| | USD/MNT 0₮

Монголд 2015 оноос хойш мөнгө угаасан хэрэгт ОХУ-ын иргэнийг шалгаж эхэллээ

Гадаадын иргэд манай улсын нутаг дэвсгэрт орж ирээд мөнгө угаах гэмт хэрэг өдүүлэх тохиолдол цөөнгүй гарах болов. Үүний нэг тод жишээ нь БНХАУ-аас 800 гаруй иргэн жуулчлалын болон бизнес ангиллын виз авч орж ирээд цахим орчинд хууль бус үйл ажиллагаа явуулж эхлэх үед нь тагнуул, цагдаагийнхан хамтран таслан зогсоосон нь тухайн үедээ олны анхаарал татсан. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн цаана дээрх шиг хууль бус үйлдлүүд бугшиж байж болзошгүй нэгэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. ОХУ-ын иргэн А.В.Самохин гэх хүн гадаадаас их хэмжээний ам.доллар Монгол Улсад оруулж ирэн мөнгө угаасан байж болзошгүй хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буй аж. Кипр улсын хөрөнгө оруулалттай “Валестия” гэх компанийг 2011 онд тэрбээр байгуулсан юм байна.

Гадаад худалдаа эрхлэх, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг дээрх компани манай улсын арилжааны банкуудад төгрөг, ам.доллар, рубль, еврогийн данс нээж, 2015-2019 онд л гэхэд 54 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют хүлээн авсан гэнэ. Улмаар түүнийгээ оффшор бүсэд бүртгэлтэй Кипр, Беларусь зэрэг 10 улс руу шилжүүлж, 13 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн байж болзошгүйг хууль хяналтын байгууллагынхан тогтоожээ. “Валестия” компанийн захирал ОХУ-ын иргэн А.В.Самохин нь манай улсад анх цөөн хоногоор ирж байсан бөгөөд тухайн үедээ 16.2 сая ам.доллар бэлнээр болон гадаад гүйлгээгээр 10 орон руу шилжүүлж байснаас гадна арилжааны банкууд дахь өөрийн дансандаа хийчихээд буцдаг байсан нь тогтоогдож буй талаар эх сурвалжууд мэдээлж байна. Өдгөө түүнд Улаанбаатар хотоос болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох шүүгчийн захирамж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн сарын 17-нд гаргасан бөгөөд нарийвчилсан шалгалтаа хууль сахиулагчид үргэлжлүүлж буй гэнэ.

Монголд 2015 оноос хойш мөнгө угаасан хэрэгт ОХУ-ын иргэнийг шалгаж эхэллээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.