгдсэн болохоор зах зээлийн бодлогыг явуулж чадахгүй. Залуу үе маань хөгжлийн болон эдийн засгийн нөхцлийг сайн мэднэ, ярина. Тэр хүмүүсийн үгийг сонсох хэрэгтэй дээ.

-Та нар Ерөнхий сайдад хандаж албан бичиг явуулсан юм билээ. Хариу нь ирсэн үү?

-Бид нар санал нэгдээд Ерөнхий сайдад албан бичиг явуулсан. Одоогоор хариу ирээгүй байна.

Уржигдраас эхэлж төв талбайг төмөр хашаагаар хашсан байсан. Нэг юмыг хийхдээ нөгөө зүйлийг нь устгаж бүтээн байгуулалт хийдэг нь хамгийн буруу. Ийм улс орон хөгжихгүй. Ингэж л бид бүтээн байгууллалтаа эвдэж сүйтгэдэг. Дэлхийн бусад орнуудыг харахад хуучнаа тордож хамгаалж авч явдаг юм билээ. Жишээлбэл Эрхүүд 1800-аад онд барьсан модон байшингуудаа тэр чигээр нь хадгалж, хамгаалж байх жишээний.

Гэтэл манайх Байгалийн түүхийн музейгээ нураачихаад Чингис хаан музей барина гээд шавыг нь тавьсан харагдана. Чингис хааны музей барихыг дэмжих ч бас л байршлаа олоогүй газар сүндэрлэх нь. Чингис хаан бол Монгол Улсын нэр, нэрийн хуудас болсон хүн. Харин Богд уулынхаа аманд юмуу, Их тэнгэрийн аманд музейг нь барих ёстой байсан юм. Тэндээ сайхан ус, ургамалтай, ногоон байгууламжтай, цэцэрлэгт хүрээлэнтэй газарт байгуулсан бол үзэж харах зүйл ихтэй байх байлаа.  Гэтэл 12 давхар өндөр байшинд бид нар үр хүүхдээ дагуулж ороод яах вэ дээ. Энэ бол бас л улс төрийн шоу болчихлоо гэж харж байгаа.

Хийх гэж байгаа санаанууд нь сайхан ч цаг үеэ олсонгүй, хүн ардынхаа төлөө биш яваад байгаад нь эмзэглэж гайхах юм.

Чин үнэнийг хэлэхэд ирэх жилийн өдийд бид бүхэн их хүнд байдалд орчихсон байх вий. Хүмүүс ажилгүй болж байна. Энэ байдлаараа байх бол 1990-ээд оны эхэн үед ч хүрч мэднэ шүү.

Усан оргилуурт зарцуулах 3.2 тэрбум төгрөгийг ажилгүй болсон иргэдийнхээ ажлын байрыг хадгалах, хүн рүүгээ чиглэсэн зүйлд зарцуулсан бол хэчнээн сайхан байхсан билээ. Усан оргилуур барьж болно, гэхдээ цаг үе нь одоо биш юм. Хэрвээ байгууллаа гэхэд байршил нь буруу байна гэдгийг дахин давтан хэлье. Улс орныг удирдаж байгаа удирдлагууд ухаантай байгаасай даа.

 

 

 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы захирамжаар Хот тохижилтын газрын гүйцэтгэлээр Сүхбаатарын талбай урд талын 1,6 га газар талбай буюу Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд 3.2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барих ажлыг олон нийт болон ой, хөрс, байгаль судлаач эрдэмтэд эсэргүүцэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд учирлах бичиг хүргүүлсэн байгаа.
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.