| | USD/MNT 0₮

Н.ДАШДУЛАМ:АМТАТ БЯЛУУ ХИЙХ НЬ АМЬДРАЛААС АВАХ БАС НЭГ ГОЁ МЭДРЭМЖ

Хүн дуртай ажлаа хийнэ гэдэг хамгийн сайхан мэдрэмж юм. Залуу хүн залхуу байж болохгүй ээ гэж үг бий. Гэртээ хүүхдээ харж суугаа бол гэрийн авгай, ажилгүй гэсэн ойлголт манайхан дунд их нийтлэг байдаг.


Гэвч хүүхдээ харж, өсгөж хүмүүжүүлэхийн хажуугаар өөрийгөө хөгжүүлж, үйл хэрэг, өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа өчнөөн ээжүүд бий. Тэдний нэг бол гэрээ бяцхан бейкери болгосон бялуу урлаач Н.Дашдулам юм.


Тэрбээр гэртээ охиноо харангаа өнгө үзэмжтэй гоёмсог, амт чанарын хувьд ч “тасархай” бялуу хийж худалдаалдаг нэгэн. Бас хэн нэгэнд ямар нэгэн баярт үйл явдал болон төрсөн өдрөөр нь бялуу хийж бэлэглэдэг уламжлалтай.

Өөрөөр хэлбэл хүүхдээ харахын хажуугаар зүгээр суудаггүй, өрхийн үйлдвэрлэлээ дэмждэг ээж юм. Бас олон нийтийн сүлжээгээр бяцхан уралдаан зарлаж, азтан шалгаруулж, амтат бялуугаараа бэлэг барьдаг өгөөмөр, өглөгийн эзэн юм.

Ингээд өөрийн гэсэн олон захиалагч, үйлчлүүлэгчтэй болсон бялуу урлаач ээж Н.Дашдуламтай ярилцлаа.

Та эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Нацагдоржийн Дашдулам гэдэг. Би нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Одоо 30 настай.

-Гэрээрээ бялуу хийж худалдаалдаг юм билээ. Хэзээнээс эхэлж хийж сурсан бэ?


-Анх жирэмсэн байхдаа хэвийн боовоор торт хийж гэртээ үзсэн. Тэгээд дараа нь охиноо 4-5 сартай байхаас эхэлж торт хийж үзсэн дээ. Мэдээж анхных бүтэлгүйтсэн. Тэгээд дараа нь гэрийнхэндээ хийж өгсөөр байгаад сурсан. Өнгөрсөн жилээс эхлэж захиалга авч, гадуур зарж худалдаалж байна. 

-Хийдэг бялууныхаа нэр төрлийн талаараа танилцуулбал?

-Одоогоор аарцтай, чацарганатай, нэрстэй, иристэй, медовик, шоколадтай, жимстэй, сүүн кремтэй гээд олон төрлийн бялуу хийж зардаг.



-Ер нь таны хобби юу. Хүүхдээ харахын хажуугаар бялуу хийж, захиалга авч зарж худалдаалдаг гэхээр их хөдөлмөрч ээж юм шиг санагдсан?

-Маш их баярлалаа. Эхлээд хобби байсан. Одоо бол үндсэн ажил болсон. Торт хийх их дуртай. Хийхээр сэтгэл санаа сайхан болоод тайвширдаг гэхүү дээ. Амьдралаас авах бас нэг мэдрэмж гэж хэлнэ. Тортноос гадна өөр нарийн боов, хоол амттан гээд янз бүрийн зүйл хийж турших дуртай. Ийм үйлдэлд манай гэр бүлийнхэн их дуртай ханддаг.

-Анхныхаа бялуу хийж байсан үеэ дурсвал?

-Хамгийн анх Цагаан сар дуусаад баахан хэвийн боов үлдээд түүгээрээ хийж байсан. Олныг хийж гэрийнхэндээ идүүлж байсан. Дараа нь гурилаар хийж үзээд эхлээд жаахан түүхий болсон тохиолдол бий. Тэгэхдээ “За миний хийх зүйл ч биш юм байна даа. Гэхдээ би яг юун дээр алдчихав” гэж бодсон. Тэгээд л шантрахгүй дахин дахин хийсээр байгаад гартаа оруулж авсан.

-Нөхөртөө цэргийн баяраар мах төмс, ногоогоор их гоё бялуу хийж өгсөн нь яах аргагүй өвөрмөц харагдсан шүү?

-Аан тийм. Баяраар захиалга жаахан ихтэй байгаад ханийгаа баярлуулж чадаагүй. Тэгээд нэг орой зорьж байгаад мах төмс, ногоогоор өвөрмөц бялуу хийж өгсөн нь тэр. Би ер нь пэйж хуудсанд тавьсан зүйлүүдийг их хийж туршиж үздэг. Тэгээд хийсэн зүйлээ хүмүүст бас хэлж өгдөг. “Ийм зүйлийг ингэж хийвэл илүү болдог” гээд бусадтай санаагаа оноогоо хуваалцдаг.



-Цаашид үүгээрээ өрхийн үйлдвэрлэлээ дэмжээд явах бодолтой байдаг уу?

-Тиймээ. Өөрийн гэсэн бакеритэй болохыг мөрөөдөж, түүнийхээ төлөө явж байна даа. Хүсэж, мөрөөдөж явахад болох байх.

-Өөрөө ямар мэргэжилтэй бэ?

-Би өөрөө гоо сайханч мэргэжилтэй. Биеийн байдлаасаа болоод энэ ажлаа хийх боломжгүй болсон.

-Хамгийн их цаг зав, хүч хөдөлмөр шаардаж хийсэн бялуу нь ямар бялуу бэ. Хэдэн цаг үргэлжилж байв?

-Анх бол тортоо хийхдээ нэг торт дээр өдөржин юм болдог байлаа. Одоо бол арай хурдан болсон. Яагаад гэвэл гарт орсон учраас. Гурван давхар торт болон өөр нарийн нандин ажиллагаатай тортнууд цаг хугацааны хувьд жаахан удна. Ер нь бол янз янзын торт хийж байгаа. Сүүлийн үед бялууны дундаас мөнгө гарч ирдэг бялууг хийж сурсан шүү.

-Мөн хамгийн амархан хийдэг амттанаасаа танилцуулбал?

-Хамгийн амархан нь нарийн боовнууд, рулет, зайрмаг байна даа.

-Бялуунаас өөр зүйл хийе гэж боддог уу. Торт хийхэд хэчнээн төгрөгийн тооцоо, зарлага гардаг вэ?

-Янз бүр байдаг. Орж байгаа чимэглэл, орц найрлагаасаа хамаараад зарлагаа нөхөж чаддаг. Тортноос өөр зүйл хийе гэж боддог. Ер нь хоол хийх дуртай. Янз бүрийн хоол, дессэрт, амттан гээд гадуур зарагддаг гоё амттай юмнуудыг гэртээ хийж идэхийг мөн зарахыг боддог.


-Бялууныхаа материалыг хаанаас яаж авдаг бэ. Материалын орц, найрлага чанарт нь гээд анхаарна биз?

-Би тортныхоо материалыг “Алтжин” бөмбөгөрийн Туул китчен, мөн “Баялаг Ундраа”-д байдаг тортны тасгаас авдаг. Мэдээж чанар, амт, аюулгүй байдал дээр маш их анхаардаг. Хүн захиалга өгөхөөр материалуудаа шинээр авч хийж өгдөг. Гэртээ байлгаад удаадаггүй юм. Би өөрөө гаднаас торт авч идээд хордож байсан. Тэрнээс хойш өөрөө шинээр нь хийж идэж байя гэж бодоод хийж сурсан юм. Тийм болохоор чанар, амт, аюулгүй байдал дээрээ маш сайн нягталдаг.

-Бяцхан бизнесийг нь гэр бүлийнхэн нь хэр дэмждэг вэ?

-Нөхөр, гэр бүлийнхэн, найз нөхөд маань их дэмжинэ. Миний бяцхан үр ч гэсэн ээжийгээ дэмжиж, ээжээрээ нээх их авахуулдаггүй, зууралддаггүй болохоор бялуугаа хийхээд охинлдоо санаа зовохгүй, яарч сандрахгүй амар тайван байдаг. Миний охин найман сартай тэгэхэд одоо том шиг өөрийгөө хараад биеэ даачихсан. Манай нөхөр, ээж “Чамайг 2-3 удаа хийгээд залхаад шантраад болих байх гэж бодсон. Тэгсэн чинь одоо ийм болно гэж бодоогүй” гэж их ярьдаг.
Миний хань энэ ажлыг их сайн ойлгодог. Маш олон хүнтэй харьцаж бялуугаа зардаг болохоор сайны хажуугаар саар зүйл их гардаг. Тэрэнд хааяа жаахан сэтгэл санаагаар унахад маш их дэмжиж тайвшруулдаг.

-Хүний захиалсан бялууг хийж дуусгачихаад эзэнд нь хүлээлгэж өгөхийг хүлээж байх зуур юу бодогддог вэ?

-Хүнд гараа гаргаж, сэтгэлээ зориулж хийсэн бялуугаа өгчихөөд маш олон зүйл боддог. “Амттай байгаа болов уу, өнгө үзэмж, үнэр нь ямар байгаа бол, таалагдсан болов уу” гэж бодно. Хүн хүний амтлах мэдрэмж өөр болохоор бас тэгээд баярлана. Дараа дахин үйлчлүүлнэ, бялуу захиална, гоё амттай торт байна гэж хэлэхэд их урам авдаг.

-Хийсэн бялуугаа хэдэн төгрөгөөр зардаг вэ?

-30-170 мянган төгрөгийн хооронд хийж зардаг. Сүүлийн үед материалын үнэ бас нэмэгдээд байна. Ер нь үйлчлүүлэгчдээ их бодож ажилладаг. Үнийн хувьд уян хатан чанар мөн хүргэлт үнэгүй. Ойр газар бол хүргэж өгдөг. Бас торт авсан хүндээ дараа дахин үйлчлүүлэх бүртээ 5000 төгрөг хасуулах эрх олгодог байгаа. Ихэнх торт маань голдоо жимсний компат юмуу чанамал мөн үрлэн шоколад ордог болохоор нэмэгдэл авдаггүй үнэ дотроо багтаад гардаг.


-Залуу хүний ирээдүйн гол зорилго юу бэ?

-Ямар ч байсан өөрийн гэсэн бакеритэй болж мөн үр хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлж сайн сайхан амьдрахыг боддог. Өөрийн нэрийн үйлдвэртэй болоод олон хүнд амттай сайхан тортоороо бэлэг барьж байх болно. Надад сурч мэдэх зүйл маш их байгаа учраас бие даан бичлэг харж сурсан болохоор мэргэжлийн талаасаа сурч мэдье гэсэн бодол бий. Охиноо цэцэрлэгт өгчихөөд сургалтанд сууя гэсэн бодолтой байгаа.

-Олон төрлийн бүр нэрийн бялуутай болж, бяцхан захиалагч нарыг болон айл өрхийг, албан байгууллагыг амтат бялуугаараа баярлуулж яваарайАмжилт хүсье ээ?

-Баярлалаа. Торт хийж сурснаасаа хойш хүн баярлуулах аян ч гэмээр юмуу, ямар нэгэн уралдаан зохион байгуулж фэйс групп, пэйж хуудсуудаар зарлаж, азтан тодруулж, тортоороо бэлэг барьдаг болсон. Одоо нийт 7 хүнийг баярлуулжээ. Бас надтай адилхан хүүхдээ харангаа гэртээ байдаг амьдралын бололцоо тааруу хүүхдүүдээ амттан авч өгч чаддаггүй олон ээжүүд байдаг. Тэр хүмүүсээс бас зарим нэгэн ээжүүдийг баярлуулсан байгаа. Хүн баярлуулах шиг сайхан зүйл хаана ч байхгүй. Хүний амьдралд юу ч тохиолдож болдог. Тийм болохоор бас ээжүүддээ хөнгөлттэй үнээр ч юмуу хийж өгдөг байгаа. Ажлын хамт олонд нь амжилт хүсье ээ.

 
Хэрвээ та ямар нэгэн арга хэмжээнд зориулж өөрийн хүссэн загвар хийцээр бялуу хийлгэх, мөн бяцхан хүүхдийнхээ төрсөн өдөр болон сэвлэг үргээх найрны бялуу хийлгэхээр зэхэж байгаа бол та Enedre Esv гэсэн фэйсбүүк хаягаар болон 89940721 гэсэн утсаар холбогдож захиалга өгөх боломжтой ажээ.

 

Хамгийн анх Цагаан сар дуусаад баахан хэвийн боов үлдээд түүгээрээ хийж байсан. Олныг хийж гэрийнхэндээ идүүлж байсан. Дараа нь гурилаар хийж үзээд эхлээд жаахан түүхий болсон тохиолдол бий. Тэгэхдээ “За миний хийх зүйл ч биш юм байна даа. Гэхдээ би яг юун дээр алдчихав” гэж бодсон. Тэгээд л шантрахгүй дахин дахин хийсээр байгаад гартаа оруулж авсан.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.